Үйл явдал
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав
УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүн дэх, улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг эрхэлдэг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав. Тус хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогт танилцуулахдаа, Эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлогыг ирэх онд Ирэх онд Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэлээ. Түүнчлэн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн төсвийн орлогын бодлогын арга хэмжээг 2020 онд хэрэгжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх бөгөөд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь Засгийн газар хэрэгжүүлэх бодлогын чухал хэсэг хэмээн төслийн танилцуулгад дурдав. Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг -2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.1 хувьтай тэнцэхээр тооцжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого дотор орон нутгийн байгууллагын хөрөнгө оруулалтын зардлын шийдвэрийг гаргаж байгаа нь оновчтой эсэхийг Н.Амарзаяа гишүүн тодруулсан. Төсвийн зардлын бүтэц ихээхэн нэмэгдсэн, нийт зардлын 70 орчим хувийг урсгал зардал эзэлж буй бүтцийн талаар байр сууриа илэрхийлсэн. Урсгал зардал өндөр өсөлттэй байгааг З.Нарантуяа гишүүн тэмдэглэв. Нийт төсвийн захирагчдын урсгал зардлын төлөвлөсөн дүнг 2019 оныхтой харьцуулахад төсвийн дөрвөн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал буурсан бол төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн зардал 6 орчим хувийн өсөлттэй, бусад нь 10-80 хувийн өсөлттэй байгааг дурдаад дүн шинжилгээ хийх шаардлагатай гэв. Урсгал зардлын гол өсөлт нь Засгийн газрын урсгал шилжүүлэг, бусдаар гүйцэтгүүлж буй ажил үйлчилгээ, хөрөнгө, бараа материал гэх зэрэг зардлын төрөл байгааг хэлж байв. Түүнчлэн төсвийн зарлагын дээд хэмжээнд тулгасан дүнтэй байгааг шүүмжилсэн. Иймд дүн шинжилгээ хийж үзсний дүнд 805.6 тэрбум төгрөгөөр урсгал зардлыг бууруулах боломжтой гэж үзэж буйгаа Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга танилцуулсан.

Төсвийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх менежмент хэрэгжүүлдэг эсэхийг Б.Баттөмөр гишүүн тодруулж, Сангийн яамны Төрийн бичгийн дарга С.Наранцогтоос хариулт авсан юм. Түүнчлэн төсвийн зардалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, гишүүд санал гаргасан. Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





