Үйл явдал
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.11.07/ 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүд болон Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.26 -ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Үйл явдал
Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.
Төвийн аймгуудын нутгаар: 7 болон 8 дугаар саруудад агаарын температур дунджаас дулаан байх хэдий ч хур тунадасны хувьд дунджийн орчим байх төлөв ажиглагдаж байгаа ба түр зуурын усархаг аадар бороо, аянга цахилгаан, нөөлөг салхины аюултай үзэгдлийн эрсдэл нэмэгдэж, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Түүнчлэн говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас ихтэй, сэрүүн, салхитай байх төлөвтэй байгаа тул болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Долоодугаар сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговь болон Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн нутгаар олон жилийн дунджаас бага, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Завханы ихэнх, Говь-Алтайн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн зүүн, Дундговийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Есдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.
Үйл явдал
Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, мөн зөвшөөрөгдсөн байршлууд дахь гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 30 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд нийтийн эзэмшлийн талбайд байрлаж байсан хуучин гараашуудыг бүрэн буулгаж, чөлөөлсөн газрыг нийтийн зориулалтаар тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Түүнчлэн орон сууцны хорооллын дундах талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил үргэлжилж байна.
Бүтээн байгуулалтын хүрээнд гурван байршилд автомашины зогсоол, явган хүний зам, сурын талбай болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг тус тус хийж, ашиглалтад оруулаад байна.

Үйл явдал
Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх зааварчилгаа өглөө
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хүрээнд улсын хэмжээнд хяналт, шалгалтыг зохион байгуулж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Ажиллах үеэрээ аймаг, орон нутгийн онцлогт тохируулан иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, мэргэжил, аргазүйгээр хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.
Мөн эрсдэл үүсэж болзошгүй бүхий л газрууд болон иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу тухайн байршлуудад хяналт, шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь шуурхай арилгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж болзошгүй нөхцөл байдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд эрчимжүүлэхийг онцолсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

