Дэлхий нийтээр..
Б.Баасандорж: Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын талаар 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр мэдээлэл хийлээ. Шалгалтын үр дүн, авсан арга хэмжээний талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Баасандорж, Хүнсний аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Алтантуяа, НМХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн нар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хамтарсан шалгалтаар нийт 49 аж ахуйн нэгжийн агуулахад хадгалагдаж буй 14037.18 тонн махнаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна. Улмаар,
1. БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 12 аж ахуйн нэгжийн 6590.6 тонн үхэр, хонь, ямааны мах нь стандартын шаардлагыг хангаж байгаа тул экспортлох үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт танилцуулж, шийдвэрлүүлсэн.
2. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлгүй 7 аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж бэлтгэсэн 541.5 тонн үхэр, хонь, ямааны мах, 16 аж ахуйн нэгжийн 1756 тонн ангилан савласан адууны махтай холбогдох асуудлыг шийдвэрлүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн ерөнхий газарт шилжүүлсэн.
3. Найман аж ахуйн нэгжийн агуулахад хадгалж байсан дулааны аргаар боловсруулсан 507.08 тонн мах лабораторийн шинжилгээгээр нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан тул хураан авч, зохих журмын дагуу шийдвэр гаргах, хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
4. Хяналт шалгалтаар холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, эрх бүхий албан тушаалтны тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй 23 аж ахуйн нэгжид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 16 аж ахуйн нэгжийн эрхийг цуцалсан байна. Цагдаагийн байгууллагаас нэг аж ахуйн нэгжид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Мэдээллийн үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Нэг талдаа төрийн хяналт буюу мэргэжлийн хяналт чухал. Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн үүрэг хариуцлага, дотоод хяналт маш чухал. Хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажиллах шаардлагатай. Ер нь цаашид бид уламжлалт хандлагаараа яваад байх юм уу, бизнес эрхэлж байгаа хэдэн аж ахуйн нэгжийн шүүмжлэлээс айгаад зогсоод байх юм уу. Нийт 3.5 сая хүн амынхаа хүнсний аюулгүй байдлыг хамгаалах юм уу. Энэ асуудалд бид шийдвэртэй арга хэмжээ авч ажиллана. Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал” хэмээн онцолсон.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
