Дэлхий нийтээр..
МҮОНРТ “Интернэшнл Медиабэй” компанитай Санамж бичиг байгууллаа
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Интернэшнл Медиабэй” компанийн ерөнхий зөвлөх Иззат Ариповтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Дээрх санамж бичгийн хүрээнд МҮОНТ, МҮОНР-ийн нэвтрүүлгийг “Интернэшнл Медиабэй” компанийн “Медиабэй” аппликейшнээр олон улсад цацаж, Монголын соёлын өв болсон уран бүтээлийг дэлхий дахинд сурталчлах, олон улсад эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар: “Өнөөдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз олон улсын үзэгчдийн цар хүрээгээ нэмж байна. Дэлхийн маш олон орны радио, телевизүүд нэгдсэн “Медиабэй” аппликейшнийг олон улсад таван сая гаруй хүн татан авч ашигладаг юм байна. Энэ аппликейшнээр дамжуулан МҮОНТ-ийн уран бүтээл, шоу, олон ангит киног англи, орос, хятад зэрэг 5-6 орны хэлээр хадмал орчуулгатайгаар “Медиабэй” аппликейшнд байршуулж, олон улсын зах зээл дээр гаргах боломж бий болж байгаа.
Мөн “Медиабэй” аппликейшнд олон улсын 70 гаруй радио нэгдсэн байна. МҮОНР “Медиабэй” аппликейшнаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа болон дэлхийн үзэгчдэд радио долгионоо хүргэх боломжтой болж байна” гэсэн юм.

“Интернэшнл Медиабэй” компанийн ерөнхий зөвлөх Иззат Арипов: “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй байгуулж буй Харилцан ойлголцлын санамж бичгийг МҮОНР-ийн 88, МҮОНТ-ийн 55 жилийн ойгоор байгуулж байгаадаа байртай байна. Энэ санамж бичгийн хүрээнд МҮОНРТ-ийн мэдээ, нэвтрүүлэг, уран бүтээлийг “Медиабэй” аппликейшнээр дэлхий дахинд дамжуулах боломжийг нээж байна. МҮОНРТ “Медиабэй”-д нэгдсэнээр уран бүтээлүүдээ нэн түрүүнд дэлхий дахинд тархан суурьшсан монголчууддаа болон монгол хэлээр ярьдаг гадаадын иргэдэд хүргэх юм” гэлээ.

Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Дэлхий нийтээр..2026/03/17
Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
-
Үйл явдал2023/12/13
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Дэлхий нийтээр..2022/08/05
Наймдугаар сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь...
-
Дэлхий нийтээр..2025/05/15
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр ...
