Дэлхий нийтээр..
Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөлөө
УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх ёслолын ажиллагаа болов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав. Танилцуулгад, миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод тодорхой дөрвөн зорилтыг дэвшүүлж байсан. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулах зорилтын төлөө ажиллалаа. Өнөөдрөөс эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц төлөвлөгөө буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимжүүлэх хүрээнд Засгийн газрын өөрчлөлтийг хийж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу дор дурдсан хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилж байна.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Дашзэгвийн Амарбаясгаланг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Жамъянхорлоогийн Сүхбаатарыг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргаар Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Сандагийн Бямбацогтыг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Жамбалын Ганбаатарыг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Даваажанцангийн Сарангэрэлийг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Хаянгаагийн Болорчулууныг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Ням-Осорын Учралыг;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар Баттогтохын Чойжилсүрэнг.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Холбогдох журамд заасны дагуу дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурж, энэхүү тангаргийн бичгээ Монгол УИХ-ын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
АНУ ухарсан уу: Хормузын бүс дэх завсарлага юу өгүүлж байна вэ
Ирантай холбоотой хурцадмал байдал намжаагүй энэ үед АНУ-ын цэргийн ажиллагаа сүүлийн өдрүүдэд саарч, зарим чиглэлд түр зогссон нь анхаарал татаж байна. Үүнтэй зэрэгцэн “АНУ ухарсан уу?” гэсэн асуулт олон нийтийн дунд гарч эхэллээ.
АНУ тавдугаар сарын эхнээс Хормузын хоолойд саатсан хөлөг онгоцуудыг хамгаалан нэвтрүүлэх ажиллагаа явуулсан. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн чухал урсгалд үүссэн саатлыг арилгах зорилготой байв. Харин удалгүй уг ажиллагаагаа хэсэгчлэн саатуулж, хэлэлцээрт илүү анхаарах хандлага ажиглагдав.
Гэвч энэ өөрчлөлтийг шууд “ухралт” гэж дүгнэхэд эрт. АНУ бүс нутагт цэргийн хяналтаа хэвээр хадгалж, шаардлагатай тохиолдолд дарамтаа нэмэгдүүлэх боломжтой байр суурь баримталж байна. Өөрөөр хэлбэл, бүрэн зогсолт бус, тодорхой зорилготой завсарлага гэж ойлгож болно.
Хормузын хоолой бол дэлхийн нефтийн урсгалын гол зангилаа. Тус бүсээр дамжих нийлүүлэлтэд саад гарвал олон улсын зах зээлд шууд нөлөөлдөг. Иймээс АНУ-ын алхам зөвхөн цэргийн хүрээнд бус, эдийн засгийн томоохон үр дагавартай.
Нөгөө талд Иран энэ бүс дэх нөлөөгөө хадгалахыг эрмэлзэж, гадаадын цэргийн оролцоог эсэргүүцсээр байна. Энэ нь хэлэлцээрийг урагшлуулахад бэрхшээл учруулж, хоёр талын итгэлцлийг сул хэвээр байлгаж байна.
Одоогийн нөхцөл байдлыг ажиглавал, аль аль тал тодорхой хэмжээнд болгоомжтой байр суурь баримталж, хурцадмал байдлыг хэт өргөжүүлэхээс зайлсхийж буй дүр зураг ажиглагдана. Гэхдээ бүс нутагт эрсдэл бүрэн арилгагдаагүй хэвээр.
Ийнхүү АНУ-ын энэ алхам нь ухралт гэхээс илүүтэй нөхцөл байдлыг ажиглах, дараагийн шийдвэрт бэлтгэх завсарлага мэт харагдаж байна. Харин энэ завсарлага энхийн хэлэлцээнд хүргэх үү, эсвэл дараагийн хурцадмал үеийн өмнөх нам гүм байдал болох уу гэдэг нь ойрын өдрүүдэд тодорхой болох төлөвтэй.
Дэлхий нийтээр..
АНУ, Ираны хэлэлцээ гацаж, Хормузын хоолойн асуудал хурц хэвээр байна
АНУ болон Ираны хооронд хэдэн сарын турш үргэлжилж буй зөрчилдөөн намжих шинжгүй байгаа бөгөөд хэдийгээр талууд түр гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа ч нөхцөл байдал эмзэг, хэлэлцээ төдийлөн ахиц гараагүй хэвээр байгаа юм.
Хоёр улсын маргааны гол төв нь дэлхийн нефтийн тээвэрлэлтийн чухал зангилаа болох Хормузын хоолой болжээ. Энэ бүс нутгаар дэлхийн газрын тосны ихээхэн хувь дамжин өнгөрдөг тул аливаа саатал нь олон улсын зах зээлд шууд нөлөөлж байна.
Иран сүүлийн үед тус хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцнуудын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийж, заримыг нь саатуулсан байна. Харин АНУ Ираны нефтийн экспортод дарамт үзүүлэх зорилгоор далайн блокад тогтоожээ. Үүний улмаас олон арван хөлөг онгоц гацаж, газрын тосны үнэ өсөхөд хүрсэн.
Ираны тал “хэрэв АНУ блокадаа зогсоож, хориг арга хэмжээгээ цуцалбал Хормузын хоолойг бүрэн нээхэд бэлэн” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд ТрампИраны гаргасан энхийн саналыг судалж байгаа ч одоогоор хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ийнхүү хоёр тал байр суурин дээрээ хатуу зогсож байгаа нь хэлэлцээг урагшлуулахад саад болж байна. Гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэвээр байгаа ч бүс нутагт хурцадмал байдал бүрэн намжаагүй, цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2023/11/07
ОБЕГ: Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд арьс ширний үйлдвэрүүдэд ажиллала...
-
Үйл явдал2021/04/20
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод зураг2019/08/21
АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
