Дэлхий нийтээр..
Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн судалгааг танилцууллаа
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй Япон улсын төлөөлөгчид 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр НЗДТГ-т зочлох үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид Улаанбаатар хотын хүн амын дундах амьсгалын дээд замын болон зүрх судасны өвчлөлийн талаарх судалгааг танилцуулав.
Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Баярсайхан, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн захирал Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын дарга И.Баатархүү нар оролцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жилийн ойн арга хэмжээн хүрээнд хувийн салбараас тэр дундаа эрүүл мэндийн салбараас хөрөнгө оруулалт хийх, эмнэлгийн байгууллагын удирдлагын бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн байна. Улаанбаатар хотын есөн дүүргийн ард иргэдийн өвчилж буй өвчлөлийн судалгааг та бүхэнд танилцуулж байна. Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп болох Токушүкай медикал группийн ерөнхийлөгч болоод хамтран ажиллаж буй та бүхэнд талархал илэрхийлье. Тус групп салбар эмнэлгээ манай Улаанбаатар хотод байгуулахаар шийдвэрлэж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзалт хийсэн. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтийг авчирна. Яагаад гэвэл зөвхөн тоног төхөөрөмж, барилга байгууламж биш боловсон хүчний бодлогоор дэмжиж, оношилгоо, эмчилгээ хийх баг бүрэлдэхүүнээрээ ирэх гэж байгаа нь хоёр улсын харилцаанд нэн шинэ үеийг авчрах юм” хэмээн өгүүлсэн юм.

Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчлөл ихсэж, илүүдэл жинтэй холбоотой асуудал зэрэг өвчлөл түгээмэл байна. Нөгөөтээгүүр хамрын хөндийн эрхтний буюу харшил, агаар орчны бохирдлоос үүссэн амьсгалын замын олон төрлийн шинэ өвчин гарч байна. 2015-2022 онд Улаанбаатар хотод 886.8 мянган хүн амьсгалын дээд замын өвчлөлд өртөж, тэднийг эмчлэхэд 345.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Амьсгалын дээд замын 23 төрлийн өвчлөл бүртгэгдсэнээс 10 төрлийн өвчин зонхилон гарч, нийт өвчлөгсдийн 74 хувийг эзэлж байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр танилцуулгадаа онцолсон.
Улаанбаатар хотын хүн амыг эрүүлжүүлэхэд чиглэсэн энэхүү төслийг Улаанбаатар хотын зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
