АНУ-д “No Kings” буюу “Хаангүй улс” уриатай жагсаалууд өнгөрсөн амралтын өдрүүдэд улс даяар өрнөж, олон сая хүн оролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Мэдээллээр гуравдугаар сарын 28-нд АНУ-ын бүх 50 мужид 3,300 гаруй жагсаал зохион байгуулагдаж, нийт 8 сая орчим хүн оролцсон нь сүүлийн жилүүдийн хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн нэг болсон гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
Жагсаалууд Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Миннеаполис, Лос-Анжелес зэрэг томоохон хотуудад өргөн хүрээнд болсон байна. Мөн АНУ-аас гадна Парис, Сидней зэрэг хотуудад дэмжих жагсаал зохион байгуулагдсан талаар мэдээлжээ.
Жагсагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, гадаад бодлого, Ирантай холбоотой хурцадмал байдал, цагаачлалын бодлого, амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн уриа барьсан байна.
Зарим хотуудад жагсаал тайван болсон бол Портланд, Лос-Анжелес, Даллас зэрэг хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээлжээ.
“No Kings” хөдөлгөөн нь 2025 онд эхэлсэн бөгөөд
- 2025 оны зургаадугаар сар — 5 сая орчим оролцогч
- 2025 оны аравдугаар сар — 7 сая орчим оролцогч
- 2026 оны гуравдугаар сар — 8 сая орчим оролцогч болсноор улам өргөжиж буй улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү жагсаал нь АНУ-ын дотоод улс төрийн хуваагдал нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд цаашдын улс төрийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.