Дэлхий нийтээр..
Түүх соёл, аялал жуулчлал, археологийн олдворын өлгий нутгийг төрийн тусгай хэрэгцээнд авна
УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзаж, ажлын явцын талаар мэдээлэл сонслоо.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын дэд хэсгийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулан байгуулсан юм.
Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот байгуулах асуудлыг 1996 оноос хөндөж эхэлсэн бөгөөд “Монгол Улсын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг гурван парламент дамжин хэлэлцэж, нийт 6 тогтоол баталсан байдаг.
Мөн энэ бодлогыг үргэлжлүүлэн ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна.” гэж заасан.
Ажлын хэсэг өнгөрөгч 06 дугаар сард Орхоны хөндийд ажилласан бөгөөд одоогийн байдлаар шинэ хотын суурьшлын бүсийг байгуулахад тохирох газар сонгох ажил явагдаж байна.
Ажлын хэсгээс хот байгуулахтай холбоотойгоор түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах, археологийн малтлага судалгаа хийх, эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс болгох, олон улсад сурталчлан таниулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцуулав.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологийн болон палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч байдаг. Өнөөдрийг хүртэл энэ асуудал хаягдсаар ирсэн байна. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гарсны үндсэн дээр ашиглах, захиран зарцуулах ёстой. Олон улсын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран Орхоны хөндийд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээн онцлоод Орхоны хөндийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай холбогдох тогтоолын төсөл боловсруулах чиглэлийг ажлын хэсэгт өглөө.
Ташрамд тэмдэглэхэд, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын ажлын хэсэг болон Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч тэргүүтэй археологич, судлаачидтай ирэх долоо хоногт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт ажиллана гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/10/08
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/08/15
Мэдээллийн технологийн багийг томилж, даамлын орон тооны дээд хязгаарыг батлав
-
Тод зураг2020/10/19
Перугийн алдарт Мачу Пикчу
-
Дэлхий нийтээр..2022/04/23
“Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурөл з...
