Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг өргөн мэдүүллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулга

Танилцуулгад улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагч болон нийслэл, дүүргүүд, 21 аймгийн 4,674 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан болно.

Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд:

- Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2021 онд 14,306.4 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2,919.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

- Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.

- Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлогын арга хэмжээ авч, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 оноос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн.

- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өрийн зохицуулалтын арга хэмжээний хүрээнд Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчири” бондыг арилжаалж, Чингис болон Гэрэгэ бондын зарим хэсэг болох нийт 944.5 сая ам.доллар буюу 2,647.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулсан

- Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 25.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай

Монгол Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-д 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын 1976 оны конвенц болон түүний 1981 оны протоколд 2011 онд нэгдэн орсон.  

Конвенцийн гол зорилго нь хөдөлгөөнт хиймэл дагуулын тусламжтайгаар сансрын технологийг ашиглан далайн тээврийн хөлөг онгоцны байршлыг хянах, осол болон гамшгийн үед хүний аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд тэдэнд дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тус байгууллагын зүгээс хөлөг онгоц түүний багийн гишүүд, зорчигчидтой эргийн хяналтын холбоо барих, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад чиглэдэг.   

Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллага нь 1994 оны Ассемблейн хурлаараа байгууллагынхаа нэрийг солихоор шийдвэрлэж, “Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллага” гэсэн нэрийг ашиглахаар болсон.           

Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын Ассамблейн 2008 оны 20 дугаар хурлаар тус конвенцид нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталж, 2008 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс мөрдүүлэхээр тогтсон бөгөөд одоогийн байдлаар эх конвенцид нийт 104 улс нэгдэн орж, 2008 онд конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 27 улс хүлээн зөвшөөрөөд байна.                 

Уг конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр конвенцийн ерөнхий нэр томьёо, тус байгууллагын бүтэц, эрх зүйн байдал, үйл ажиллагаанд орсон дараахь үндсэн өөрчлөлтүүдийг тусгасан  22 зүйлээс бүрдсэн байна: 

- ОУДБ-аас хөлөг онгоцны байршил тогтоох, алсын зайнаас хянах системийг бий болгосон бөгөөд Далайн аюулгүй байдлын хороог уг системийн зохицуулагчаар томилсон тухай; 

- ОУДБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд нь далайн хөдөлгөөнт хиймэл дагуулын холбооны үйлчилгээг холбогдох гэрээний үндсэн дээр үзүүлэх тухай; 

- Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхийн нийтийн системийн хүрээнд далайн аюулгүй байдлын харилцаа холбоог хангах боломжтой гар утасны хиймэл дагуулын холбооны системийг үнэлэх, шалгах шалгуурыг тодорхойлсон.

Мөн энэ нэмэлт, өөрчлөлтөөр Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системээс тавих хяналтыг сайжруулах, хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай 1974 оны олон улсын конвенцийн 5 дугаар бүлэгт заасан хөлөг онгоцыг алсын зайнаас илрүүлэх, хянах системийн талаарх холбогдох заалтуудыг тусгасан. 

Түүнчлэн осол болон гамшгийн үеийн холбооны тоног төхөөрөмжүүд, хөдөлгөөнт хиймэл дагуулын системийг далайн холбоо харилцаанд ашиглахдаа Далайн тээврийн гамшгаас хамгаалах дэлхий нийтийн системийн радио холбооны тодорхой шаардлагуудад нийцүүлэх зэрэг шаардлагуудыг нэмсэн.   

Уг конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төсөлтэй холбогдуулан шинээр боловсруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох хууль байхгүй бөгөөд улсын төсвөөс ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй болно.

Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх, ОУДБ-ын аудитын зөвлөмжийг биелүүлэх, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах, алсын зайнаас илрүүлэх, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Огноо:

,

Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.

Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.

АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.

Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал14 цаг 30 минут

Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн ...

Хэн юу хэлэв...14 цаг 33 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзла...

Үйл явдал2026/09/22

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд ...

Үйл явдал2026/09/22

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн ш...

Үйл явдал2026/09/22

"Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөл...

Үйл явдал2026/09/22

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/22

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Үйл явдал2026/09/21

С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Дэлхий нийтээр..2026/09/21

Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ

Үйл явдал2026/09/21

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Үйл явдал2026/09/21

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Үйл явдал2026/09/21

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/09/17

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдл...

Үйл явдал2026/09/17

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байн...

Үйл явдал2026/09/17

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засг...

Үйл явдал2026/09/17

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн н...

Үйл явдал2026/09/17

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөө...

Үйл явдал2026/09/10

ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна

Үйл явдал2026/09/10

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монг...

Үйл явдал2026/09/10

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэт...

Үйл явдал2026/09/10

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Үйл явдал2026/09/10

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг ал...

Үйл явдал2026/09/09

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч ...

Үйл явдал2026/09/09

Сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөө...

Хэн юу хэлэв...2026/09/09

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

Үйл явдал2026/09/09

Монгол Улс эхний 8 сард 8.4 тэрбум ам.долларын бараа импортолжээ

Үйл явдал2026/09/09

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэг...

Үйл явдал2026/09/09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Үйл явдал2026/09/07

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Үйл явдал2026/09/07

Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар ба...

Санал болгох