Дэлхий нийтээр..
Сансрын нисэгч В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр өргөмжиллөө
ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Джанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжлөл, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Савиных Виктор Петрович, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн Бабушкин Владимир Алексеевич нарт Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон олголоо. Шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар гардуулсан юм. Үйл ажиллагаанд Монгол, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ж.Гүррагчаа мөн байлцсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “ОХУ болон Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй. Сүүлийн 100 гаруй жилийн түүх бол манай хоёр улсын эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаа эрчимжсэн, дурсамж дүүрэн түүхтэй он жилүүд гэдгийг цохон тэмдэглэх учиртай. Монголын ард түмний төлөөлөл болсон Ж.Гүррагчаа баатар сансарт ниссэн нь тухайн үед хоёр улсын хооронд найрамдалт хамтын ажиллагаа бэхжихэд чухал нөлөө үзүүлсэн. ОХУ-ын гарамгай баатрууд, алдарт хүмүүс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн болдог сайхан уламжлал тогтсон. Хоёр талын найрамдалт хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Сансрын нисэгч В.А.Джанибеков “Монголын ард түмэн эртний сайхан уламжлал, түүхтэй. Өнгөрсөн зуун жил хоёр улсын ард түмний хувьд амаргүй жилүүд байсан. 41 жилийн өмнө Монголын хүү Ж.Гүррагчаа сансарт ниссэн. Миний бодлоор сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нь тухайн үеийн Европын сансрын нисэгчдээс нэг шат илүү байлаа. Энэхүү шагналыг надад олгож байгаа нь шагнал гэхээсээ илүү Оросын ард түмэнд хүндэтгэлтэй байдгийг харуулсан болов уу гэж бодож байна. Баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байв.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны 1981 оны тавдугаар сарын 4-ний 97 дугаар тогтоолоор В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ээр батламжилсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд дахин батламжлан гардуулсан нь энэ юм.
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгийн багийн гишүүд, сансрын нисэгч В.А.Джанибеков, Ж.Гүррагчаа нар одоогоос 41 жилийн өмнө сансрын нислэгээ амжилттай гүйцэтгэн эх дэлхийдээ газардсан юм. Сансрын баг 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконуураас "Союз-39" хөлгөөр хөөрч, дэлхийг 124 удаа тойрч сансрын тойрог замд найман хоног нисэж, гуравдугаар сарын 30-нд амжилттай газардсан билээ.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2022/06/22
Монгол Улсад анх удаа Ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
-
Дэлхий нийтээр..2021/09/21
Имарт маргааш тактикийн дадлага сургуулийг зохион явуулна
-
Дэлхий нийтээр..2021/01/25
УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт өндөрлөнө
-
Дэлхий нийтээр..2019/10/07
Ховд аймгийн хадлан тэжээлийн бэлтгэл 79,1 хувь байна
