Дэлхий нийтээр..
Мэргэжлийн холбоо “Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх хүсэлтэй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар, үйлчилгээний “Чиглэл” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын мэргэжлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг тус компани болон “Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллага дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хүнсний тоног төхөөрөмж, засвар, үйлчилгээний салбар салшгүй нэг хэсэг учир нэгдсэн бодлогоор хангах шаардлагатайг холбооныхон хэллээ.
Энэ хүрээнд “Сав баглаа боодлын үндэсний хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх, энэ хөтөлбөрт хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээний талаар тусгах, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй зориулалтын бус савны хэрэглээг халах “Савыг саваар солих хөтөлбөр” хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Ижил төрлийн тоног төхөөрөмжид тавих импортын гаалийн татварыг нэмж, дотоодын зах зээлээ хамгаалах нь чухал гэдгийг салбарын төлөөлөл илэрхийллээ.
Мөн халдварт өвчин тархах эх үүсвэр болдог хоол үйлдвэрлэлийн салбарын аяга, таваг, халбага, сэрээ зэргийг зориулалтын ариутгагч, автомат угаагч төхөөрөмжөөр хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, хоол, хүнс боловсруулах технологийн тоног төхөөрөмж, сав суулга, аппаратуудын үндэсний стандарт боловсруулах зэрэг хүсэлт гаргалаа.

Зориулалтын бус хуванцар савыг иргэд ундны ус, сүү, айраг зэргээ хадгалахад ашигладаг. “Чиглэл” ХХК үүнийг халахын тулд ундны усны 60-250 литрийн багтаамжтай суурин болон зөөврийн ган сав үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэлжээ.
Энэ нь хуванцар савны хэрэглээнээс үүсэх өвчин эмгэг, хорт хавдар зэргээс сэргийлэх ач холбогдолтойг компанийн гүйцэтгэх захирал Ц.Бумцэнд танилцууллаа.
“Чиглэл” ХХК хоёр үйлдвэр, салбар дэлгүүрүүд, засвар, захиалгын үйлчилгээний албатай, 100 орчим ажиллагсадтай. 30 гаруй нэрийн хүнс, хоол үйлдвэрлэлийн 80 орчим тоног төхөөрөмж үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Мөн хүнс, хоол, баар, рестораны зориулалтын 1,000 орчим нэр төрлийн тоного төхөөрөмж, 4,000 гаруй нэр төрлийн гал тогоо, тогоочийн туслах болон багаж хэрэгслийг импортоор авч хэрэглэгчдэд хүргэж байна.

Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/01/27
"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглу...
-
Үйл явдал2023/03/17
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2025/11/07
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
-
Хэн юу хэлэв...2021/06/23
Д.Ихбаяр: Нийслэлийн харьяа байгууллагуудын 20 үйлчилгээг Emongolia системд нэмж...
