Дэлхий нийтээр..
Эмээлт дэх 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, битүүмжиллээ
Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл хийж, Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын явцыг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар 32 аж ахуй нэгж Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хэмжээнд мах экспортлох эрх бүхий 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа БНХАУ руу мах экспортлох эрхтэй 31 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөлтэй 15 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Ковидын үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зогсоосон байсан бөгөөд тавдугаар сарын 10-наас мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж эхэлсэн. Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 32 үйлдвэрт хяналт шалгалт явуулж, 17 үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож битүүмжлэн, бүтээгдэхүүний дээжид лабораторийн шинжилгээ хийж байгаа талаар МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэв. Битүүмжилсэн үйлдвэрүүдийн дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн дотоодод зарагдсан, Улаанбаатар хот руу орсон гэдэг мэдээлэл ор үндэслэлгүй гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Ковидын дараах эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн хяналт шалгалтаар дарамт шахалт үзүүлэхгүй байх үүднээс төлөвлөгөөт шалгалтыг зогсоох хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнс, барилга дэд бүтэц, байгаль орчны аюулгүй байдлын асуудлыг төрийн хяналтаас гадуур орхиж хэрхэвч болохгүй. Мах махан бүтээгдэхүүний чиглэлээр улсын хэмжээнд 170 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Тэр бүгдийг эрүүл ахуйн стандартын шаардлага хангаж ажиллаж байгаа эсэхийг шалгаж байна. Эмээлт дэх зарим аж ахуйн нэгжүүд хууль журам зөрчсөн асуудалд мэргэжлийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ анхаарч, хяналт шалгалт хийж байгаа. Буруутай этгүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцогдоод явна. Мэдээллийг иргэд, олон нийтэд тухай бүрт ил тод, нээлттэй өгч байх болно” хэмээсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын нэн чухал хэсэг болох хүнсний асуудал, хүнсний эрүүл ахуйн шаардлага, норм стандартыг мөрдүүлэхэд УИХ, Засгийн газраас онцгой анхаарч, иргэд олон нийтийн давхар хяналтын дор мах махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, стандартын асуудлыг цэгцлэхээр ажиллаж буйг тэрбээр мөн онцолсон.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Чанаргүй, стандартын шаардлага хангахгүй мах дотоодын зах зээлд нийлүүлэгдээгүй. Тухайлбал, нөөцийн махыг дотоодын 23 аж ахуйн нэгж бэлтгэдэг. Нөөцийн мах бэлтгэгчид эрүүл ахуйн чанарын стандартыг сайтар баримталдаг. Махны эскпортын тухайд манай улс жилд нийтдээ 44.2 мянган тонн мах экспортолдог. Сүүлийн гурван жилд 105 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын орлого олсон дүн мэдээ байна” хэмээн ярилаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2022/12/07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2024/12/16
Нийслэл 4410 тонн давс, 5450 тонн бодисын нөөцтэй байна
-
Үйл явдал2021/03/01
PCR шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй
-
Дэлхий нийтээр..2023/04/12
Банк бус санхүүгийн байгууллагууд QR код бүхий таних тэмдэгтэй боллоо
