Дэлхий нийтээр..
Нигер улсын иргэдэд виз олгохыг түр хугацаагаар зогсоожээ
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоон мэдээллийг хүргэлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр 131 улсын 28,268 гадаадын иргэн оршин сууж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар БНХАУ-ын 6993 иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон. Мөн сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 32 удаагийн зарлигаар 1829 иргэнийг Монгол Улсын харьяатаас гаргасан. Мөн хугацаанд манай улсын харьяат болсон иргэдийг улсаар нь авч үзвэл ХБНГУ-аас гурав, ОХУ-аас найм, БНХАУ-аас долоо, БНЭУ-ын нэг иргэн байна” гэлээ.
Монгол Улсад 9929 иргэн хөдөлмөр нийгмийн чиглэлээр оршин сууж байгаа бөгөөд үүнээс нийт олгосон зөвшөөрлийн 82 хувийг хятад иргэд эзэлж байгаа аж.
Манай улсад гадаадын иргэд оршин суух 29 зөвшөөрлийн хэлбэр байдаг. Үүнээс 21,497 иргэн голлох дараах таван ангиллаар оршин сууж байна. Үүнд:
Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд- 2695
Хөдөлмөр эрхлэгч гадаадын иргэд буюу тэдний гэр бүлийн гишүүд- 11,114
Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуульд сурч буй иргэд- 2773
Аж ахуйн нэгж байгууллгад хөрөнгө оруулагч- 2989
Цагаач, харьяалалгүй иргэн 1927 байгаагаас ихэнх нь БНХАУ, ОХУ-ын иргэд байгаа аж.
2019 онд 1633 гадаадын иргэн зөрчил гаргасныг хяналт шалгалтаар илрүүлж, 372 иргэнийг албадан гаргасан байна. Гадаадын иргэд ихэвчлэн бүртгэлийн журам зөрчих, визийн хугацаа хэтрүүлсэн, хөдөлмөр эрхлэх журамыг зөрчиж байгаа аж. Түүнчлэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн мэдээлэл өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 8.6 хувь өссөн, хилийн боомт дээр олгосон жуулчин ангиллын визийн зөвшөөрөл мөн өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 20 хувиар өссөн судалгаа гарчээ.
144 улсын 23 мянга гаруй гадаадын иргэнд 30 хоногоос дээш хугацааны виз олгосон талаар мэдээллээ. 30 хоногоос дээш хугацаатай Монголд зорчих гадаадын иргэний визийг Гадаадын иргэн, харьяатын газар хариуцах бол 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгодог байна.
“Цахимаар виз олгох үйлчилгээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орсон. Тиймээс энэ оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн. Энэ жил Монгол Улсад суралцахаар ирсэн оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдсэн” гэж Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэллээ. Түүнчлэн Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадаас авах ажилчдын тоог багасгана гэсэн байр суурьтай байна. 2018 онд 8428 иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл өгсөн бол энэ жилийн үзүүлэлт 6993 болсон нь 17 хувийн бууралттай байна" хэмээлээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2021/10/11
УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав
-
Тод зураг2020/03/23
Шар усны үерийн болон мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
-
Үйл явдал2021/12/06
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдаарай
-
Дэлхий нийтээр..2023/10/23
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
