Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.
2022 оны 04 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүнээс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 16-нд Арц богдын өвөр хоолойгоор, 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 17-ноос ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
АНЭУ-ын шийдвэр нефтийн зах зээлийг хөдөлгөлөө
Арабын Нэгдсэн Эмират улс Олон улсын нефть экспортлогч орнуудын байгууллага болох ОПЕК болон ОПЕК+ бүлгээс гарах шийдвэр гаргаснаа 2026 оны дөрөвдүгээр сарын 28-нд зарлалаа. Албаны мэдэгдлээр тус шийдвэр 2026 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд “үндэсний ашиг сонирхол, эрчим хүчний бодлогын шинэ чиглэл”-тэй холбоотой гэж тайлбарласан байна.
АНЭУ нь ОПЕК-ийн гурав дахь том үйлдвэрлэгч орон бөгөөд уг шийдвэр нь дэлхийн нефтийн зах зээлд нөлөө бүхий өөрчлөлт авчрах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Тус улс ОПЕК-ээс гарснаар олборлолтоо байгууллагын квотоос хамааралгүйгээр нэмэгдүүлэх боломж бүрдэх бөгөөд энэ нь урт хугацаанд нефтийн нийлүүлэлт, үнийн хэлбэлзэлд нөлөөлж болзошгүй юм.
Шийдвэр гарсан шалтгааны нэг нь бүс нутагт өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн, тэр дундаа Ирантай холбоотой хямралын улмаас Персийн булан дахь нефтийн тээвэрлэлт доголдсон явдал гэж үзэж байна.
Мөн АНЭУ ОПЕК-ийн зарим гишүүн орнууд бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хангалттай дэмжлэг үзүүлээгүй гэж шүүмжилж байсан нь уг шийдвэрт нөлөөлсөн аж.
Шинжээчдийн дүгнэлтээр, АНЭУ-ын гарц нь ОПЕК-ийн нөлөөг сулруулж, гишүүн орнуудын дунд бодлогын зөрчил гүнзгийрч буйг илтгэж байна.
Үйл явдал
Суданд өлсгөлөнгийн улмаас олон мянган өрх дүрвэхэд хүрч байна
Африкийн зүүн хэсэгт орших Судан улсад үргэлжилж буй хүнсний хомсдол, зэвсэгт мөргөлдөөний улмаас олон мянган гэр бүл орон гэрээ орхин дүрвэхэд хүрч байгааг олон улсын байгууллагууд анхаарууллаа.
Тус улсад үүсээд буй хямрал нь ган гачиг, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн хүндрэл зэрэг олон хүчин зүйл давхцсантай холбоотой бөгөөд хүнсний хангамж огцом буурч, иргэдийн амьжиргаа доройтож байна. Ялангуяа хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хамгийн ихээр өртөж, мал аж ахуй, тариалангийн салбар хүнд байдалд оржээ.
Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлснээр, өлсгөлөнд нэрвэгдсэн бүс нутгуудаас иргэд хөрш орнууд руу дүрвэх урсгал нэмэгдэж, түр хоргодох байр, хүнсний тусламжийн хэрэгцээ эрс өссөн байна. Хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн эмзэг бүлэгт тооцогдож байгаа бөгөөд шим тэжээлийн дутагдал, өвчлөлийн эрсдэл нэмэгдэж буйг онцолжээ.
НҮБ болон бусад олон улсын байгууллагууд Суданд хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийг уриалж, хүнсний тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ, ундны усны хүртээмжийг яаралтай сайжруулах шаардлагатай байгааг мэдэгдсэн байна.
Суданд үүсээд буй энэхүү хямрал нь бүс нутгийн тогтвортой байдалд нөлөөлөхөөс гадна цаашид олон улсын анхаарлын төвд байх төлөвтэй байна.
Үйл явдал
АНУ 250 жилийн ойгоор Трампын зурагтай тусгай паспорт гаргана
АНУ тусгаар тогтнолынхоо 250 жилийн ойг тохиолдуулан хязгаарлагдмал тооны тусгай загварын паспорт гаргахаар төлөвлөж байгааг албаны эх сурвалжууд мэдээллээ.
Уг паспорт нь дурсгалын зориулалттай бөгөөд АНУ-ын төрийн бэлгэдэл, Тусгаар тогтнолын тунхаг бичгийн хэсэг болон Ерөнхийлөгч Дональд Трампын дүрслэлийг агуулсан дизайнтай байх аж.
Тусгай загварын паспортыг 2026 оны долоодугаар сард буюу тус улсын 250 жилийн ойн арга хэмжээний үеэр танилцуулж, хязгаарлагдмал тоогоор гаргахаар төлөвлөжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэхүү паспорт нь хүчин төгөлдөр бичиг баримтын шаардлагыг бүрэн хангах бөгөөд аюулгүй байдлын стандартад өөрчлөлт орохгүй байна.
“America250” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй уг санаачилга нь түүхэн ойг тэмдэглэх, үндэсний бэлгэдлийг онцлох зорилготой ч зарим улстөрч, шинжээчид төрийн албан ёсны бичиг баримтад улс төрийн удирдагчийн дүр төрхийг оруулж буйг шүүмжилж эхэлжээ.
АНУ-ын 250 жилийн ойтой холбоотой арга хэмжээнүүд энэ оны турш үргэлжлэх бөгөөд тусгай бүтээгдэхүүн, дурсгалын загваруудыг үе шаттайгаар танилцуулах төлөвтэй байна.
-
Дэлхий нийтээр..2023/05/03
ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
-
Дэлхий нийтээр..2021/10/05
БГД-ийн төрийн албан хаагчид багийн менежментээр ажиллах сургалтад хамрагдлаа
-
Үйл явдал2025/01/16
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
-
Хэн юу хэлэв...2019/09/10
Түгжрэл ихтэй үед уулзвар нэвтрэхгүй байх дүрмийг 1304 жолооч зөрчжээ
