Үйл явдал
БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүллээ
- ХЯТАД, МОНГОЛ ХОЁР УЛС ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГООРОО ШИНЭ ЭРИН ҮЕТЭЙ ЗОЛГОЖ, ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ -
1949 оны аравдугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосноос хойш энэ 70 жилд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг ямагт хоёр улсын харилцааны гол чиг баримжаа байсаар байдаг бөгөөд асар их амжилтад хүрэн хоёр улсын ард түмэнд бодит үр өгөөжийг хүртээсээр ирсэн нь хөрш орнуудын дунд найрсаг харилцаан хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон байна.
Дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жил бол хоёр улсын харилцаа тасралтгүй гүнзгийрч, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхэжсэн 70 жил байлаа. 70 жилийн өмнө БНХАУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосон, Монгол Улс бол хамгийн түрүүнд Хятад улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрсөн орны нэг юм. 70 жилийн хугацаанд хоёр улс “21-р зууны урт хугацааны, тогтвортой, эрүүл, харилцан итгэлцдэг нөхөрсөг хөршийн хамтын ажиллагааны харилцаа”-г хөгжүүлж, “найрсаг хөршийн харилцан итгэлцэлтэй түншийн харилцаа”, “стратегийн түншлэлийн харилцаа”, “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” гэсэн дөрвөн үе шатаар өнөөдрийн хөгжилд хүрсэн. Тэр дундаа, 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийн хоёр улсын бүх салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хурдны замдаа гарч шинэ эрин үе рүү шилжсэн. Талуудын өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсээр. Хоёр улсын удирдагч нар тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, газар нутаг болон өөрсдийн сонгосон хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудлаа мөн харилцан хүндэтгэхээ олон ч удаа нотолсноор хоёр улсын харилцааны хөгжилд бат бөх улс төрийн суурийг тавьсан юм.
Энэ 70 жил Хятад, Монголын харилцан туслалцсан, харилцан ашигтай хамтран ажилласан 70 жил байлаа. 1950-1960 онд Хятад улс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр олон мянган Хятад барилгачдыг Монгол руу илгээж буцалтгүй тусламжаар үйлдвэрийн барилга, зам гүүр зэрэг маш олон барилга байгууламжийг барьж байгуулсан бөгөөд эдгээрээс зарим байгууламж нь өнөөдрийг хүртэл хэрэглэгдэж Монголын ард түмэн ашиг тусаа хүргэн, Хятад Монголын нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсоор байна. Шинэ эрин үед Хятадын тал Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бүтээх, “Нэг бүс нэг зам”-г хамтдаа байгуулах зэрэг чухал үзэл санаа, санаачилгын дагуу “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” зарчмыг баримталж, Монгол Улс болон бусад улс оронтой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн үр шимээ хуваалцаж байна. Ши Жиньпин дарга өмнө нь Монгол Улстай харилцахдаа “би хожно, чи хожигдоно, би их чи бага” гэх зүйл байхгүй бөгөөд зарим хамтарсан төслүүд дээр Монголын талын эрх ашгийг илүүтэй харгалзах саналыг дэвшүүлсэн. Энэ хэдийнэ Хятадын тал Монголын талтай хөгжүүлэх хамтын ажиллагааны тууштай зарчим болсон. Өдгөө талуудын байгуулсан БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг механизм “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” стратегийн уялдааг тасралтгүй гүнзгийрүүлж байна. Түүнчлэн талууд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г эхлүүлсэн бөгөөд мөн Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. 2018 онд Хятад, Монголын худалдааны эргэлт 8.5 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улс 2018 онд Хятад улстай хийсэн худалдаа 4.5 тэрбум ам.долларын ашигтай дүн гарсан бөгөөд энэ нь Монголын нэг хүнд ногдох дундаж ашиг 1400 орчим ам.доллар байна. Хятад, Монголын хамтын ажиллагаа Улаанбаатар хотын Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж, Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц, Налайхын авто замын төслүүд зэрэг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн олон том төслөөс эхлээд Монголын ард түмний шинэ орон сууцны барилга, хүнсний хэрэглээний жимс ногоо хүртэл хоёр улсын ард түмэнд цаг ямагт хаа сайгүй үр өгөөжөө өгч байна.
Энэ 70 жил хоёр улсын ард түмний хувьд харилцан ойлголцол, найрамдал зогсолтгүй гүнзгийрсэн жилүүд байлаа. Талууд хоёр улсын төрийн тэргүүн, удирдагч нарын хүрсэн тохиролцооны дагуу Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан комиссын тавцанг ашиглаж хоёр улсын хүмүүнлэгийн солилцоонд ахиц гаргахад түлхэц өгсөөр ирсэн. Ши Жиньпин дарга Монгол Улсад хийсэн айлчлалын үеэрээ мэдэгдсэн Монголын талд Хятадад болох сургалтад хамрагдах 1000 хүний орон тоо, Хятадын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцуулах оюутны тоог 1000-аар нэмэгдүүлэх, Монголын цэргийн албан хаагчдад Хятадад суралцах 500 суралцагчийн орон тоо мөн Монголын талын 500 залуус, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулах, Монголын талд Монголд хэл рүү хөрвүүлсэн Хятадын 25 шилдэг олон ангит кино өгөх зэрэг ажил амжилттай хэрэгжсэнээр хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгосон юм. “Улаанбаатарын үдэш”, “Алсад суугаа ээж” зэрэг Монгол дуунууд Хятад өргөн дэлгэрсэн. “Бээжин хотын залуус”, “Чонон сүлд” зэрэг Хятадын дэлгэцийн болон утга зохиолын бүтээлүүд Монголын үзэгч, уншигчдад мөн ихээхэн сайшаагдсан байдаг. Монгол руу аялах Хятад жуулчин болон Хятадад суралцах монгол оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Хоёр улсын ард иргэдийн зорчих тоо хэмжээ жилд давхардсан тоогоор хоёр саяд хүрсэн ба үүнээс Хятадад зорчсон Монгол иргэд давхардсан тоогоор 1.8 сая иргэн байна. Хоёр улсын иргэдийн энэхүү харилцааны явцад ард түмэн хоорондын найрамдал тасралтгүй бэхжиж байна.
Би Монгол Улсад томилогдон ажиллаад дөрвөн жил болж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Монгол Улсын 21 аймаг болон аймгийн төвд ажилласан бөгөөд Монголын бүхий л салбарын найз нөхөдтэй хоёр улсын харилцааны хөгжлийг хамтдаа ахиулах талаар өргөн хүрээнд ярилцаж, тэдэнтэй бат бөх нөхөрлөлийг тогтоосон. Энэ хугацаанд би талуудын хамтын хичээл зүтгэлийн үр шимээр хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа үр дүнгээ өгснийг өөрийн биеэр харсан бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжлийн асар их нөөц боломжтойг тодоос тод мэдэрсэн. Мөн Хятад, Монгол хоёр улс бол харилцан туслалцдаг, харилцан ашигтай хамтран ажилладаг, ойр дотно нөхөрлөдөг нь түүхийн нөхцөл байдлын хандлага, хоёр улс, хоёр улсын ард түмний нийтлэг эрх ашигт нийсэн харилцаатай гэдгийг гүн гүнзгий мэдэрсэн билээ.
Найз нөхөд өө, өдгөө Хятад, Монголын харилцаа түүхэнд хөгжлийн хамгийн таатай үедээ байна. Энэ 70 жилийн шинэ эхлэлээс харвал бидэнд илүү том боломж байна. Энэ таатай нөхцөл байдал нь талуудын үе үеийн ахмадуудын маань гаргасан их хөдөлмөр, хичээл зүтгэлийг шингэсэн бөгөөд бидэнд тун амаргүй ирсэн, бид илүү нандигнах ёстой.
-Хоёр улс илүү чин сэтгэлээр харилцаж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь зүйтэй. Улс төрийн харилцан итгэлцэл бол бүх л хамтын ажиллагааны урьдчилсан нөхцөл бөгөөд хоёр улсын урт хугацааны, тогтвортой, эрүүл харилцааны хөгжлийн үндэс мөн. Ши Жиньпин даргын олонтаа онцолсончлон Хятад улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямагт хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх бөгөөд энэ тал дээр Хятад улс хэзээд тодорхой байр суурьтай байна. Монгол Улс ч мөн адил Хятадын язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг баримталж, амлалтаа биелүүлж, Төвд, Тайван, Шинжаантай холбоотой асуудлыг зөв зохистой шийдвэрлэнэ гэдэгт бид итгэлтэй байдаг.
-Хоёр улс илүү чин сэтгэлээр хамтарч бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монгол найз нөхдийг Хятадын хөгжлийн галт тэргэнд сууж, хөгжлийг хамтдаа бүтээхэд таатай байх болно. Хятадын тал “Нэг бүс нэг зам”, “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдааны хүрээнд Монголын талтай зах зээл, хөрөнгө, технологи, шинэ гарц зэрэг талын хөгжлийн боломжоосоо хуваалцаж, Монголын талын чухалчлан анхаардаг ард иргэдэд чиглэсэн төслүүд, уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох асуудалд Монголын талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. 2019 оны 11-р сард Хятадын тал Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэнг зохион байгуулна. Энэхүү үзэсгэлэн бол Хятад улс чөлөөт худалдаа, эдийн засгийн глобалчлалыг тууштай дэмжиж дэлхий нийтэд зах зээлээ идэвхтэй нээх чухал арга хэмжээ юм. Мөн үүгээр дэлхийн эдийн засгийн хөгжлийг дэмжих шинэ боломж авч ирнэ. Хятадын тал урьдын адил Монголын талыг энэхүү үзэсгэлэнд оролцохыг дэмжиж байгаа бөгөөд Монголын талыг оролцохыг урьж байна. Хятадын тал Монголын талтай нягт харилцаа холбоотой байж, хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээр эрт гарын үсэг зурахад түлхэц өгч, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд бэлэн байна. 2020 онд хоёр улс худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтоо амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хоёр улс илүү дотно түншилж ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх нь зүйтэй. Хятадын тал Монголын талтай хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, спорт, шашин зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагаагаа илүү тэлж, хоёр улсын их дээд сургууль, судалгааны байгууллага, хэвлэл мэдээлэл, урлаг зэрэг нийгмийн бүхий л салбарын харилцаагаа нэмэгдүүлэн гадаадад суралцах, сургалт семинар, аялал жуулчлал, утга зохиолын болон дэлгэцийн бүтээлийн харилцааг нэмэгдүүлж үүгээр дамжуулж хоёр улсын ард түмний харилцааны гүүрийг бий болгож, хоёр улсын ард иргэдэд илүү ихээр харилцан ойлголцох, найрамдлаа бэхжүүлэхэд туслах хэрэгтэй юм.
-Хоёр улс сэтгэл, хүчээ нэгтгэж олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжлэг үзүүлж хамтрах нь зүйтэй. Байнга хувьсан өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдал дор талууд сайн хөрш, сайн түнш, сайн найзын хүсэл, байр суурийг баримталж, томоохон стратеги, аюулгүй байдал, бие биеийн язгуур эрх ашиг, чухалчилдаг асуудалд харилцан дэмжлэг үзүүлэх нь зүйтэй. Хятад, Монгол мөн бусад хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгтэй юм. Талууд мөн Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны таатай хандлагыг бэхжүүлж, гурван улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлж, гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулах хэрэгтэй. Хятад улс Монгол Улсыг ШХАБ-т элсэх, олон улс дахь нөлөөгөө нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа.
Өдгөө Хятадын ард түмэн “Хоёр зуун жил”-ийн зорилт, Хятад үндэстний аугаа их сэргэн мандалтын Хятад мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хүчээ дайчилж байна. 2020 он гэхэд иж бүрэн чинээлэг нийгмийг байгуулж, энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн чинээлэг, ардчилсан соёл иргэншилт, эв нэгдэлтэй социализмын улсыг байгуулахаар зорьж байна. Хятадын онцлогт социализм шинэ эрин үедээ орсон. Монголын ард түмэн ч мөн өөрийн улс орныхоо нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг зогсолтгүй эрэлхийлж, улс орны шинэчлэл, нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөө хүчээ дайчилж байна. Талуудын хамтын хичээл зүтгэлээр бид шинэ эхлэлээс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэхүү салхийг хөлөглөж шинэ эрин үедээ Хятад Монголын харилцааны илүү гэрэлтсэн ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэл төгс байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ШИН ХАЙМИН
Үйл явдал
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал, засвар шинэчлэлийн явц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа.
Мөн энэ үеэр эмнэлэгт нэн шаардлагатай байсан дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал,
- Дутуу төрсөн нярайн амьсгалын аппарат,
- Нярайн зүрхний гажиг, зулай, хэвлий, судас харах өндөр хүчин чадал бүхий эхо аппарат,
- Нэгдсэн хяналтын систем,
- Дутуу төрсөн нярайн өндөр чийгшилтэй инкубатор,
- Тархины цахилгаан бичлэгийн аппарат,
- Нярайн дефибрилятор зэргийг хүлээлгэн өглөө.
Эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2025-2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, зургаан блок барилгын хоёр блокийн их засварыг хийж байна. Мөн нярайн тусламж үйлчилгээг сайжруулахаар нийслэлийн санхүүжилтээр 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан барилга байгууламжийн засвар, шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг танилцууллаа. Тухайлбал, Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн тал хувь нь 2009 оноос хойш засварт ороогүй бөгөөд дулаан алдагдал ихтэй, нярайн эмгэгийг эмчлэх хэсэгт 2013 оноос хойш их засвар хийгдээгүй гэв. Мөн А блокийн агааржуулалтын системийн шинэчлэлийг хийх, хоёр тасагт хүчилтөрөгчийн ханын систем суурилуулах, эх барих мэс заслын хэсгийн дурангийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд төрүүлэх, өсгөхөд ээлтэй орчин бүрдүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус төр, орон нутгийн хамтын үүрэг юм. Бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, авто зам, дэд бүтцээр хэмжих бус, иргэдийн амьдралын чанараар хэмжих хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл монгол иргэнийг өсгөж бойжуулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх болно. Иймд шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ” гэлээ.
Үйл явдал
"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө. Энэ үеэр мөн ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм.
Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд,
- “A” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийн бараа;
- “B”, “С”, “D” , “Е” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ;
- “F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;
- “G”,“H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.
Өнөөдрийн байдлаар А секторт 50, B, C, D, E секторт 85, F секторт 30 нийт 165 цэгт иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна.
Үйл явдал
Бүгд Найрамдах Солонгос Улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Зуны Давос чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзав.
Ерөнхий сайд нар Монгол, Солонгосын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг тэмдэглээд, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцав.

Сөүл хотноо өнгөрсөн онд болсон “Чухал ашигт малтмал ба уул уурхайн хөрөнгө оруулалт” сэдэвт Монгол, Солонгосын хамтарсан форумын үеэр талууд уулзаж байснаа дурсаж, тэр үед тохиролцсон “Чухал ашигт малтмалын хамтарсан судалгааны лаборатори” нээгдсэнд талууд баяртай байгаагаа илэрхийлээд ховор металлын салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиров.
Хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах тав дахь шатны хэлэлцээ энэ зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсныг талууд сайшааж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр ашигтай хэлэлцээр байгуулахын төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллахаа тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд хувийн хэвшлийг дэмжих, бизнес эрхлэхэд ээлтэй орчныг бүрдүүлэх, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах ажлуудыг хэрэгжүүлж буйгаа онцлоод банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа гэлээ. Тухайлбал, УИХ-д өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар гаднын банк үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Үр дүнд нь Какаобанкаас эхлээд Солонгосын нөлөө бүхий хэд хэдэн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгийг илэрхийллээ.
Талууд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд эхлүүлсэн ч зогсонги байдалд орсон 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөлд яаралтай шийдэл олохоор тогтов.

Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг дүгнэж, БНСУ-ын анагаах ухааны хөгжил дэвшлээс нэвтрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээллийн дэвшилтэт технологи, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Монгол, Солонгосын иргэд харилцан зорчих нь эрчимтэй нэмэгдэж байгааг хоёр тал онцлон тэмдэглээд цаашид иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцов. Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
-
Дэлхий нийтээр..2023/05/22
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ хэд байдаг вэ?
-
Хэн юу хэлэв...2019/06/27
Б.Гүрсоронзон: Аж ахуй нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, жолоочийн ажил, ...
-
Тод зураг2020/03/03
Амны хаалт үйлдвэрлэхэд хотоос дэмжлэг үзүүлнэ
-
Үйл явдал2023/09/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
