Дэлхий нийтээр..
Өнөөдөр Наурызын баярын өдөр...
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог казах үндэстний түүх, соёлын уламжлал, хүндэтгэлт Наурызын баярын энэ өдрийг тохиолдуулан та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.
Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн олон зуун сая хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг. 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтний баяр юм.
Дэлхийн 40 гаруй орны ард иргэд тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярын өдөр казах түмэн айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, аксакал буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсож, “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвгөдийн сургаалыг ёсчлон биелүүлж, ёс төгөлдөр баясан цэнгэдэг, эв нөхөрлөл, ёс зүй, хүмүүжлийн чухал ач холбогдолтой, үндэсний соёлын нэгэн чухал зан үйл юм.
Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор казахын ард түмэн жил бүр тэмдэглэдэг түүхтэй.
Монголчуудын хувьд ч энэ өдрийг казах түмний өв соёлыг хадгалан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэн эрхэмлэх, үйл бүтээлээ дүгнэн цэгнэх, хөгжил дэвшлийн ирээдүйг угтан тодорхойлох утгаар тэмдэглэсээр ирсэн.
Казахууд нарыг шүтдэг учраас 3 дугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгийг хэлэлцдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёсолж “амьдрал тэтгэж буй наран ээж минь” гэж залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх агаад ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг. Эрчүүд нь ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг.
Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед “Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой!” хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог. Ийнхүү золгодог нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай аж. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гараа атгалцаж золгоно.
Наурызын баярын орой залуус хосоороо савлуураар савлуурдаж тоглодог бөгөөд энэ үед дуулж хөгжилдөх, хоорондоо дотносон танилцах, сэтгэлийн үг хэлэлцэх, болзох хором болдог гэж хэлж болно. Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг. Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож харилцан дуулна. Шалгарсан нь бусад шалгарсан хүмүүстэй өрсөлдөх байдлаар цааш өрнөдөг байна.
Монголчууд цагаан сараар бууз банш иддэг бол казахууд шөл уудаг. Казахуудын хувьд 7-гийн тоо чухал бөгөөд баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол унд байх учиртай. Шөл нь мах, гурил, өөх тос, үр тарианы төрөл, давс, сонгино, ус гэх мэт долоон төрлийн хүнсээр амтлагдсан байх ба энэ нь амьдралын долоон өнгө болох баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлдэг байна. Энэ баярын үеэр архи дарс огт хэрэглэдэггүй бөгөөд исламын ёслолд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.
Баяраар аль болох олон айлд шөл уух тусам сайн хэмээн үзнэ. Ирсэн зочдод гэрийн ахмад хүнээр ерөөл хэлүүлэх ба сонсож буй хүмүүс алгаа хавсран нүүр рүүгээ харуулна. Ерөөл дууссаны дараа “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай “амин” гэж хэлээд хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ.
Эрхэм хүндэт казах түмнийг шинэ өдөр бүхэн алтан нар ивээлт цацрагаараа ивээж, шинэ амжилт, шинэ жаргал, шинэ золбоо хийморийг авчирч байх болтугай.
Уламжлалт баяраа ам дүүрэн ерөөл билигтэй, дастархан дүүрэн идээ будаатай, домбор хөгжмөө эгшиглүүлэн, кара жоргагаа бүжиж, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй.
Наурыз мейрамы хутты болсын.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2026/06/05
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
-
Дэлхий нийтээр..2024/07/18
ЗГ: Төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ...
-
Дэлхий нийтээр..2024/10/08
ХЭҮК: 738 иргэнд 198 цагийн хүний эрхийн зөвлөгөө өглөө
-
Хэн юу хэлэв...2021/12/28
Н.Сугар: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 1.5 тэрбум биш,...
