Дэлхий нийтээр..
А.Баттогтох: Макалу оргилд авирсан анхны Монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилготой байна
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Сайн байна уу? Өдрийн мэнд
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Ховд аймагт төрж, өссөн. Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш 19 дэх жилдээ ”Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буюу одоогийн Буянт-Ухаа нисэх буудалд механик инженерээр ажилладаг. Ажилд орсоноосоо хойш хугацаандаа ажилчин, механикч, орнитологич техникч зэрэг олон төрлийн ажил хийж үзсэн.
-Маш сонирхолтой ажил эрхэлдэг юм байна. Таны ажлын онцлог болон хүндрэлтэй, эсвэл сайн сайхан зүйл нь юу байдаг вэ?
–Би нисэх буудлынхаа Аеродромын албанд нь ажилладаг. Манай алба Буянт-Ухаа аэродром болон ИНЕГ-ын харьяанд байдаг бусад нисэх буудлуудын аэродромыг нислэгт бэлэн байлгах, нисэхийн аюулгүй байдлыг хангах, хээрийн аэродром сонгох гэх мэт олон талын үүрэгтэй мэргэжлийн алба. Аэродром гэдгийг агаарын хөлөг хөөрч буух, явгалах, зогсоход зориулсан цогц байгууламж гэж ойлгож болно. Үүнийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд, тухайлбал цастай, бороотой, эсвэл хавар, намрын улиралд температурын огцом өөрчлөлтөөс шалтгаалж мөстөлт, гулгаа үүсэхээс сэргийлж шуурхай ажиллах, аэродромд гарсан эвдрэл гэмтлийг шуурхай засварлах зэргээр цаг хугацаатай уралдсан хүндрэлтэй үеүд нилээд гардаг л даа. Гэхдээ энэ бүхнийг аль болох урьдчилан тооцоолж, бэлтгэл ажлуудыг хангасан баг хамт олон байдаг учир алзахгүй л даван гардаг даа.
-Таны эрхэлдэг ажил болон хичээллэдэг спортод ижил төстэй зүйл байдаг уу?
-Хийж байгаа ажил, уулын спорт аль аль нь миний сонирхож сонгосон зүйл ч гэлээ маш өндөр хариуцлага шаарддаг. Байгалийн хатуу ширүүн нөхцөлтэй тэмцэх, даван туулах өөрийгөө болон бусдыг аюулгүй байлгахад анхаарах гэдэг утгаараа төстэй юмуудаа. Бас би багаасаа л нутгийнхаа уул хадаар аялах сонирхолтой, аавынхаа бууг үүрээд л ан ав хийх санаатай хэдэн уул даваад л явчихдаг хүүхэд байсан. Ажилд орсноосоо хойш орон нутгийн нисэх буудлуудын аэродромын засварын ажилаар хааяа хөдөө явж, боломж гарвал тухайн нутгийн өвөрмөц онцлогтой газар нутагтай танилцдаг, амралтын өдрүүдээр байгаль, шувуу, зэрлэг амьтдын гэрэл зураг сонирхдог байсан нь аялах, уулын спортоор хичээллэхэд минь нөлөөлсөн байх. Түрүүн би орнитологич техникчээр ажиллаж байсан гэж хэлсэндээ. Тэр нь агаарын хөлгийг шувуу, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх өвөрмөц сонирхолтой ажил байдаг шүү.
-Та хэзээнээс ууланд авирах болов? Ууланд алхах, авирах нь бусад спортоос юугаараа онцлог вэ?
-Би уулын спортын төрлүүд болох уулын алхалт, уулын гүйлт, уулын спорт аяллын төрлөөр 10 жил тууштай хичээллэсэн бөгөөд сүүлийн 7 жилд өндөр уулын авиралтаар хичээллэж байна. Ууланд авирах нь бие махбодын эрүүл мэндэд тустайгаас гадна, саадыг давж зорилгодоо хүрэх, түүнээсээ урам зориг, таашаал мэдрэх, өөрөөрөө бахархах, алдаанаасаа суралцах, туршлагаасаа бусад хүмүүстэй хуваалцах, энэ спортыг таниулахад тустай байдаг. Уул бүр өөрийн онцлогтой. Тухайн жилийн хур тунадас, цаг хугацаанаас хамаарч авиралт бүр адилгүй.
-Энэ хугацаанд ямар ямар амжилт үзүүлэв, хичнээн оргилд авиралт хийсэн бэ?
-Өмнөд америк тивийн ноён оргил Андын нурууны ноён оргил Аконкагуа /дтд-6962/, Ёвроп тивийн ноён оргил, Кавказын нурууны ноён оргил Эльбрус /дтд-5642/. Эх орныхоо 4000 м-ээс дээш өндөртэй оргилуудад ихэнхэд нь авиралт хийсэн. Жишээ нь: Монгол орны хамгийн өндөр оргил болох Алтай таван богд Хүйтний оргилд гэхэд 6 удаа авирсан. Сүүлийн жилүүдэд “Horizon mountaineering club”–ийнхээ гишүүдтэй хөтөч хийж явж байгаа болохоор Монголынхоо өндөр оргилуудад бараг бүгдэд нь авирсан гэж ойлгож болно. Мөн 2018-2021 онуудад зохиогдсон Г.Барсболдын нэрэмжит уулын эрчимт алхалтын Улсын аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр, 2019 онд зохион байгуулагдсан “Asralt Race” тэмцээнд шагналт 5-р байр. Уулын клуб холбоодын дунд зохион байгуулагддаг уулын авиралтын “Алпинад 2019” тэмцээнд чөлөөт авиралтын төрөлд багаараа оролцож 4-р байранд шалгарч, Хархираа Түргэний уулсын оргилд авирсан. 2019 онд зохион байгуулагдсан Шри Чинмойн нэрэмжит 24 цагийн тасралтгүй гүйх марафон гүйлтийн тэмцээн шагналт 5-р байр эзэлж байсан. Мөн гүйлтийн спортод дуртай. Монгол улсад болсон Олон улсын болон орон нутгийн чанартай марафон гүйлтийн тэмцээнүүдэд оролцдог.

-Тив алгасан өндөр оргилд гараад, зорилгоо биелүүлээд ирэхэд уулчин хүнд юу бодогддог юм бол?
-Мэдээж хэрэг өөрийгөө ялах , мөнх цаст уулсуудад Монгол төрийн далбаагаа мандуулаад хүсэл зорилгоо биелүүлээд, аюул осолгүй ирнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмжийг өгдөг.
-Энэ жил Монголын уулчид хоёр өндөр оргилд нэгэн зэрэг авиралт хийх гээд бэлдэж байна. Нэг нь таны гарах Макалу уул байгаа. Энэ уулыг сонгох болсон шалтгаан нь юу байв?
-Энэ жил Дэлхийн дээвэр Эверест, Макалу гэсэн оргилуудад авиралт хийнэ. Надтай зэрэг авиралт хийх уулчин “Хайрхан” аялагч клубын Спортын мастер Гантулга гэдэг залуу бий. Гантулга маань Дэлхийн дээвэр Эверестэд авирна. Миний авиралт хийх Непал улсын Макалу оргил нь Дэлхийд өндрөөрөө тавд эрэмбэлэгддэг, далайн түвшинөөс дээш 8463м өндөр оргил. Гималайн нурууны салбар уул. Авиралт хийхэд нилээд хэцүү гэж хэлж болно. Энд өмнө нь монгол уулчин гарч байгаагүй болохоор миний хувьд анхны монгол хүн болж, төрийн далбаагаа мандуулах зорилго тавьсан.
-Непал улсын цаг уурын байдал, уулчин хүнд нөлөөлөх хүндрэл бэрхшээл нь юу байдаг вэ?
–8000- тай уул бол мэдээж хэцүү өндрийн өөрчлөлт, цаг агаарын эрс тэрс уур амьсгал гээд. Ууландаа цаг агаарын хэлбэлзэл маш өндөртэй. Шөнөдөө -30 градустай байхад өдөртөө нэмэх градустай байх жишээний маш их хэлбэлздэг. Жаахан салхи гарах юм бол цаг агаар яаж ч эргэж болохоор.
-Таны энэ удаагийн авиралт хийх цаг хугацааны хувьд хаврын улиралыг сонгосон шалтгаан нь юу байв?
-Ихэнх өндөр ууланд авиралт хийхэд хамгийн тохиромжтой үе нь тавдугаар сар байдаг. Тиймээс цаг хугацаагаа ингэж тааруулсан. Бид дөрөвдүгээр сарын эхээр очоод уур амьсгалдаа дасан зохицох, авирах бэлтгэлээ хийх хэрэгтэй. Бэлтгэлийн хугацаатайгаа нийлээд авиралт маань хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Бид 4 сарын –3 нд Монголоос уулруугаа зориод 6-н сарын эхээр ирэхээр төлөвлөсөн байгаа.

-Өмнө нь гарч байсан оргилуудаас авиралт хийхэд хамгийн хэцүү оргил нь аль байсан өэ?
–Улирал, цаг агаарын нөхцөл, хур тунадас, салхи шуурга гээд их олон зүйлээс шалтгаалаад аль ч уул руу авирахад амархан байна гэж байдаггүй. Авиралт болгон л хэцүү байдаг. Манай улсын хувьд зуны цагт авиралт хийхэд илүү тохиромжтой санагддаг.
-Ууланд алхахын давуу тал, ач тусын талаар та юу хэлэх вэ?
-Ууланд алхах нь мэдээж олон сайн зүйлийг дагуулна. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, байгальд ойр цэвэр агаарт эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх, харин өндөр уулын спорт бол илүү их туршлага, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаа, бэлтгэл шаарддаг халуун хүйтэн, салхи шуурга гээд олон бэрхшээлийг даван туулдаг болохоор хүнийг тэсвэр тэвчээрт сургадаг, төлөвшүүлдэг спорт гэж би боддог.
-Ууланд авирахаасаа буух нь илүү хэцүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Өндөр оргилуудад авирахад тэр ялгаа хэр их мэдэгдэж байна?
-Мэдээж хэрэг өгсөөд ядарсан хүмүүс уруу газар ачаатай явна гэдэг маш хэцүү байдаг. Зарим хүмүүс яаж ийж байгаад л оргилд нь гарчихвал зорилгодоо хүрчихлээ, болчихлоо гэж санадаг. Буцаад буух цаг хугацаа, энергиэ бас хуваарилах ёстой шүү дээ. Гол нь аюулгүй, эсэн мэнд бууж ирэх нь чухал.
-Мэдээж хэрэг энэ спортоор хичээллэхэд санхүүгийн хувьд нилээд өндөр өртөг шаардагддаг байх. Таны хувьд зардал, санхүүгээ хэрхэн шийддэг вэ?
-Ихэнхдээ өөрөөсөө гаргадаг байсан. Мөн клубийн зүгээс тодорхой хэмжээгээр дэмждэг. Сүүлийн үед зарим нэг компани, найз нөхөд бас дэмждэг болж байгаа. Өндөр уулын спорт нь өөрөө их эрсдэлтэй спорт. Тэрийгээ дагаад зардал мөнгө их орох талтай. Тухайлбал уулын төлбөр, гэр баазын зардал, тухайн уулчин эрсдэлд орсон үед аврах хамгаалах үйлчилгээ гээд бүгд төлбөр хураамжтай. Сэтгэлээрээ дэмжиж хурцалж өгдөг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Танд баярлалаа. Зорьсон хэрэгээ амжилттай бүтээгээд эх орондоо эргэн ирээрэй.
-За баярлалаа. Энэ дашрамд дараагийн авиралтад минь тусалж чин сэтгэлээсээ дэмжиж байгаа гэр бүл, ажлын хамт олон, клубын гишүүд, найз нөхөд, бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлье.
Монголчуудаа эр зориг, тэвчээр хатуужилд хандив өргөхийг хүсвэл Хаан банк 513130789 Баттогтох дансанд хийгээрэй.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
