Хэн юу хэлэв...
У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт элбэрэлт сайхан ээжүүд, эрхэмсэг гоо Монголын сайхан бүсгүйчүүд Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Цеткин гаргаж, түүний үзэл санааг дэлхийн олон улс орон сайшаан дэмжсэнээр 1974 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор тэмдэглэж байхаар тогтсон түүхтэй.
Монголчууд бид эрт дээр үеэс эмэгтэйчүүдээ эрхэмлэн хайрлаж, эхчүүдээ дээдлэн хүндэлж, гэрийн хэргээс төрийн хэрэг хүртэл үг сургаалыг нь сонсож, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай билээ.
Аугаа хүчирхэг ард түмнийхээ их түүхийг бүтээлцэж, туурга тусгаар эх орныхоо гал голомтыг тууштай сахин хамгаалж, түүхэнд мөнхөрсөн ухаан хурц, дайчин цовоо бүсгүйчүүдээрээ бид бахархдаг.
Эвийн хүчийг илэрхийлсэн таван сумны сургаалаар домог болон мөнхөрсөн Алунгоо эх, тэсэшгүй бэрхийн дундаас дэлхийн талыг эзэгнэн боссон Их эзэн Чингис хааныг төрүүлж өсгөсөн Өүлэн эх, эвийг зангидаж, төрийг түшилцсэн Бөртэ үжин, Их хаадын эх болсон Сорхугтани бэхи, төрөө төвшитгөж, түмнээ нэгтгэсэн сэцэн Мандухай, үзэл бодол, үйл хэргээрээ түмнээ түүчээлж, шинэ үеийн хөгжил, дэвшлийн эхлэлийг тавилцсан С.Удвал, Э.Оюун гээд түүхэнд мөнхөрсөн олон сайхан ээжийнхээ хатан ухаан, зориг тэвчээр, баатарлаг үйл хэргийг бид үеийн үедээ мартах учиргүй.
Эхчүүдээ дээдлэн, эмэгтэйчүүдээ хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалаа бэхжүүлэн Ази тивээс анх удаа Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш хэмээн хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөөг хангасан билээ.
Улмаар эмэгтэйчүүдийн анхны байгууллага болох “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” байгуулж, даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламыг томилж байлаа.
Ази тивийн эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ийнхүү Монголын эрдэм төгс, ухаан хурц, сайхан бүсгүйчүүд маань байгуулсан түүхтэй!
Өрх гэрийн амьдралд, үр хүүхдүүдийн хүмүүжилд, улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг асар их. “Айлд нөхрийн нэрээр орж эхнэрийн нэрээр гардаг” гэж манай ард түмэн ярьдаг. Энэ үгнээс айл гэрийн амьдралд үзүүлдэг эмэгтэй хүний нөлөө, байр суурь тов тодорхой харагдаж байна.
Энхрий үрсээ энгэрээсээ ундаалж, элэг зүрхээрээ энэрэн хайрладаг шигээ хатуу бүхнийг аргадан зөөллөж, хосгүй сайхан сэтгэлээр бусдын төлөө зүтгэдэг, халамж хайрын дээд, хайрын бурхан болсон бүсгүйчүүд Та бүхэндээ эрчүүд бид үргэлж талархаж явдаг билээ.
Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад эрчүүд биднийг хажуу дэргэдээс минь түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.
Ийм л аугаа амьд бурхад учраас бүсгүйчүүд Та бүхнээ “Монголын үзэсгэлэнт сарангоо, намайг төрүүлсэн ижий” хэмээн манай ард түмэн найраг шүлэгтээ магтан дуулдаг юм.
Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд, эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хангасан байдлаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна.
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм.
Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой.
“Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Зовох гэж биш жаргах гэж энэ хорвоод ирдэг” гэж сайхан үг байдаг.
Энэ ч утгаараа айл өрх бүрийн амьдрал, аз жаргал эрчүүд биднээс ихээхэн шалтгаална.
“Эр амгалан бол гэр амгалан” гэж үг бий.
Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, охин үрээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.
Энэ бол монгол эр хүний ёс жудаг, нэр төрийн хэрэг юм.
Манай улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын гол ачааллыг эмэгтэйчүүд, ээжүүд маань үүрч байдаг.
Тиймээс энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Түүнчлэн эх, нялхсын эрүүл мэндийг онцгойлон анхаарч, “Эрүүл эх, нялхас” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулж, дэлхийн түвшинд хүргэх шаардлагатай байна.
Мөн хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих явдал чухал байна. Төр засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, дэмждэг, түмэн олон нь эмэгтэйчүүдээ хайрладаг, хүндэлдэг улс орон хөгжин дэвждэг жамтай.
Тиймээс эх орны ирээдүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой.
Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл саруул иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн монгол эхийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг нэгэн гэр бүл, ураг төрөл төдийгүй улс орон хүртэл хүртэж байдаг.
Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийнх биш, улс үндэстний, цаашлаад хүн төрөлхтний асуудал билээ.
Эрүүл саруул, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, иргэд Монгол Улсын ирээдүйг цогцлоох эрч хүч билээ.
Тиймээс ачтай буянтай ээжүүд Та бүхний халуун сэтгэл, дулаан гар дээр эх орны маань ирээдүй хойч үе, үр хүүхдүүд маань өсөж өндийж байна.
Өнөөдөр бол Монголчууд бидний хэлж заншсанаар “Эмэгтэйчүүдийн баяр-Мартын 8”.
Үр хүүхэд нь ээжийгээ, хань нөхөр нь халамжит гэргийгээ, хайртай залуу нь сэтгэлт бүсгүйгээ баярлуулахаар догдлон байдаг хайр талархлын өдөр юм.
Энэ сайхан өдөр Монгол төрийн гал голомт, Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон Та бүхэн маань хуран цуглаж байгаад би туйлын ихээр бэлгэшээж байна.
Амьдралыг эх хүн үүсгэж, эх орон ижий танаас эхэлдэг болохоор энэ сайхан баярын өдөр амьдралын эх болсон ачлалт буянт ээжүүд Та бүхэндээ нийт ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн ёслоё.
Нарт ертөнцөд амар амгалан, аз жаргал авчирдаг орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь дүүрэн жаргалтай, өнөр бүлээрээ энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!
Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!
Хэн юу хэлэв...
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Хэн юу хэлэв...
“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ.
Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.
Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:
•260 орчим орон тоог оновчтой болгож,
•захиргааны зардлыг 10 хувь,
•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж,
•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна.
Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
-
Дэлхий нийтээр..2024/08/28
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслий...
-
Үйл явдал2025/05/20
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Хэн юу хэлэв...2023/02/15
Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх уулзалтаар ард иргэд төрийн үйл хэрэгт шууд оролцож ба...
-
Хэн юу хэлэв...2024/04/29
Г.Золбоо: 2024 оны эхний улиралд манай улсын эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд ца...
