Дэлхий нийтээр..
УИХ: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулагдана
Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан Сэтгүүлчдийн төлөөлөл болон Хөгжлийн банкны асуудлыг хариуцсан Ажлын хэсгийн гишүүдийн төлөөллийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, санал солилцож, ажлын хэсэгт тодорхой үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монгол банк болон аудитын тайлан, дүгнэлт зөвлөмжтэй танилцаж, дүнг УИХ-д танилцуулах үүрэг бүхий таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдэд Б. Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, С.Чинзориг нарын гишүүд багтан, ажиллаж буй.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 17-нд эхний дүгнэлтээ танилцуулах бол 21-нд эцсийн дүгнэлтээ гаргана. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараагаар уг асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Нийтийн сонсголын тухай хуулиар 14 хоногийн өмнө олон нийтэд нээлттэй зарлаж, 30 хоногийн дотор зохион байгуулах ёстой. Тиймээс Нээлттэй сонсголыг гуравдугаар сарын эхний долоо хоногт багтаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Уулзалтын эхэнд “Энэ бол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлууд. 2015 онд УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт гарч байсан. 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамж баталсан. Хөгжлийн банкинд 2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас шалгалт хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлтүүд нь эцэслэгдэж, 10 жилийн турш яригдаж байсан боловч одоо олны дэмжлэг авч нэлээн чухал асуудал болж байна. Олон талын хамтын ажиллагаа, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн байдлаар 50 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Нэгдүгээр улиралдаа багтаад 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөхөөр график, төлөвлөгөө хийгдээд, амлалт үүрэг аваад ажиллаж байгаа юм байна.
Хууль хяналтын байгууллагуудаар АТГ-т 10, Эрүүгийн Цагдаагийн газарт 3, Дүүргийн цагдаагийн газарт 2, шүүхэд 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 8, хяналтын шатанд 6 хэрэг шалгагдаж байна.
Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа байнгын хороо хуралдаад Нээлттэй сонсгол зохион байгуулах чиглэлийг нэгдүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар ажлын хэсэгт чиглэл болгосон.
Ажлын хэсэг 22 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу анхны ерөнхий хяналтын Нээлттэй сонсгол зохион байгуулагдах гэж байна гэж ойлговол зохино” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.
Уулзалтад оролцсон сэтгүүлчид энэ үеэр Нээлттэй хэлэлцүүлгээр яригдсан асуудлуудын талаар нэгдсэн мэдээлэл өгөхийн зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банкинд үүссэн асуудлаар хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэхийн зэрэгцээ асуудлыг хар цагаанаар нь ялгах шаардлагатай. Ном журмаар нь зээл аваад зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хэлмэгдүүлж болохгүй. Харин зээлийг зориулалт бусаар ашигласан, улстөрийн хамааралтай хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой" гэсэн байр сууриа илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2026/09/09
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
-
Үйл явдал2021/01/20
УИХ-ын байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2022/06/16
Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл, бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрө...
-
Үйл явдал2020/11/13
"Буян-Ухаа" ОУНБ хэвийн горимоор ажиллаж байна
