Дэлхий нийтээр..
Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо
Монголын сайтуудын холбооны нэгдсэн VI дугаар чуулган энэ сарын 17-ны өдөр боллоо. Энэ удаагийн чуулганд Монголын сайтын холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцох ёстойгоос 81 сайт мандатын эрхээ авч оролцсон байна.
Чуулганд мандатын эрхтэй оролцож байгаа төлөөлөгчид Монголын сайтын холбоо төрийн бус байгууллагын дүрмийн дагуу Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн сонгодог. Үүн дагуу нийт 32 төлөөлөгч Удирдах зөвлөлд нэр дэвшин өрсөлдсөнөөс 15 төлөөлөгч сонгогдов.
Шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүд
1. Ц.Мөнхбаатар, Ugluu.mn
2. Б.Цоожчулуунцэцэг, Shudarga.mn
3. Э.Батхүү, Dorgio.mn
4. С.Хоролгарав, Nuuts.mn
5. П.Энхжаргал, Word.mn
6. Э.Цэнд-Аюуш, Urlag.mn
7. М.Гал-Арив, Sonin.mn
8. Х.Доржпалам, Zindaa.mn
9. Э.Цогбадрал, Ardchilal.mn
10. Н.Энхцэцэг, Shilen.mn
11. С.Батсүх, Barilga.mn
12. Г.Нандин-Эрдэнэ, Mass.mn
13. Ж.Цэсэн, Turleg.mn
14. Д.Пүрэвзана, Today.mn
15. Я.Баярбаатар, DNN.mn
Улмаар Удирдах зөвлөл үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр гишүүдийн 100 хувийн саналаар Dorgio.mn сайтын захирал Э.Батхүү сонгогдож, Монголын сайтын холбооны тав дахь ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг түүнд тамгаа шилжүүлэн өглөө.
Э.Батхүү нь Монголын сайтын холбоонд 2012 оноос хойш холбооны удирдлагын үүрэг хүлээж, Хяналтын зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг тус тус хашиж байсан юм.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
Дэлхий нийтээр..
АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжээ
АНУ-ын Миннесота мужийн 30 гаруй усан хангамжийн систем долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд кибер халдлагад өртжээ. Холбооны мөрдөх товчоо халдлагын эх үүсвэрийг тогтоохоор шалгаж байгаа боловч хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Миннесота мужийн Мэдээллийн технологийн албанаас мэдээлснээр халдлагуудын хугацаа болон онилсон төхөөрөмжүүдэд ижил төстэй шинж ажиглагдсан ч бүгдийг нэг этгээд үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байна. Халдлагын ихэнх нь усан хангамжийн тоног төхөөрөмжийг алсаас хянах, удирдах системүүдийг онилжээ. Гэхдээ халдлагад өртсөн бүх газрын усан хангамж тасалдаагүй бөгөөд иргэдийн ундны усны чанарт нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй аж.
Миннеаполис хотоос хойд зүгт орших 1700 орчим хүн амтай Брахам хотын ус цэвэршүүлэх байгууламж долоодугаар сарын 27-ны даваа гарагт хэдэн цагийн турш ажиллагаагүй болсон байна. Халдагчид худаг болон ус цэвэршүүлэх байгууламжийг удирдах системийг унтраасан тул хотын захиргаа иргэдийг усаа хэмнэхийг хүсжээ. Энэ хугацаанд хэрэглээг усан цамхагт нөөцөлсөн усаар хангасан бөгөөд усны чанарт асуудал гараагүй байна.
Харин 80 мянга орчим хүн амтай Плимут хотод усан хангамжийн дэд бүтцийн холбоо тасарсан ч ажилтнууд системийг хэвийн ажиллуулжээ. Холбоог долоодугаар сарын 28-ны мягмар гарагийн үдээс хойш сэргээсэн бөгөөд усны түвшин болон чанарт өөрчлөлт гараагүй байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон бусад байгууллага өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой хакерууд ус, бохир усны систем болон чухал дэд бүтцийн удирдлагын төхөөрөмжүүдийг онилж байгааг анхааруулжээ. Гэхдээ Миннесота мужид гарсан халдлагыг Ирантай холбоотой этгээдүүд үйлдсэн гэх албан ёсны нотолгоо одоогоор гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
-
Дэлхий нийтээр..2023/07/19
“Гамшгийн эрсдэлийг бууруулах бүсийн санхүүжилтийн механизм” бүрдүүл...
-
Дэлхий нийтээр..2020/03/11
Хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуу...
-
Дэлхий нийтээр..2022/04/15
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл&rdq...
-
Дэлхий нийтээр..2024/01/09
Сэлбэ голын гүнд суваг нээж, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна
