Дэлхий нийтээр..
Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн ээлжит хурал болж, танхимаар 37, цахимаар дөрөв, нийт 41 гишүүн буюу 61 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг Цэцдийн зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар удирдаж, тооллогын комиссын даргаар улсын начин Р.Цоггэрэл, гишүүдээр улсын начин А.Хатансайхан, аймгийн арслан С.Ерөөлт нар ажиллав.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
Үүнд:
- Барилдааны дүрмийн зарим заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахыг тодорхой хугацаагаар хойшлуулах,
- Удааширсан барилдаанд хөлийн цэц болон засуулуудын дүрэмд заасан эрх үүргийг бүрэн хэрэгжүүлж ажиллах,
- Зөрчилтэй өмсгөлийг 2022 оны гуравдугаар сарын 15-ны дотор арилгахыг бөхчүүдэд үүрэг болгох, (Үүнд, давхар ширсэн, зодогны ирмэгээр мяндсан утас гүйлгэж оёсон, нарийн элэг бүс бас шуудагны уяа гэх мэт)
- Барилдааны дүрэмд оруулсан шаардлагад нийцсэн байх (Үүнд, Бөхийн зодог. Зодогны ширээс нь 17 эгнээ буюу 8.0 см-ээс илүүгүй байна. Ханцуйг гурав бөгжилж ширэхийг зөвшөөрнө. Ингэхдээ их биеийн дээд ширээснээс 3.0 см зайтай байна. Ширээсний өргөн нь 5 эгнээнээс хэтрэхгүй. Зодогны элэг бүсийг мяндас, хөвөн утас, хадгаар бөөрөнхийлөн сүлжиж, 1.5 см-ээс багагүй голчтой хийнэ. Зодгонд өөр нэмэлт ширээс хийх, үндсэн ширээсийн дундуур давхар ширээс хийх, дотор талд нь утас зангидах, өнгө дотрын хооронд хатуулга хийхгүй. Бөхийн шуудаг: Шуудаг таван ширээстэй байна. Гуяны арын ухлаадас нь өгзөгний махыг таллаж дарсан байна. Уяаны зай нь ширээснээсээ 1.5 см-ээс багагүй зайтай байна. Шуудагны ар ба өвөр талд нь босоо ширээс гаргахыг зөвшөөрнө. Шуудагны уяа гаргах нүхийг савхи буюу илгээр хийж бөхөлж болно. Шуудагны дээд, доод уяаг элэг бүсийн адил зөөлөн эдээр гурваар сүлжин хийх бөгөөд ерөнхий голч нь 1.5 см-ээс багагүй байна).
Бөхчүүд зодог шуудгаа 2022 оны зургадугаар сарын 15 гэхэд бүрэн бэлдэж, бүх төрлийн барилдаанд оролцоно.
Өмсгөлийг шалгах комиссын гишүүнээр
- Улсын арслан Д.Ганхуяг
- Улсын заан Д.Бумбаяр
- Улсын заан Д.Баасандорж
- Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
- Улсын начин С.Багахүү нарыг томилов.
Өмсгөлийн стандарт шалгах журмыг хавсралтаар баталж, мөрдүүлэхийг МҮБХ-ны ажлын албанд даалгав. Хурлаар хэлэлцэх бусад асуудлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, МҮБХ-ны удирдлагууд тодорхой асуултуудад хариулж, мөн зохих мэдээлэл өглөө.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2024/12/19
Бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх асуудлаа...
-
Дэлхий нийтээр..2023/04/28
Авлига, хүнд суртлаас сэргийлэхийн тулд газар өмчлөлийн үйл явцыг “Шилэн&r...
-
Дэлхий нийтээр..2025/12/31
Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн
-
Үйл явдал2021/10/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
