Тод мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын “Известия” сонинд ярилцлага өгөв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлалын өмнөхөн ОХУ-ын “Известия” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
- Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой өнгөрсөн 11 дүгээр сард тохиосон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 12 дугаар сарын 16-ны өдөр ОХУ-д айлчлал хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ямар асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна вэ?
- Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж байна. Энэхүү түүхт ойг тэмдэглэх хүрээнд, хоёр улсын харилцаа шинэ зуунд шилжих босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлал хийх гэж буйд баяртай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзах үеэрээ өнгөрч буй зуун жилийн хугацаан дахь хоёр улсын харилцааны хөгжлийн явцыг дүгнэж, цаашдын хөгжлийн зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, харилцааны шинэ зууны замын зураглалыг гаргана гэсэн хүлээлттэй байна.
Айлчлалын үеэр иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, ялангуяа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжийн талаар ярилцах төлөвлөгөөтэй байна. Хоёр улсын харилцаанд сүүлийн жилүүдэд хуримтлагдаад байсан аж ахуйн шинжтэй цөөн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хуучин асуудлуудыг хуучин зуунд нь үлдээж, харилцааны шинэ зууныг томоохон төслүүдээс эхлүүлэх нь зүйтэй юм.
Айлчлалын үеэр “Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тортоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” болон хилийн боомт, гааль, оюуны өмч, боловсрол, соёлын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах зорилтыг дэвшүүлж, дунд, урт хугацааны хамтарсан төлөвлөлтийг хийх нь зүйтэй гэж боддог. Түүнчлэн Оросын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг ашиглан манай улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ болон гуравдагч орны зах зээлд гаргах хамтын ажиллагааны хэлбэр ихээхэн ирээдүйтэй юм. Ийм боломжийг хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй эрэлхийлнэ гэж найдаж байна. Монгол Улсын Загсийн газар эрх зүйн үндсийг сайжруулж, худалдааны саад тотгорыг бууруулахад анхаарах болно.
- Монгол Улс 2012 онд НАТО-гийн түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөрт нэгдэн орсон бөгөөд монгол цэргүүд НАТО-гийн Афганистан дахь ажиллагаануудад тогтмол оролцож ирсэн. АНУ, БНХАУ хооронд хурцадмал байдал үүсэж буй энэ нөхцөл байдалд Монгол, НАТО хоорондын ирээдүйн хамтын ажиллагааг хэрхэн харж байгаа вэ? Энэ хамтын ажиллагаа нь Монгол Улсын ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй харилцаанд ямар нөлөө үзүүлдэг вэ?
- Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьж ирсэн. Энэ хүрээнд 2012 онд НАТО-тай түншлэл, хамтын ажиллагааны тусгай хөтөлбөрийг байгуулж, тус байгууллагын түнш орон болсон. Тухайн үед терроризмын эсрэг сургуулилт зэрэг чиглэлээр ОХУ, НАТО-гийн хооронд ч идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж байсан.
Монгол Улс, НАТО хоорондын түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр нь улс төрийн яриа хэлэлцээ, сургалт боловсрол, чадавхыг бэхжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа, аюулгүй байдлын шинэ сорилтуудыг даван туулах чиглэлээр хэрэгжиж байна. Энэ хүрээнд тухайлбал НАТО-тай хамтран “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.
НАТО-тай тогтоосон манай хамтын ажиллагаа энх тайван, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал болон аюулгүй байдлыг хангах нийтлэг үнэт зүйлс дээр үндэслэсэн бөгөөд энэ нь манай улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд тунхагласан олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлэх зорилгод бүрэн нийцдэг. Өөрөөр хэлбэл Монгол Улс, НАТО-гийн хамтын ажиллагаа аль нэг улсын эсрэг чиглээгүй гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна.
- БНСУ, БНАСАУ хоорондын харилцааг дэмжих зорилготой Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г үргэлжлүүлэх сонирхол Монгол Улсад байгаа юу?
- Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх орныг хамруулсан яриа хэлэлцээний механизмыг бий болгох санаачилгуудыг 1980-аад оноос хойш дэвшүүлж ирсэн түүхтэй. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх механизм байгуулах санаачилгыг Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч 2013 оны 3 дугаар сард дэвшүүлсэн.
Манай улсын санаачилгыг бүс нутгийн орнууд дэмжиж, 2014 оноос эхлэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг тогтмол зохион байгуулж ирсэн. Харамсалтай нь цар тахлын нөхцөл байдлын улмаас уг хурлыг 2020, 2021 онд зохион байгуулж чадаагүй.
Яриа хэлэлцээний энэхүү механизмаар дамжуулан Солонгосын хойгийн зөрчил, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зогсонги байгаа асуудлуудыг шийдвэрлэх шинэ гарцыг нээхийг манай улс зорьж ирсэн. Энэхүү санаачилга нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, бүс нутгийн түвшинд яриа хэлэлцээг идэвхжүүлэхэд тустай тул цаашид ц үргэлжлүүлэн зохион байгуулахыг миний бие дэмждэг. Ээлжит хурлыг ирэх онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул ОХУ зэрэг бүс нутгийн орон идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
- Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд УБТЗ-ын оролцоотойгоор Тавантолгой - Зүүнбаян чиглэлд 415 км урт төмөр замын шугам баригдаж байна. Энэ зам хэзээ бүрэн ашиглалтад орох вэ? Гурван улсын эдийн засгийн харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
- Монгол, Орос, Хятад гурван улсын хамтын хүчин чармайлтын дүнд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна.
Ялангуяа, дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, 2021 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улсын нутгаар дамжуулан тээвэрлэсэн ачааны хэмжээ өмнөх оны мөн үеэс 210 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх хандлагатай байна. Дамжин өнгөрөх тээврийн хэмжээ ийнхүү нэмэгдэж буй нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.
Монгол Улс жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын шинэ гарцуудыг бий болгох, хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах замаар тээвэр, логистикийн салбараа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэг чухал ажил нь дотоодын нөөц бололцоонд тулгуурлан 2019 онд эхлүүлсэн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт юм.
Жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий энэхүү төмөр замын төслийн гүйцэтгэл 97,6%-тай байгаа бөгөөд 2022 оны 7 дугаар сард ашиглалтад бүрэн оруулна. Улмаар энэхүү төслийг үргэлжлүүлэн Зүүнбаян-Хөөт-Эрээнцав, Зүүнбаян-Ханги төмөр замыг барьснаар гурван улсын холбох төмөр замын шинэ гарцууд бий болох бөгөөд манай улсын транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх, төмөр зам дагуу байрлах 30 гаруй томоохон орд азрын баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тустай юм. Энэ нь хөрш орнуудын хувьд ч шинэ боломжуудыг нээх, харилцан ашигтай хамтын ажиллагааны төслүүд юм.
- Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлээр Монгол Улс “Газпром” компанитай Хятад руу байгалийн хий нийлүүлэх “Союз Восток” байгалийн хийн хоолойн шугамын схемийг тохирсон тухай мэдээлэл гарсан. Энэ төсөл хэзээ бүрэн хэрэгжих вэ?
- ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөл нь 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан томоохон төслүүдийн нэг юм.
“Эрдэнэс Монгол” компанийн харьяалал дахь “Эрдэнэс Газ”, “Газпром НХН”-ийн охин компани “Газопровод союз восток” болон хоёр улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд хийн хоолой барих төслийг урагшлуулахаар цар тахлын нөхцөл байдлад ч үр бүтээмжтэй хамтран ажиллаж байна.
Төслийн ТЭЗҮ-ийг талууд хэлэлцэн баталж, дараачийн шатны ажлуудыг ирэх онуудад амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төслийг хэзээ бүрэн хэрэгжүүлж дуусахыг одоогоор хэлэх боломжгүй. Мэдээж хятадын талтай ярьж, тохиролцох асуудал олон бий. Гэхдээ миний бие холбогдох байгууллагуудын мэдээлэлд үндэслэн төслийн хэтийн төлвийг өөдрөгөөр харж байгаа.
- ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барьснаар Монгол Улсын ОХУ-аас хамаарах хамаарлыг нэмэгдүүлнэ гэж үзэж буй судлаачид байгаа. Та энэ дүгнэлттэй санал нийлэх үү?
- Монгол, Орос хоёр улс шиг бүтэн зууны туршид ойр дотно, тогтвортой хамтран ажиллаж буй улсууд цөөн. Хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь улс хоорондын харилцааны түүхэнд тэмдэглэхүйц онцгой шинж чанартай юм. Манай хоёр улсын хооронд зарчмын зөрүүтэй, шийдвэрлэгдээгүй асуудал байхгүй.
Манай улс хөрш орнуудтайгаа эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хоёр болон гурван талын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хөгжүүлж ирсэн. Тиймээс байгалийн хийн дамжуулах хоолой барих төсөл ч амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төсөл нь гурван улсын эдийн засгийн ашиг сонирхолд нийцэж буй, харилцан ашигтай төсөл учраас ийм итгэл бидэнд төрж байгаа юм. Гэхдээ ийм том хэмжээний мега төслийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай гэдэг нь Орос, Хятадын хооронд өмнө нь хэрэгжүүлсэн төслүүдийн явцаас ч харагддаг.
Бид “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны авто зам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн ач холбогдолтой төслүүдийг урагшлуулах сонирхолтой байна.
- Та батлан хамгаалах, цэрэг-техникийн салбарын хамтын ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ?
- “Үгээр хэлсэн нөхөрлөлөөс тулаанаар гагнагдсан андлал бөх” гэж орос нөхөд маань ярьдагчлан Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амиа өргөсөн орос цэрэг эрсийн алдар гавьяаг монголчууд бид үеийн үедээ санан дурсах болно. Манай улсын нэгэн алдарт найраглалд уран яруу дүрсэлсэнчлэн “Халхын голын баатруудын хөшөө тийш очих ардын зам балрахгүй” юм.
Монголын ард түмэн Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс дуусан дуусах хүртэл “Бүхнийг фронтод” уриан дор, тухайн үеийн улсын эдийн засгийн нөөц, боломжийг бүрэн ашиглан Оросын ард түмний баатарлаг тэмцэлд дэмжлэг тусламж үзүүлсэн. Энэхүү дэмжлэгийг маань Оросын ард түмэн ямагт санан дурсаж, залуу хойч үедээ таниулан ойлгуулж, “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд, Монголын ард түмний тусламжийг бэлгэдсэн хөшөөг Москва муж дахь “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан байдаг. Үүнээс гадна Ялалтын баярт зориулсан ёслолын жагсаалд манай зэвсэгт хүчний төлөөллийг урин оролцуулдаг юм.
Манай улсын цэргийн мэргэжилтнүүдийн дийлэнхи хувийг ОХУ-д бэлтгэж, зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хоёр улсын хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж ирсэн.
Зовох цагт харилцан дэмжлэг үзүүлж, томоохон сорилт бэрхшээлийг хамтын хүчээр даван туулсан хоёр ард түмэн, зэвсэгт хүчний хамтын ажиллагаа цаашид ч тогтвортой өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Тод мэдээ
А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ
Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна.
Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж.
Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм.
Тод мэдээ
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.
Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.
Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.
Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал,
- Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
- Ус хангамжийн ажил 80 хувь;
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
- Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
- Ариутгах татуургын ажил 10 хувь;
- Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тод мэдээ
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.
Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ.
-
Тод мэдээ2023/09/12
“Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээний тооцооны туршил...
-
Тод мэдээ2024/11/20
Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна
-
Тод мэдээ2022/01/31
Сар шинийн барилдааныг үзэгчдийн анхааралд!
-
Тод мэдээ2024/07/30
3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдэв