Тод мэдээ
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Амгалан" амаржих газарт ажиллалаа

Коронавируст халдвар (КОВИД-19)-н тусламж үйлчилгээг 849 жирэмсэн эх болон эмэгтэйчүүдэд үзүүлсэн байна. Ковидын тусламж үйлчилгээнд ажилласан эмч ажилчдын цалинг 3 дахин , илүү цагийг 2 дахин нэмж олгон, дархлаажуулалтын бэлдмэл болон хүнсний нэмэлт багцаар ханган ажиллаж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус амаржих газарт шаардлагатай суурин рентген аппарат, ариутгалын тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө.

Эрүүл мэндийн сайд эх барих, нярай, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах амаржих газрыг эх барих эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хавдрын тусламж үйлчилгээний төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болгон ажиллах чиглэл өглөө. Мөн Гамшгийн тухай хуулинд заасны дагуу эм хэрэгслийн нөөцийг 3 сараар бүрдүүлэх үүрэг чиглэлийг амаржих газрын удирдлагуудад өгсөн юм.


Тод мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 180,600 зөрчил бүртгэгджээ
Прокурорын байгууллага 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 180,600 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.
Үүнээс эрх бүхий албан тушаалтан 174,649 буюу 96.7 хувийг газар дээр нь, 1956 буюу 1.1 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1566 буюу 0.9 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1199 шийдвэрийг хянаж, 24 буюу 2 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 86 шийдвэрийг хянаж, 7 буюу 8.1 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 1 буюу 1.2 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 10 буюу 11.6 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 1,087,632,120 төгрөгийн хохирол учирснаас 250,209,261 буюу 23 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.
Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 171,494 буюу 95 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2313 буюу 1.3 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 847 буюу 0.7 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 846 буюу 0.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.
Тод мэдээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
“Эрчист Монгол” үйл ажиллагааны урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд арилжааны банкнаас зээл авч ажилласан, 3.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд оржээ.
Төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилгоор Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 8-ны шийдвэрүүдийн дагуу байгуулсан энэ бүтэц хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй, санхүүгийн дарамт үүсгэж буй тул цаашид улам хүндрэхээс сэргийлж, татан буулгах нь зүйтэй гэж үзжээ.
Тод мэдээ
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улаанбаатар хотын төвлөрсөн хог хаягдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, хөрс, агаар, газрын доорх усны бохирдлыг дагуулж байна. Иймд хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан баталсан. Төсөл нь хог хаягдлыг устгах уламжлалт аргыг орлохын зэрэгцээ эрчим хүч үйлдвэрлэх давхар үр ашигтай шийдэл гэдгээрээ онцлог юм.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих 35 МВт хүртэлх хүчин чадалтай тус хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл нь жилд 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэж тооцоолж байна. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээс гадна хог хаягдлыг бууруулах ач холбогдолтой.
НИТХ-ын 2025 оны 25/85 дугаар тогтоолоор төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2026 оны хоёрдугаар сарын 12-ны А/222 тоот захирамжаар төслийн түншлэлийн гэрээ байгуулах, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, шалгарсан түншлэгчтэй түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Төсөл хэрэгжих талбайд нийт 158 нэгж талбар өртөж байгаагаас 109-ийг нь чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн хэсэгт газар чөлөөлөлт, зөвшилцлийн ажил үргэлжилж байна.
Төсөл нь нийгэм, байгаль орчны үр өгөөжийн хувьд гэр хорооллын 2333 орчим янданг бууруулах боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Мөн хогийн цэгүүдийн талбайн тэлэлтийг хязгаарлаж, хөрсний бохирдлыг багасгах, метан хий ялгарлыг бууруулах зэрэг олон талын эерэг нөлөө үзүүлнэ. Үүний зэрэгцээ эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд бууруулах стратегийн ач холбогдолтой.
Дэлхийн олон хот, тухайлбал Япон, Герман, Швед зэрэг өндөр хөгжилтэй оронд хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх технологийг амжилттай нэвтрүүлж, хог хаягдлын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэж байгаа туршлага бий. Энэ жишгээр Улаанбаатар хотод хэрэгжих уг төсөл нь зөвхөн хог боловсруулах биш, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацааны тогтвортой шийдэл болох боломжтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
