Үйл явдал
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа энэ сарын 01-ний өдөр боллоо. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна.

Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна хэмээлээ.

Түүнчлэн УИХ-ын дарга, Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна.
Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.
Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатайг онцоллоо.
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2022/12/16
PC MALL, PC MALL ӨРТӨГ үнийн хямдрал зарласан байна
-
Үйл явдал2019/08/06
Зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг томъёолох хуралдаан боллоо
-
Хэн юу хэлэв...2020/07/02
УИХ-ын дэд даргааар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг томиллоо
-
Дэлхий нийтээр..2021/07/29
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто Монгол Улсад айлчилна
