Хэн юу хэлэв...
Герман-Монголын нийгэмлэгийн хурал дээр Монгол, Герман зохиолч илтгэл тавив

Герман-Монголыг бодитоор холбон, тууштай ажиллаж байгаа нийгэмлэг бол тэртээ 48 жилийн өмнө Герман-Монголчуудын санаачилгаар байгуулагдсан “ГЕРМАН-МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ” хэмээх сайн дурын, төрийн бус байгууллага юм. Монголын нүүдэлчин заншлыг эрхэмлэн энэ нийгэмлэг Шёнефелд, Мюнхен, Бонн хотуудад жилийн тайлангийн хурлаа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Энэ удаагийн хурал нь Берлинтэй залгаа оршдог Бранденбург мужийн Шёнефелд хотод болов. Германы өнцөг булан бүрд ажиллаж амьдардаг 180 гаруй гишүүнтэй энэ нийгэмлэг 2 жилийн дараа болох 50 жилийн ойгоо хэрхэн үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх тухайгаа ч энэ хурлынхаа үеэр ярилцав.


Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Удо Хаазе нь Шёнефелд хотын засаг даргаар 29 жил ажилласан арвин туршлагатай хүн бөгөөд социализмын үед зохиогчтой хамт Улаанбаатарын Мах комбинатад хамт ажиллаж байсан эртний танилуудын нэгэн билээ. Монголоор их сайн ярьдаг, монголд хамгийн их элэгтэй хүнийг ол гэвэл Удо Хаазе гэж хүн болгон хэлнэ. Шёнефелд хот нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй 23 жилийн турш хамтын ажиллагаатай бөгөөд энэ хотод Баянгол нэртэй гудамж, цэцэрлэгт хүрээлэн хүртэл байгуулагджээ. Герман-Монголын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч нь Г.Очмаа хэмээх улстөрч монгол бүсгүй.
ХБНГУ-ын Бавари мужийн орон нутгийн сонгуульд өрсөлдөн монгол эмэгтэй ялалт байгуулав хэмээн Монголд шуугиж байсан бүсгүй байлаа. Тэрээр Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грейфелфинг хотын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоноор Германы улс төрд “мандат” авсан монгол хүн болсон юм. Грефелфинг хот нь 14’000 мянган хүн амтай. Энэ сонгуульд тус хотод зургаан намаас тус бүр 24 хүн нэр дэвшиж, нийт 144 хүн өрсөлдөж, Г. Очмаа авсан саналынхаа тоогоор нийт нэр дэвшигчдээс хоёрдугаарт бичигдсэн байна. Одоо тэрээр Бавари мужийн Грефелфинг хотын Христосын ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Грэйфелфинг хотын тус намын ИТХ-ын төлөөлөгч юм байна. Баварийн мужийн орон нутгийн сонгууль 6 жил тутамд болдог аж.

Герман-Монголын нийгэмлэгийн жилийн тайлангийн хурал дээр олон сонирхолтой илтгэл тавив. Монголын соёлын элч, профессор, доктор хатагтай Вероника Байт гуайн илтгэл анхаарал татав. Тэрээр “Өвөрмонголын өөртөө засах улсын талаар Хятадын засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн шийдвэр” гэсэн нэртэй илтгэл тавьсан юм. Түүхийн урт нугачаанд Хятадын засгийн газар өвөрмонголчуудад хэрхэн хандаж ирснийг тодотгож, бичиг соёлыг хязгаарлаж байгаад шүүмжлэлтэй хандав. “Аливаа улсыг бичиггүй болгоход тухайн үндэстэний соёл аяндаа устана. Монгол үндэстний аюулгүй байдал, хувь заяанд аюул учирч байна. Өвөрмонголчууд бол Монгол үндэстний үсэрсэн цус, тасарсан мах учир та бүхэн бидэн хамаагүй гэж үл тоох биш хамтдаа байж, дэмжих ёстой” хэмээн хэлээд хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнээд индэр дээрээс буурал эрдэмтэн буув.

Судлаач Манфред Весфер цаг агаарын өөрчлөлт ой модонд хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой илтгэл тавив. Тэрээр “Монгол бол ой мод ургуулдаг улс биш, харин өөрөө ургасан модтой нутаг. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай энэ газарт ургасан мод урт настай гээд хэрхэн Монголын ойг хамгаалах тухай” хэд хэдэн оновчтой санал танилцууллаа. Мөн Франк Цират “Германы Барут хот Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой хамтын ажиллагаатай ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Мөрөн хотын сургуулийн бохир, цэвэр усны талаар судалгаа хийж, хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн хүүхдүүдийн хэрэглэдэг усыг цэвэршүүлэх туршлага нэвтрүүлж, жишиг худаг гаргасан зэрэг бодит жишээ татан тайлбарлаж байлаа. Бас усны чиглэлээр судалгаа хийсэн гээд Хөвсгөл далайн ус ихээхэн бохирдож байгаад анхаарлаа хандуулах цаг болсныг онцоллоо. Хөвсгөл далай бол дэлхийн хоёрдах цэвэр усны нөөц, гэтэл аялал жуулчлал нэрээр далайн эргэн тойронд жуулчны бааз олноор байгуулагдаж, хог ихээр хаяж, тэдний дийлэнх нь бохир, цэвэр усны байгууламжгүйн улмаас бохирдлоо далайд цутгах, далайд хөвж байгаа усан онгоц шатахуунаа усан дотор савлаж байна. Хасах 10 градуст ус байгалийн жамаар цэвэршдэг юм гэж урдаас тайлбар тавьдаг ч зөнд орхих асуудал биш шүү “ гэдгийг давтан давтан сануулж байлаа.

Ингээд үндсэн илтгэл дууссны дараа Герман, Монгол хоёр зохиолч номоо танилцуулсан нь энэ жилийн хурлын онцлох үйл явдал болж байна гэж хурал зохион байгуулагчид онцолж байлаа. Германы зохиолч Стефан Шоман “Монгол тахийн мөрөөр” хэмээх 14 хоногийн өмнө хэвлүүлсэн номынхоо хэсгээс уншиж сонирхуулав. Үүний дараа зохиогч Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулж, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео кино үзүүлж, номын хэсгээс уншлага хийлээ. Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Удо Хаазе “Би Д.Тэрбишдагватай 39 жилийн өмнөөс нөхөрлөсөн юм. Д.Тэрбишдагва Хумбольдтын их сургуулийг төгсч ирээд Мах консервын комбинатад инженер, би Улаанбаатарт Монгол судлалын чиглэлээр суралцаж төгсөөд тус үйлдвэрт герман мэргэжилтэнүүдийн орчуулагчаар ажиллаж байсан юм. Өнөөдөр манай байгууллагын жилийн хуралд оролцон, номоо танилцуулж Монголын соёл, түүхийн талаар мэдээлэл өгсөнд нийгэмлэгийнхээ гишүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье” гэв.

Дэд ерөнхийлөгч Г.Очмаа “Өмнө нь Чинагийн Галсан гуай л герман хэл дээр ном бичиж хэвлүүлдэг байсан бол дахин нэг монгол зохиогч герман хэл дээр нийгэм, улс төр, монгол ахуйг бодитоор харуулсан бүтээлээ гаргаж, Монголыг сурталчилж байгаад баяртай байна” гэв.

Албан ёсны арга хэмжээний дараа болсон зохиогч Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номноос тус нийгэмлэгийн гишүүд эрч хүч авсан буй заа.
Үргэлжлэлийг дараагийн дугаарт
Д.Доржпагма
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






