Дэлхий нийтээр..
Д.Тэрбишдагвын ном Лайпцигийн номын яармагт уригдав
Германы Доод Саксоны Ханновер хотод болсон номын танилцуулах уулзалт өндөрлөөд шууд л давхисаар Берлин хотын төвд оройхон ирэв.
Маргааш өдөр нь буюу 2021 оны 10-р сарын 29-нд ХБНГУ-ын Их хурлын буюу Бундестагийн тусгай танхимд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын Герман улсын Ойленшпигель паблишинг групд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай болов. Герман нь 16 мужаас тогтсон Холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Үндсэн хуулийнхаа дагуу Бундестаг нь хууль тогтоох үүрэгтэй.

Бундестагийн гишүүн асан, анд Хайно Визе болон Парламентын нийгэмлэг энэ удаагийн номын уулзалтыг Бундестагийн тусгай танхимд зохион байгуулав. Энэхүү уулзалтанд Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг, Элчин зөвлөх Д. Мөнхтөр, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Санчир, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Бэхбат, Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг, Цэргийн атташе С.Самданбилэг нар хүрэлцэн ирсэн байлаа. Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ой тохиож байна. Энэ өдөр номын танилцуулах уулзалтаа Бундестагийн танхимд хийж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Монгол Улсаа сурталчилж, түүх, зан заншил, соёлын талаар герман уншигчдад хүргэж байгаад талархаж байна” гэлээ.

Энэхүү уулзалтанд өргөмжлөлт консулууд, хуульч, улстөрчид, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов. Ковид цар тахлын хорио цээрийн дэглэм хараахан тавигдаагүй учир Бундестагийн танхимд номын танилцуулга хийх зөвшөөрөл авахад бас амаргүй байсан аж. Зөвшөөрөл авахаас гадна зай барих зарчим мөрдөх, вакцин хийлгэсэн гэрчилгээ шалгах, гадаад паспортыг нягтлах, амны хаалт зүүх зэрэг шаардлагууд тавьж байлаа. Мөн нэг дор 30-аас илүү хүн цуглуулахгүй байхыг зөвлөж байлаа.
Ойленшпигель паблишинг хэвлэлийн газрын эзэн, ноён Маттиас Ойме оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” ном өөрийнх нь амьдралын түүхийг Монгол Улсын түүх, зан заншил, өв соёлын тухай хамтад нь өгүүлж, нүүдэлчдийн өвөрмөц онцлог, дадал зуршил, байгаль дэлхийтэй харьцаж байгаа харилцаа, монгол хүний сэтгэлгээний онцлог зэргийг дүрсэлсэн учир герман уншигчдын сонирхолыг их татаж байгаа билээ. Манай хэвлэлийн групп ирэх 3-р сарын сүүлчээр Лайфциг хотод болох номын яармагт оролцоно. Энэ яармагт Д.Тэрбишдагвын номыг албан ёсоор дахин урьж танилцуулах болно. Энэ үеэр хэд хэдэн арга хэмжээ, ярилцлага зохион байгуулахаар номын зохиогчтой ярилцаж эртнээс төлөвлөлт хийж байна” хэмээн онцлов.
М.Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийн төслийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн номонд тун тохирсон нэр өгсөн бөгөөд ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичсэн билээ. М.Ойме зохиогч Д.Тэрбишдагвын номоо танилцуулах 30 гаруй уулзалтын таван уулзалт, Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармагийн нээлтэд биечлэн оролцож яваа. Тэрээр 11-р сарын 11-нд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яаман дээр болох номын танилцуулга дээр номын хэсгээс номын зохиогчтой хамтран хүүрнэх байдлаар уулзалт хийхээр төлөвлөөд байна.


Мөн энэ уулзалтын үеэр зохиогч Д.Тэрбишдагвыг Гудеберг хотын захиргаа шинэ жилийн арга хэмжээндээ номоо танилцуулан оролцохыг урив.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/08/27
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Дэлхий нийтээр..2020/09/09
Өрх гэр бүлийн хөгжлийн жилд С.Батмөнхийнд шинэ байшин барьж өглөө
-
Дэлхий нийтээр..2023/08/09
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Дэлхий нийтээр..2021/07/05
Шинэ онгоцны буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна
