Дэлхий нийтээр..
НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ
Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хоёр хувийн буцаан олголтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож эхэлсэн. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна.
НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэгдсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, хялбар, цахимаар төлөх боломжийг ebarimt системд бүрдүүллээ.
Та бүхэн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор татвар төлөхийг хүсвэл ebarimt системээр хандан хүсэлтээ илгээснээр татвараа төлөх боломжтой. Таны төлөгдөөгүй бүх татварын нэхэмжлэхийг автоматаар харуулна. Эдгээрээс төлөх татварынхаа хүсэлтийг сонгон “ТИЙМ” гэсэн товчийг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө.
Энэхүү өөрчлөлтийг хэрэгжүүлснээр 2021 онд үүссэн хөрөнгийн албан татвараа төлөөгүй байгаа 100 мянга гаруй татвар төлөгч гүйлгээний хураамжид суутгуулдаг 20.5 сая төгрөг, арилжааны банкаар татвар төлөхтэй холбогдон гардаг банкны гүйлгээний шимтгэл 43.2 сая төгрөг, нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарахаар байна.
Төлөх боломжтой татварын төрөл:
- Авто тээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
Иргэдийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг ажлын 30 хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлэх журамтай.
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2020/06/24
Сонгуулийн ирцийн мэдээ /12:00 цагийн байдлаар/
-
Хэн юу хэлэв...2023/11/21
Г.Ариунбуян: Хот төлөвлөлтөд хууль дүрэм журам, стандартыг мөрдүүлж, гамшгийн эс...
-
Дэлхий нийтээр..2023/07/19
4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүллээ
-
Дэлхий нийтээр..2023/05/09
Б.Ганхуягийг дахин нэг сар хорино
