Тод мэдээ
Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 20-нд болж, дараах шийдвэрийг гаргалаа. Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
-Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх
-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах
-Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, зээл олгох асуудлыг холбогдох журамд өөрчлөлт оруулж, төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Тод мэдээ
Бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн байна
Энэ оны 11 сарын байдлаар бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг 109 бүртгэгдсэн байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдэлд дэмжлэг үзүүлсэн хүнд хуулийн хариуцлага оногдуулдаг.
Энэ онд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомтой холбоотой заалтыг эрх бүхий байгууллагаас баталсан.
Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулан гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор тодорхой оршин суух хаяггүй, санхүүгийн хэрэгцээ тулгарсан иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээрх данс, картыг ашиглан улмаар орлогоо дамжуулан авах хэлбэрээр иргэдийг гэмт хэрэгт татан оролцуулж, энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга улам бүр нарийсаж байна.
Иймд эрх бүхий байгууллагаас “Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулах” үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага оногдуулахаар хуульчилсан.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага оногдуулдаг бол тоглосон иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар хариуцлага оногдуулах эрх зүйн зохицуулалттай.
Энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон иргэд орон байраа барьцаалах, өр зээлд орж, улмаар сэтгэл санаагаар унах цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байна.
Тод мэдээ
Иргэд, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна!
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдсөн байна" гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас 1 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна, тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэж заасан байдаг.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА
Тод мэдээ
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууц төсөлд саарал ус дахин ашиглах технологи нэвтрүүллээ
Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах, агаар, хөрс, усны бохирдлыг шийдвэрлэх зорилготой “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвүүдэд Азийн хөгжлийн банк (ADB), Уур амьсгалын ногоон сангийн (GCF) санхүүжилтээр “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд нийт 60 гаруй га талбайд 5000 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд бүтээн байгуулалтыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжийн 110 айлын 4 блок бүхий орон сууцыг Баянхошуу дэд төвд ашиглалтад оруулж, оршин суугчдыг хүлээн авч эхэллээ. Төслийн онцлох давуу тал нь Олон улсын EDGE стандартын шаардлагыг хангасан, эрчим хүч, дулаан, усны хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын шийдлүүдтэй юм. Мөн саарал усыг дахин ашиглах системийг тусгаснаараа хотын хэмжээнд анхдагч, жишиг төслийн нэг болж байна.
Төслийн барилга бүр онцлогтой. Тухайлбал, А блок нь гурван улирлын хүлэмжтэй. Айл өрхүүд гэртээ ногоо, ургамал тарих боломжтой. В блокийн урд фасадад нарны цахилгаан үүсгүүр суурилуулж, эрчим хүчний хэрэглээг бууруулсан. Харин С блок нь нарны дулаан хуримтлуулах тромбын ханатай учир дулаан алдагдлыг багасгасан. D блокийн фасадад байгальд ээлтэй, эко өнгөлгөөний материал ашиглажээ. Мөн оршин суугчдын тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс чөлөөт цагийн бүс, ногоон байгууламж, дугуйн зам зэрэг шийдлүүдийг төлөвлөн байгуулсан байна. Түүнчлэн дээрх стандартын адил Шархад дэд төвд эхний 110 айлын 4 блок орон сууц баригдаж, улсын комисс хүлээн авч байна.
Төсөл бүрэн хэрэгжиж 5000 айлын орон сууц ашиглалтад орсноор дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, ус хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээ нэвтэрч, байгаль орчинд ээлтэй, жишиг орон сууцны хороолол бий болно. Ингэснээр нийслэлд 5000 яндан, 5000 нүхэн жорлон устаж, агаар, хөрсний бохирдол буурах судалгаа гарчээ.

-
Тод мэдээ2020/12/04
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурал боллоо
-
Өнөөдөр2022/03/04
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана
-
Тод мэдээ2020/09/30
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар з...
-
Өнөөдөр2023/07/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
