Хэн юу хэлэв...
Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Гангабаатарыг томиллоо

Дашбалбарын Гангабаатар нь 1978 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 43 настай. 1994-1998 онд Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 2003-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистр, 2008-2011 онд Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Хууль зүйн ухааны доктор, Хууль зүйн сургуулийн профессор цолтой, англи, япон хэлтэй, орос, төвд, герман хэлний мэдлэгтэй болохыг Ц.Цогт шүүгч танилцууллаа.
Тэрбээр 1999 оноос эхлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын туслах, багш, эрдэмтэн-нарийн бичгийн дарга, дэд профессор, профессороор нийт 22 жил ажилласнаас 19 жилд нь багш, профессорын албан тушаалд ажиллажээ. 2007 онд Нидерланд Улсын Утрехтын их сургуульд зочин судлаач, 2008 онд Их Британийн Бэлфастын хатан хааны их сургуульд зочин судлаач, 2012 онд Америкийн Нэгдсэн Улсын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач, 2014 онд Япон Улсын Нагояагийн их сургуулийн дэд профессороор тус тус ажиллаж байсан аж. Нэр дэвшигч Дашбалбарын Гангабаатар нь Үндсэн хуулийн эрх зүйн сурах бичиг, нэг сэдэвт бүтээл, ном, илтгэлийн эмхэтгэл, гарын авлагыг 24-ийг дангаар болон хамтран хэвлүүлсэн байна. Англи болон монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүллийг 20 удаа дангаар болон хамтран нийтлүүлжээ. Эрдэм шинжилгээний хурлуудад англи, монгол хэлээр илтгэл бичиж хэлэлцүүлсэн байна. Нэр дэвшигч нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг 2021 оны аравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүд санал нэгтэйгээр нэр дэвшигчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахыг дэмжсэн байна.
Улсын дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, Ц.Туваан, Т.Доржханд, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар Улсын Дээд шүүхийн санал, нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Дараа нь санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 43 гишүүний 34 нь Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд томилуулах Улсын Дээд шүүхийн саналыг дэмжлээ. Үүгээр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолыг бүрэн эхээр нь уншиж танилцууллаа. Улсын дээд шүүхийн санал болгосноор Д.Гангабаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Д.Солонгыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөхөөр тогтоолд тусгажээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Д.Гангабаатарт Улсын Их Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар амжилт хүслээ. Цаашид Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг боловсронгуй болгох, цэцийн томилгоог сонгон шалгаруулалтын үндсэн дээр хийж байх шаардлагатай гэдгийг тэмдэглэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.


Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






-
Дэлхий нийтээр..2021/11/25
Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тусгажээ
-
Дэлхий нийтээр..2025/05/21
Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна
-
Үйл явдал2024/03/18
Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж ба...
-
Тод зураг2019/09/29
БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна
