Тод индэр
Ч.Даваабаяр: Сан бол өсөж үржиж байх ёстой. Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш...

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" хоёр дахь жилдээ "Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд энэ сарын 26-ний өдөр зохион байгуулагдахаар товлогдсон. Энэ хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяраас зарим зүйлийг тодрууллаа.
"Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг танай холбоо 2 дахь удаа гаа зохион байгуулах гэж байна. Үүний гол шалтгаан нь юу вэ?
2018 оны эцсийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй 150 мянга орчим аж ахуйн нэгжээс, 83,086 аж ахуйн нэгж буюу 80 шахам хувийг Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж эзэлдэг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, амжиргаагаа залгуулж байна. “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2018 онд "Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийн форум 2018"–ийг нийслэл болон орон нутгийн 400 орчим төлөөлөгчдийг оролцуулан анх удаа зохион байгуулсан. Энэхүү форумаар баялаг бүтээгчид, УИХ-ын гишүүд, төр, засгийн төрөл бүрийн түвшингийн шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулж, баялаг бүтээгчдийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг хэлэлцэж, тэдний санал санаачлага, өмнө нь тулгарч буй саад, бэрхшээлийг шийдвэр гаргагч нарт хүргэсэн юм.
Түүний дотор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө “жинхэнэ” баялаг бүтээгч нарт олдохгүй байна гэдэг асуудлыг хамгийн хурцаар тавьсны үр дүнд ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг баялаг бүтээгчдэд хуваарилах талаар тодорхой ахиц дэвшил гарсан.
2007 онд баталсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийг энэ оны 6 дугаар сарын 6-нд УИХ батлан гаргалаа. Гэвч, манай улсын жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний аж ахуйн нэгжийн 88% нь 1-10 хүртэлх тооны ажиллагсадтай, 9,6% нь 10-50 хүртэлх тооны ажиллагсадтай, үлдсэн 1,8% нь 50 болон түүнээс олон тооны ажиллагсадтай байгаа судалгаа байдаг.
Энэ байдал үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчийн өмнө санхүүжилт, зээлийн асуудлаа шийдвэрлэх, бүтээгдэхүүнээ борлуулах тогтвортой, найдвартай дотоодын зах зээлтэй болж зах зээлээ хамгаалах, ажиллах хүчнээ сонгож бэлтгэх, сургалт явуулах, ажлын байр шинээр бий болгох, техник, технологио шинэчлэх, төрийн үйлчилгээний хүнд суртал, авилга, хээл хахуулыг даван туулах зэрэг саад бэрхшээл, хүндрэл бий болгож байгаа тухай энэ салбарын бизнес эрхлэгчид олон хэлбэрээр санаа бодлоо илэрхийлж байна. Тухайлбал импортын бараа хүч түрэн орж ирж буй өнөөгийн нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэгчид зах зээл дээр оршин тогтноход хүндрэлтэй, орон зай нь улам бүр хумигдсаар байгаа юм. Импортын бараа бүтээгдэхүүн монголын зах зээлд гаальтай, “гаальгүй” хэлбэрээр чөлөөтэй орж ирж байгаа тохиолдолд үндэсний ЖДҮ хөгжинө гэж бодохын ч хэрэггүй. Өдрийн зээл аваад явж байгаа жижиг бизнес эрхлэгчид зээлийн хүүгээс гадна төрийн хүнд суртал, хүний нөөцийн бодлого алдагдсантай холбоотой Монголд ажиллахаас илүү гадаадад гарч ажиллах сонирхолтой болсон. Тухайлбал, БНСУ руу 3 сарын жуулчлалын визтэй гарч тэндээ үлдэж “хараар” ажиллах эрмэлзлэл их болсон зэрэг асуудлыг өнгөрсөн жилийн форумаар хөндөн тавьсан боловч шийдэгдээгүй байгаа тул энэ удаагийн форумыг зохион байгуулах шаардлагатай гэж манай холбоо үзсэн.
Баялаг бүтээгчид сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна.
Жил бүр Монгол улсын эдийн засгийн чуулган хэмээх томоохон арга хэмжээ болдог. Энэ форум та бүхний асуудлыг давхар хөндөх учиртай гэж харж байна?
Мэдээж таны хэлснээр “Эдийн засгийн чуулган” хэмээх маш том арга хэмжээ жил бүр зохион байгуулагддаг ч ЖДҮ эрхлэгчдийн өмнө бий болсон хүндрэл, саад бэрхшээлийн асуудлыг хөндөж хэлэлцдэггүй.. Өөрөөр хэлбэл ЖДҮ үйлчилгээний салбарын хөгжлийн талаар огт яригддаггүй гэсэн үг. Цаашлаад ЖДҮ форумыг ивээн тэтгэх байгуулага ч олддоггүй. Ийм өнчин өрөөсөн хамгийн хүнд зовлон зүтгүүр дунд явж ирсэн ХӨГЖДӨГГҮЙ өр зээлэндээ баригдсан салбар. Монгол хүний тэвчээр үнэхээр гайхалтай юм даа. Ер нь бол бид /баялаг бүтээгчид/ сүүлийн 30 гаруй жилийн турш жилийн 30 хүртэл % ийн хүүтэй зээлээр бизнес хийх гэж зовж явна. Ийм тохиолдол дэлхийд хаа ч байдаггүй ховорхон юм билээ. Эцсийн эцэст манай Монголын ард түмэн ШУДАРГА ЁСЫГ их хүсэмжилж байна.
ЖДҮ сангаас шат шатандаа давуу эрхээ ашиглан жинхэнэ бизнес эрхлэгчдэд хүрэх ёстой хувиас урьдчилж хүртэж байгаа тохиолдлыг хэрхэн харж байна?
Үнэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой төрийн санхүүгийн дэмжлэгийг баялаг бүтээгчдэд хүртээхгүй байна. Мөн тэдний үр хүүхэд төрийн сангийн зээлээр сурах боломжийг авч чадахгүй, жирийн ард түмний хүүхдүүд хувийн сургуульд сурч, ломбардны хүүнд мөлжүүлж хүүнээс хүү, ломбарднаас ломбардан дунд амьдарч байгааг олон нийтийн сүлжээнээс харж байгаа байх. Сүүлийн үед УИХ-ын гишүүд олон нийтийн сүлжээг гарамгай ашиглаж улс төрөө хийдэг болсон шүү дээ. Тэд мэдээлэлд ойрхон байгаагаа ашиглаж ЖДҮ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаас хумсалж, цаашлаад ард түмний үр хүүхдийн сурч боловсрох боломжоос нь хулгайлсаар байна.
Энэ бол УИХ-ын гишүүд олуулаа бүлэглэн үйлдсэн баримттай “Хулгай” юм.
Энэ хулгай өнгөрсөн жил болсон манай форумын үр дүнд илэрч нийгмийг шоконд оруулж нийт монголчууд тэр тусмаа гадаадад амьдардаг монголчууд бүх нийтээрээ жигшин зэвүүцэж "ЖДҮ эрхлэгчдэд тохиолдсон хар өдрүүд" гэж нэрлэн жил бүр яг энэ өдөр ЖДҮ эрхлэгчдэд тохиолдож буй саад бэрхшээлээ тогтмол сануулж форумаа бид "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ оролцоо" сэдвийн дор өргөн хүрээг хамруулж зохион байгуулж байхаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Энэ дагуу тус форумыг энэ сарын 26-ны өдөр 2 дахь жилдээ зохион байгуулахаар болоод байгаа юм.
“ЖДҮ сангаас УИХ-ын нэр бүхий гишүүд, мөн сангийн ажилтнууд давуу эрхээ ашиглан зээл авч төрөл садандаа зээл олгуулсан асуудал өнөөдөр ч дуусгавар болоогүй байна. Танай холбоо энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
Энэ асуудал олон нийтэд ил болоод 1 жилийн ойн дээрээ ирж байна. Энэ бол Баялаг бүтээгч бид нарын боломжийг хулгайлсан мэдээлэл нийгэмд цацагдаж бид ямар хүнд итгэж саналаа өгсөнөө таньж, мэдэж авсан явдал байлаа. Нэг талаар сайн ч нөгөө талаар урд нь дурдсанчлан “хар өдрүүд” үргэжилсээр байгаа юм. Бид хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хуулийн фермүүд, “Бид уучлахгүй” хөдөлгөөн, судлаач эрдэмтэдтэй хамтран дээрх алдагдсан боломжийг ажил хэрэг болгох талаар ярилцаж нэгдэн өнөөдрийг хүртэл тэмцэж ирсэн. Одоо ч үргэлжлүүлэн тэмцсээр байна. Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн алдагдсан боломжийг эргэж нөхөж авахад цаг хугацаа алдсаар байгаа нь бидний санааг зовоож байна.. Учир нь бизнест цаг хугацаа алтнаас ч илүү үнэтэй. Их хурлын зарим гишүүд болон гүйцэтгэх засаглалын тодорхой гишүүд тус бүр ЖДҮ сангаас 950 саяын хөнгөлттэй зээлийг хавтгайруулан авсан. Бяцхан тооцоо хийхэд 1 гишүүн 950 саяар зээл авсан гэж бодоход 100-аад бичил болон жижиг аж ахуй нэгжийн зээлийг ганцаараа авсан байгаа юм. Мөн наад зах нь 500-1000 ажлын байр шинээр бий болох ёстой байсан. Үүнийг л алдагдсан боломж гээд байгаа юм шүү дээ. Өрхийн болон бичил үйлдвэрлэгч нар 5-20 саяын хооронд л ихэвчлэн зээл хүсдэг. Жирийн иргэд, хөндлөнгийн шинжээч нарын хардаж байгаагаар ямар нэг компаниар дамжуулан ЖДҮ сангаас мөнгө авч банк бус санхүүгийн байгууллага, ломбардуудаар дамжаад мөнгө хүүлэлт явагдаж далд эдийн засаг цэцэглэж байгааг дурдаж байсан. Ийм магадлал их бий. Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэгт итгэж байна.
Та бүхний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн үү?
Бидний өнгөрсөн хугацааны тэмцлийн үр дүнд 2019 оноос төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлж, хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй ил тод зохион байгуулж байгаа нь сайшаалтай байна. Яагаад ингэж хийж байгаа вэ? гэвэл сайндаа ч биш 2019 оны Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын А-119 тушаалаар Төрийн өндөр албан тушаалтан түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол ЖДҮ эрхлэгчийн төслийг хүлээн авахгүй байхаар журамласан. Мөн тухайн төслийг сан болон аймаг ЖДҮ асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн бол төслийг хүлээн авахгүй, мөн бусад сангуудад зээлтэй бол мөн зээл олгохгүй гэх мэт олон заалтууд орсон нь сайшаалтай юм.
Энэ хуулинд анх удаа хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай баталж хэрэгжүүлэхээр хуульчлаад байгаа юм. Шинэ хуулинд зорилго, зорилтыг тодорхой болгосон. Хуучин 2007 оны хуулийн зорилго нь тунхаг төдий байсан бол энэ удаагийн хуулинд зорилго болон зорилтыг ялгаж нарийвчилсан онцлогтой. Энд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зэргээр заасан боловч харин ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХАМГААЛАХ гэсэн нэр томъёо ороогүй нь харамсалтай. Баялаг бүтээгчдэд хэрэгтэй хамгийн чухал заалт байсан. Кластераар бүсчлэн хөгжүүлэх чиглэлийг засгийн газар батлахаар хуульчлагдсан нь шинэлэг зүйл байлаа.
ЖДҮ эрхлэгчдийг дэмжих зээлийг сангаар дамжуулан олгох нь зүйтэй юу?
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгож буй төрийн онцгой хөнгөлөлт бүхий зээлийг ямар нэг сайд, засаг дарга сангаар дамжуулан олгох нь буруу. Ямар нэг сайд, аймаг сумдын засаг дарга нар зээлийн асуудлыг шийдэж байгаа тохиолдолд зээл зорилтод бүлэгтээ очиж чадахгүй. Үүнийг баялаг бүтээгчид байнга хэлж, сануулсаар ирсэн. Сангийн мөнгийг 100 хувь банкаар олгох нь зүйтэй. Манай улсад үйлчилж байгаа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, батлан даалтын сангууд япон туршлагаар манай улсад хэрэгждэг. Гэвч япончууд дүрэм журмаа сайн баримталдаг ёс суртахуун өндөртэй байдаг учир зөв хэрэгждэг бол манайд эсрэгээрээ сайд дарга нар 3 хувийн хүүтэй онцгой хөнгөлөлттэй зээлийг авч буруу хэрэгжиж байгаа нь монголд тохирохгүй гэдгийг батлаад байгаа юм. Тухайлбал “Жайка” ОУ-ын байгууллага 10 жилийн турш 280 тэрбумын төслийг манай улсад ЖДҮ салбарт амжилттай хэрэгжүүлсэн бэлэн туршлага байна. Энэ зээл бүгд банкаар дамжин олгогддог. Зээлийн хэмжээг нэмэх, хугацаагааг сунгах, зээлийн хүүг буулгах чиглэл дээр “Жайка” тогтмол ажилладаг. Манай банк санхүүгийн байгууллага дэлхийд байхгүй өндөр хүүгээр зээл олгодог гэдэг боловч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн жилийн 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг ард иргэддээ шударгаар олгоод явдагсан бол дэлхийд хамгийн бага хүүтэй зээл олгодог улс болж болохоор харагдаж байна.
Гэтэл манай улсад өндөр хүүтэйг нь аж ахуй нэгж, жирийн иргэд, хамгийн бага хүүтэйг нь дарга сайд нар авч байгаа нь шудрага ёс нийгэмд үгүйлэгдэж байгааг батлан харуулж байна.
Том үйлдвэрийг дагаж ЖДҮ хөгжиж ЖДҮ-г дагаж өрхийн үйлдвэрлэл хөгждөг тогтолцоотой. Сан бол өсөн үржиж байх ёстой. Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш. ЖДҮ сангийн онцгой хөнгөлттэй зээлийг дагасан шударга бус үйлдлүүд нийслэлд төдийгүй аймаг суманд хүртэл гарч байгааг АТГ-ын олон нийттэй харилцах зөвлөлөөс саяхан мэдээлэлээ. Сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл нь 3 хүртэл хувиар 36 сарын хугацаатай олгогддог онцгой хөнгөлттэй зээл юм. Одоогийн байдлаар энэ сангаар 100-аад тэрбум төгрөг эргэлддэг байх ёстой. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан иргэдэд 10 хүртэл сая төгрөг ААН-д 20 сая хүртэл төгрөгийг банкинд хадгалуулж байгаа хадгаламжийн хүүнээс багаар өгөхөөр журамласан байдаг. Цаашлаад орон нутгийн хөгжлийн сан гээд иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг сан хүртэл байдаг. Ийм сайхан боломжууд байсаар байхад ажилгүй орлогогүй иргэд аргагүйн эрхэнд гадаадад гарч ажиллаж эрүүл мэндээ алдсаар байна. Мөн АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ өссөөр....
Олон улсын жишгээс харахад ЖДҮ-ийг дэмжих зээлийг хэрхэн олгодог вэ?
Нодлин ОХУ ийн ерөнхийлөгч Владимир Путин ядуу хүмүүст зориулсан банк байгуулах тогтоолд гарын үсэг зурсан. Путины энэ шийдвэр нь Дэн Сяопины тухайн үед хэрэглэсэн аргыг санагдуулж байгааг судлаачид хэлж байсан. Өмнө нь хятадад 300 сая хүнд барьцаагүй,хүүгүй зээл өгч байж. Энэ нь манайхаар бол ЖДҮ-ийн зээл юм. Ийм хэлбэрийн зээлийг манай орны ЖДҮ эрхлэгчдэд олгох нь ажлын байрыг олноор бий болгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулах шинэ боломжийг бий болгоно.
Одоо бид бүгд Неолиберал эрин үед амьдарч байна. Чөлөөт /зохицуулалтгүй/ эдийн засгийн системд бүтээгдсэн эд баялаг үргэлж тэгш бус хувиарлагддаг гэдгийг судлаачид аль хэдийнээ тогтоосон.
Улс орны эдийн засаг улс төр мухардалд орох үед хөгжлийнх нь гарцийг зөв тодорхойлох нь чухал. “Чөлөөт худалдаа” хэмээх нэрийн дор орж ирж буй гадаад орны эдийн засгийн довтолгооноос дотоодын үйлдвэрлэл болоод зах зээлээ хамгаалах /протекнист/ төрийн бодлого явуулах нь хөгжлийн гарцын тулгуур асуудлын нэг юм. Товчдоо бол цөөн тооны баячууд олгиархуудын үе залгамжилсан улс төрийн засаглалтай, тэдний хяналтанд байдаг хөдөө аж ахуй уул уурхай давамгайлсан хоцрогдсон бүтэц бүхий эдийн засагтай тэгш бус байдлын ялгаа хэт ихтэй орчин үеийн неофеодалын нийгмийг бий болгож үе улиран сонгогдох засаглалын тогтолцоотой болох гэж оролдож байгааг нийтээрээ эсэргүүцэж байна.
Энэ удаагийн форумын зорилго юу вэ?
Энэ удаагийн форумд ЖДҮ-ийн хууль шинэчлэгдэн батлагдаж түүнийг дагаж гаргах журмын төсөлд ЖДҮ эрхлэгчид өөрсдийн эрх ашиг, саналаа тусгуулах зорилготой юм. Учир нь бид 2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Жижиг, дунд үйлдвэрийн газар”-тай болж байсан түүхтэй. Түүнээс хойш 11 жилийн дараа дахин тус агентлагийг байгуулах гэж байна. 2 дахь удаагаа агентлаг байгуулагдаж байгаа учраас энэ агентлаг ЖДҮ эрхлэгчийн хууль эрх зүйн асуудлыг сайжруулсан, дотоодын зах зээлийг хамгаалсан байхыг хүсч байна. Жижиг дундыг дэмжихэд 2 арга байдаг.
Нэг нь санхүүгийн арга, хоёр дахь нь санхүүгийн бус арга. Энэ 2 аргийг хослуулан дэмжиж байж амжилтанд хүрнэ. Энэ амжилтын төлөө баялаг бүтээгчид бид шинэ агентлагтайгаа гар нийлэн ажиллахад бэлэн байна. Засгийн газар болон салбарын яамнаас гарах журмууд дээр манай холбооны төлөөлөл орж ажиллах албан хүсэлтээ явуулсан боловч одоогоор тодорхой хариу ирээгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хөдөлмөрийн насны хүн амын эдийн засгийн идэвхитэй байдлыг 66 хувьд ажилгүйдлын түвшинг 6 хувьд хүргэнэ гэж МУ-ын хөгжлийн үзэл баримтлал 2030-д тусгасан боловч одоогийн байдлаар ажилгүйдлийн түвшин 10,1 хувьд хүрч нэмэгдсэн. Ажилгүйдэл, ядуурал өссөөр, бидний гадаад өр зээл нэмэгдсээр байгааг сануулж байгаа юм.
Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “импортыг орлох 100 нэр төрлийн бүтээгдэхүүн”-ийг дотооддоо үйлдвэрлэдэг улс болно гэсэн зорилт үндсэндээ биелэсэнгүй
Мөн итгэлийн зээлийг олгож ЖДҮ эрхлэгчид өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжинэ гэсэн зорилт тавьсан боловч өнөөг хүртэл бас л хэрэгжээгүй байна. Импортыг орлох бараа дотооддоо үйлдвэрлэсээр байтал импортоор орж ирж байгаа ижил төрлийн барааны татварыг нэмэхгүй байна. Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүй 1 хувь болгож жилдээ 1 удаа тайлан өгдөг болгоно гэсэн амталт болон дэмжлэг биелэсэнгүй. Харин ч эсрэгээр жил бүр нийгмийн даатгалийн шимтгэл өссөөр байна. ЖДҮ эрхлэгчдэд энэ бол бас нэг том дарамт болж байна.
Танай холбооны үйл ажиллагаа сүүлийн үед хэрхэн явагдаж байгаа вэ? Идэвхижилтийн талаар ярихгүй юу?
Манай холбоо 21 аймаг 9 дүүрэгт салбартай олон мянган гишүүдийнхээ төлөө байнгын ажиллагаатай ТББ юм. Тус холбоо нь жирийн гишүүдийнхээ хийж бүтээж байгааг тогтмол хэвлэл мэдээллээр сурталчилж, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө хууль тогтоогч нартай байнга албан харилцаа явуулж тэр байтугай хэвлэлийн бага хурлууд хийж, гудамжид хүртэл жагсаж байсныг шударга иргэд, олон мянган гишүүд дэмжигчид маань санаж байгаа байх. Бид анх нэгдэж эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа үйл ажиллагааны идэвхи алдагдаагүй,байнгын ажиллагаатай байгаа нь бидний бас нэгэн бахархал, нөгөөтэйгүүр энэ салбарт зайлшгүй анхаарал шаардагдаж байгааг сануулсан нэг хэлбэр гэж хэлж болохоор байгаа юм.
Ярилцлагын төгсгөлд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны ерөнхийлөгчийн хувьд хэлэх талбарыг танд үлдээе?
ЖДҮ салбар ямар ч улсын НЭГ номерын бодлогын салбар байдаг. Яагаад гэвэл нийт хүн амын ажиллах хүчний 80-90 хүртэл хувийг энэ салбар гаргаж байдаг. Бүх л бизнес жижгээс эхэлдэг. Ажилгүйдлыг багасгаж, ядуурлыг бууруулах улсын томоохон бодлогод энэ салбар хамгийн том дэм болдог. Тиймдээ ч бидэнд парламентын засаглал байна уу, Хүчтэй Ерөнхий сайдын засаглал нь байна уу, Ерөнхийлөгчийн засаглал нь байна уу аль нь ч хамаагүй. Иргэд зөвхөн ШУДАРГА ЕС –ыг л маш ихээр хүсэж байна. Хамгийн гол нь бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх эрхтэй баялаг бүтээгчид шүү дээ. Тиймдээ ч 2 дахь жилдээ “Жижиг, дунд үйлдвэрлэл,үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019”-ыг зохион байгуулахаар ийнхүү бэлэн болоод байна. Эцэст нь хэлэхэд форум баялаг бүтээгч бүрт нээлттэй.
Тод индэр
Ахмед Надим: Спортын томоохон үйл явдлыг хурдан шуурхай үзэгчид хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй
Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблейн Спортын хорооны хурал "Туушин" зочид буудалд үргэлжилж байна.
Тус хурлыг нээж Монголын Үндэсний спортын холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Спортын бүлгийн дэд захирал Нам Сан Вон, Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нар үг хэлсэн.
Спортын хорооны хурлын өнөөдрийн хэлэлцүүлэг "Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг" сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.
Энэ хүрээнд МҮОНРТ-ийн Спортын сувгийн захирал О.Ууганбаяр, КВЅ-ийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон болон Шри Ланкийн SLRS телевизийн Ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ нар илтгэлээ хэлэлцүүлж байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим "Аль ч улсын Үндэсний телевиз болон өргөн нэвтрүүлгийн сүлжээнд томоохон сорилтууд тулгараад байна. Эдгээр сорилт нь дижитал платформуудтай холбогдож байна. Иймд бид бүхэн хоорондоо хамтран ажиллах шаардлагатай. Энэ удаагийн "ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн хурал яг энэ төрлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, стратеги төлөвлөлтийг сайжруулахад чиглэгдсэн чухал уулзалт болж байна.
2026 онд Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам зэрэг спортын томоохон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдана. Эдгээр спортын томоохон үйл явдлыг бид хурдан шуурхай үзэгчдэд хүргэхэд хамтран ажиллах хэрэгтэй. Энэ нь олон нийтийг нэгтгэх спортоор дамжуулан нөхөрлүүлэх зэрэг олон давуу талтай байдаг.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос нэгэн платформыг шинээр нэвтрүүлсэн. Энэхүү платформоор дамжуулан цахим хэлбэрээр спортын төрөл бүрийн нэвтрүүлэг хүргэх шинэ боломж бүрдэж байгаа бөгөөд энэ удаагийн Ерөнхий Ассамблейн хурлаар тухайн платформын стратегийн шинжтэй бодлогын асуудлуудыг хэлэлцэнэ” гэдгийг онцолсон юм.
Тод индэр
Г.Гэрэл: “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно
“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурал есдүгээр сарын 10-15-ны хооронд болно. Энэхүү хурлын талаар "МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэлтэй "Монголын мэдээ" сувгийн сэтгүүлч ярилцсаныг хүргэж байна.
-МҮОНРТ “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. “ABU GENERAL ASSEMBLY”олон улсын хурлын бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа вэ?
-МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн Радио телевизийн холбооны гишүүнээр 1991 онд элсэн орж, 2006 оноос хойш үйл ажиллагаанд нь маш идэвхтэй оролцсоор ирсэн. 2009 онд манай телевиз Улаанбаатар хотод "ABU” чуулга уулзалтын үндсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан. 2025 онд хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод олон улсын нэр хүндтэй чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Энэ хурлаар ямар асуудал яригдах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-“ABU байгууллага нь Ази, Номхон далайн телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн редакцтай байгууллагуудыг гишүүнээр элсүүлдэг. Монгол Улсаас хоёр гишүүн байна. Хамгийн эхэнд TV5 телевиз гишүүнээр элсэж байсан.
Үүний дараа МҮОНРТ гишүүнээр элссэн юм. Холбоонд элсэх нь мэргэжил арга зүйн хувьд хөгжиж дэвших, суралцах боломжийг олгодог. Гадаад хамтын ажиллагааг өрнүүлэхээс гадна нэвтрүүлэг, уран бүтээлтэй холбоотой хамтын ажиллагаа чухал байдаг. Мэргэжлийн байгууллагын хувьд маш чухал хүний нөөцийн хөгжиж дэвших үйл ажиллагаа “ABU” холбоо харилцаанд явдаг.
Энэ жил болох гэж байгаа “ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хуралд 40 гаруй орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, ерөнхий захирал, продюсер, ажилчид ирэх гэж байна. 2025 онд зохион байгуулагдаж байгаа "ABU GENERAL ASSEMBLY" олон улсын хурал “Үндэсний өв соёлыг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвийн хүрээнд явагдана.
-Бидэнд их ойр сэдэв байна?
-МҮОНРТ үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий хөтөлбөрийн бодлогыг эрхлэн гаргадаг. Манай орны үзэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд их чухал. Есдүгээр сарын 11-нд спортын болон хөтөлбөрийн бодлого, техникийн салбарын уулзалт хурал болно. Есдүгээр сарын 12-ны өдөр спорт, радиогийн болон техникийн бүх форумд оролцогчдын салбар хуралдаан болно.
Есдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсыг зорьж ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын зочдод зориулж, Монголынхоо өв соёлыг харуулсан бэсрэг наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн "ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлын үеэр дууны наадам зохион байгуулна.
Энэ арга хэмжээнд 10 гаруй орны уран бүтээлчид оролцоно. МҮОНРТ эдгээр орны уран бүтээлчдийн тоглолтыг шууд дамжуулж үзэгчдэд хүргэнэ. Энэ дууны наадамд дэлхийд алдартай “THE HU” хамтлаг оролцоно.
-40 гаруй улсын хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирнэ. Энэ нь Монгол Улсаа сурталчлах сайхан боломж болох нь ээ?
-Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ тод мөртэй, 1991 оноос хойш энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч байгууллага гэдгээ дэлхий нийтэд зарлана. Мөн телевизийн гадаад харилцаа илүү өргөжин тэлж хамтын ажиллагааг сайжруулах, чуулга уулзалтын үеэр бүх орны хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж эх орноо сурталчлах, Монголын өв соёлоо дэлхий нийтэд таниулах боломж нээгдэж байгаа учраас маш их ач холбогдолтой.
Есдүгээр сарын 14-нд шагнал гардуулах ёслол болно. Эндээс бид мэргэжлийн сэтгүүлзүйн үйл ажиллагаа ямар хандлагатай байна. Бид ямар зураглаачийн бүтээлийг шилдэг гэж үзэж байна. Ямар редакцын бодлого, ямар нэвтрүүлэг шилдэг болохыг зарлана гэх зэрэг мэргэжлийн чиг хандлагад чиглэсэн сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна.
Тод индэр
Б.Ариунаа: Бид зумба бүжгийг зохиомол бус олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу заадаг
“Зумба дасгалт бүжгийн холбоо”-ны тэргүүн, олон улсын зумба бүжгийн багш, эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралын зөвлөх Б.Ариунаатай ярилцлаа.
-“Зумба дасгалт бүжгийн холбоо” хэдэн онд өрхөө татаж, үүдээ нээсэн бэ. Холбооныхоо талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Манай холбоо 2018 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод зургаа, орон нутагт буюу Өвөрхангай, Сэлэнгэ, Замын-Үүд, Эрдэнэт, Цогтцэций, Дорноговь, Говь-Алтай зэрэг арван аймагт төдийгүй сумдад салбартай.
Бид зумба заахаас гадна олон улсын хэмжээний багш бэлтгэдэг. Эхний ээлжид Монгол дахь багшаа бэлдэж, улмаар тухайн багшийн идэвх зүтгэл, шавь нартай болж буй эсэхээс шалтгаалан олон улсын сертификат олгодог. Хэрэв тухайн багш маань гадаадад ажиллах хүсэл сонирхолтой гэвэл бид чиглүүлж өгдөг. Тэгэхээр “Зумба дасгалт бүжгийн холбоо” маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, баталгаатай холбоо гэсэн үг.
-Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг газруудаас танай клубийн ялгарах онцлог, давуу тал юу вэ?
-Нэгдүгээрт, зумба бүжгийг зохиомол хөтөлбөрөөр бус харин олон улсын стандартын дагуу заадаг. Тодруулбал, АНУ дахь Зумба бүжгийн холбооноос боловсруулан гаргасан хөтөлбөр, чиглэлийн дагуу хичээлээ ордог. Холбооны гишүүн улс орны холбоо болгон сар бүр нэг ижил бүжиг заана гэсэн үг. Жишээлбэл, энэ сард эдгээр 20 бүжгийг заагаарай гэсэн чиглэл ирвэл манай бүх салбар тэрхүү хөтөлбөрийн дагуу л хичээллэдэг. Ингэснээр холбооны гишүүд маань аль ч улс оронд очсон хэлний шаардлагагүйгээр зумба бүжгээ дагаад бүжиглэчихдэг. Ийм том давуу талтай. Хоёрдугаарт, эрүүл зөв хооллолтод нэлээд анхаарч, хувь хүнд нь болон нийтэд нь зөвлөмж зөвлөгөө өгдөг. Гуравдугаарт, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, хэвшүүлэхэд түлхүү анхаардаг.

Ер нь бол зумбагаар хичээллэснээр хүний амьдралын хэв маяг өөрчлөгддөг. Жишээлбэл, эрт унтаж, эрт босдог болно. Өдрийн ажлаа зөв зохион байгуулалттай хийж эхэлдэг. Ажлаа хэрхэн яаж үр дүнтэй хийх үү, гэр бүлдээ хэзээ яаж цаг зав гаргах уу, баяр ёслолыг хэрхэн яаж тэмдэглэх вэ гэдгээ төлөвлөж, зохицуулж сурдаг. Бид дасгал хөдөлгөөн, бүжиг зааж, эрүүл зөв хооллолтын хичээл орохоос гадна уур бухимдлаа хянах, өөрийгөө гомдлоос суллаж чөлөөлөх, эхнэр, нөхрийн харилцаа хандлага гэх мэт сэтгэлзүйн талын хичээлийг ч мөн зааадаг.
-Долоо хоногт хэдэн удаа цагийн ямар сонголтоор хичээллэх боломжтой вэ?
-Манай өглөөний анги 06:00, 07:30, 10:00, оройн анги 19:00, 20:00 гэсэн цагийн сонголттой. Эдгээр цагийн дагуу өдөр бүр хичээллэдэг учраас тухайн хүн долоо хоногт хэдэн удаа явахаа өөрөө шийдэж, түүндээ нийцүүлэн төлбөрөө төлөх боломжтой. Сүүлийн үед албан байгууллагууд оффис дээрээ хичээл заалгадаг болсон байна. Энэ нь бас нэг ахиц дэвшил шүү.
-Жишээлбэл, би өглөөний 07:00 цагийн ангид явъя гэж бодоход, тухайн нэг цагийн хугацаанд ямар хөтөлбөрийн дагуу хичээллэх вэ?
-Та 07:00 цагаас өмнө ирээд өөрийгөө бэлдчихсэн байх ёстой. Тэгээд эхний таван минутад таныг аппаратад оруулж, жин, өөхлөлт, бэлхүүсний тойрог гэх мэт биеийн шаардлагатай үзүүлэлтийг хянаж, өмнөх өдрүүдэд гаргасан үр дүн эсвэл алдаа дутагдлын талаар ярилцаж, зөвхөн танд тохирсон зөвлөгөө мэдээллийг өгнө. Тэгээд 45 минутад иога, дасгал, “belly dance”, бачата зэрэг олон бүжгийн хөдөлгөөнийг хийнэ. Зумба өөрөө бүх төрлийн бүжгийн техникийг оруулсан дасгал шүү дээ. Харин үлдсэн 10 минутад нийтэд нь буюу бүх хүмүүсийн дунд эрүүл, зөв хооллолтын тухай хичээлийг заадаг. Ингэхдээ бодит үр дүнд хүрсэн хүмүүс туршлагаасаа хуваалцаж, бусдадаа урам зориг өгөх жишээтэй.

-Ер нь зумбагаар хэдий хэр хугацаанд хичээллэж байж үр дүнд хүрэх вэ?
-Cарын хугацаанд 20 кг жин хассан хүн бий. Гэхдээ энэ бол нэлээд чанга дүрэм. Харин зөөлөн дүрмээр бол хүн өдөрт 300 грамм хасдаг гэж тооцож болно. Гэхдээ ер нь бол тухайн хүний өөрийн сахилга батаас л бүх зүйл шалтгаална. Зөвлөгөө зөвлөмж өгөөд байхад хөргөгчин дахь хүнс, идэж уух зүйлсээ өөрчлөхгүй л бол үр дүн хүлээх хэрэггүй. Мөн эрт унтахгүй бол бас үр дүн гарахгүй. Хүний амьдрал баялаг учраас хөдөө гадаа явах, баяр наадамд очих ч гэдэг юм уу юу ч тохиолдож болно. Гол нь ийм үед багшдаа хэлээд зөвлөгөө авах хэрэгтэй.
-Та бүхэн “Зумба фестиваль” зохион байгуулах гэж байгаа юм билээ. Энэхүү фестиваль нь сонирхогч хүмүүст нээлттэй юү?
-Бид олон улсын хэмжээний “Зумба фестиваль”-ийг есдүгээр сарын 6-нд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Фестивальд Япон улсаас олон улсын зумба бүжгийн дэглээч багш, мөн БНСУ-аас нэг багш, зургаан хамтрагч багштайгаа ирж оролцоно. Зумба гэж ямар дасгал бүжиг байдаг, түүний ач холбогдол гэх мэт цогц ойлголтыг өгч, олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулж байгаа учир хүссэн хүн бүрд нээлттэй. Гэхдээ тодорхой хэмжээний такстай. Холбооны салбар болон гишүүдийн дунд мөн сонирхогчдыг татан оролцуулсан тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Зохиомол хөтөлбөрөөр хичээллэдэг зумбачид олон улсын том фестиваль дээр очоод хамтран ойлголцож хийж чаддаггүй. Харин олон улсын стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөөр хичээллэсэн хүмүүс бол хаана ч, хэзээ ч хамтдаа нэгэн зэрэг бүжиглэж чаддаг.

-Ер нь бүх л төрлийн бүжиг, дасгал хөдөлгөөн өөр өөрийн давуу тал, ач холбогдолтой байдаг болов уу. Зумба бүжгийн тухайд та юу хэлэх вэ?
-Нэгдүгээрт, дасгал хөдөлгөөн хийж л байгаа учраас тодорхой хэмжээнд жингээ хасна. Хоёрдугаарт, хүний сэтгэлзүйг тайвшруулдаг. Өөрөөр хэлбэл, хөгжмийн аянд бүжиглэдэг учраас тухайн хүнийг зөөлөн сэтгэлзүйтэй болгодог. Гуравдугаарт, аз жаргалын гармон ялгаруулдаг. Дөрөвдүгээрт, өөрийнхөө хүсэл сонирхлыг олж, түүнийгээ амьдралынхаа хэв маяг болгож чаддаг. Жишээлбэл, та зумбагаар хичээллэж байгаад тэдгээр төрлөөс иог хийх эсвэл монгол бүжиг бүжиглэхэд илүү дуртай байвал түүн рүү нь бид чиглүүлж өгдөг. Гурван сарын хугацаанд зумбагаар хичээллэсэн хүн монгол бүжигт дурлан хичээллэдэг болох жишээтэй. Ер нь бол манай клуб зөвхөн жин хасахад төвлөрдөггүй. Харин өөрийгөө олж мэдэрч, эрүүл амьдралын хэв маягтай болгоход илүү анхаардаг.
-Ажил, амьдралаа зумбатай холбосон таны түүхийг хуваалцъя?
-Би 2015 онд элэгний вирустэй гэдэг онош сонссон. Энэ нь удамшсан байх магадлалтай. Яагаад гэвэл, миний эмээ, ээж болон нагац талын олон хүн элэгний өвчнөөр нас барсан. Тиймээс би хувь тавилантайгаа эвлэрч, ер нь бол бууж өгч байсан. Гэсэн ч эмч маань надад урам зориг, хүч өгч намайг урагш түлхсэн. Тиймээс би эмчилгээгээ хийлгэхийн хажуугаар эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралыг эрэлхийлж явсаар 2018 онд өөрийгөө олсон. Өөрөөр хэлбэл, тэр цагаас хойш зумбатай ажил, амьдралаа холбож Ингээд би тухайн үед 82 кг-аас 60 кг жинтэй болж чадсан. Түүнээс хойш энэ жингээ тогтмол барьж байгаа.

-Эрүүл зөв хооллолт, идэвхтэй амьдралд уриалдаг, томоохон төлөөллийн хувьд та манай уншигчдад товчхон зөвлөгөө өгөөч?
-Хамгийн түрүүнд амьдралын хэв маягаа л өөрчлөх хэрэгтэй. Гол нь та өглөө 05:00 цагт “зомби” шиг сэрж байна уу эсвэл үнэхээр аз жаргалтай сэрж байна уу гэдэг нь амьдралын хэв маяг. Таны өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ. Миний өглөө 22:00 цагт унтахаас эхэлдэг. Хэрэв, би 00:00 цагт унтвал өглөө “зомби” шиг сэрнэ. Харин 02:00 цагт унтвал би өөрийгөө унтаагүйд тооцдог. Дараагийн анхаарах зүйл бол мэдээж хооллолт. Эрүүл хооллолт гэхээр хүмүүс би энийг иднэ, тэрийг идэхгүй гээд таваг дээрх хоолоо ялгаж эхэлдэг. Бас хоолоо сойж, юу ч идэхгүй гэж ярьдаг. Энэ бол маш буруу. Харин ч эрүүл мэндэд илүү их эрсдэлтэй. Тиймээс хооллолтын хувийн зөвлөхтэй болох хэрэгтэй. Учир нь, “Тэр зумбагаар хичээллээд тураад гоё болчихсон байна, би бас явна” гээд л шийдээд явчихдаг. Гэтэл үнэндээ тэр хоёр хүний сэтгэлзүй, бие махбодь харилцан адилгүй, ялгаатай байдаг учраас тэр хэрээр хооллолт ч мөн өөр байна шүү дээ. Тиймээс бидэнтэй нэгдэн хувийн өмгөөлөгчтэй, хувийн хүүхэд асрагчтай болдог шиг таныг анхаарах хооллолтын зөвлөх дасгал хөдөлгөөн таны эрүүл мэндэд анхаарах дасгалжуулагчийг манайхаас сонгоорой,өөрийгөө олж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүсэж бас уриалж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №032/24659/ дэх дугаарын цахим сониныг ЭНД-ээс уншина уу.
-
Тод мэдээ2022/08/23
Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав
-
Тод зураг2019/11/15
Таван зуун кг сайжруулсан түлш тээвэрлэж явсан зөрчил илрүүллээ
-
Өнөөдөр2020/04/22
“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг ...
-
Тод зураг2019/06/17
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан