Дэлхий нийтээр..
Тусгай шалгалтын хуваарь гарлаа
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад визийн хүчинтэй хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлд хамрагдсан иргэдийн Тусгай шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2 давхарт шалгалтын (CBT) танхимд явагдана.
Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг ЭНЭ холбоос болон monkor.net сайтаас орж харна уу.
Мөн цахим бүртгэлийн http://solongos.hudulmur-halamj.gov.mn сайтын Тусгай бүртгэлийн цэс /регистр, овог, нэр/-ээс харах боломжтой.
Тусгай шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.
Үүнд:
- Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй.
- 09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.
- Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө.
- Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө Ковид-19-ын халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно.
- Коронавирусийн ойрын хавьтлын улмаас тусгаарлалтанд байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт явагдаж дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна.
- Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус тус авна.
Тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн нэрcийг 2021 оны 10 дугаар сарын 20-нд зарлана.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Үйл явдал2021/03/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Дэлхий нийтээр..2021/03/19
Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой бол...
-
Дэлхий нийтээр..2023/03/30
ЗГ: Дээд боловсролын тэргүүлэх мэргэжил, эрэлттэй мэргэжлийн чиглэлийг баталлаа
-
Дэлхий нийтээр..2023/05/04
Авто замын түгжрэлийг 50 хувь бууруулахыг зорьж байна
