Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: Бид халдвар хамгааллын дэглэмээ ягштал бариад том төслүүдээ урагшлуулах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг бүтээн байгуулалтын ажлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өглөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр (1,236 тэрбум доллар) хэрэгжиж буй бөгөөд жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай. Төсөл 5 ажлын багцаас бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Инженерчлэл, төлөвлөлт, зохион байгуулалт болон Технологийн бус барилга байгууламж барих ажлын гэрээ байгуулагдан бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд оффис, сургалтын төв, гал команд болон анхны тусламжийн байр, засварын цех, лаборатори, агуулахаас гадна Бор Хөөвөрийн говиос татах усан хангамжийн ажлыг цогцоор нь байгуулна. Уг бүтээн байгуулалтын дараа үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжуудыг барина.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. 550 айлын уг хотхон нь оффис, хурлын танхим, хоолны заал, анхны тусламжийн төв, дэлгүүр, ахуйн үйлчилгээ, сургууль цэцэрлэг, ногоон байгууламж зэргээс бүрдэх бөгөөд нийт 11 барилгаас бүрдэх ажээ.
Одоогоор орон сууцны барилгын ажил 85 хувьтай байна. Өнгөрөгч зургадугаар сард эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох байсан ч цар тахлын улмаас хойшилжээ.
Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануур зэрэг уул уурхай, үйлдвэр даган боссон хотуудын нэгэн адилаар Сайншанд ч тун удахгүй Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй аж үйлдвэржсэн хот болон хөгжинө гэж гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
-Монгол Улсын түүхэнд үлдэх том бүтээн байгуулалтад гар бие оролцон, хүчин зүтгэж байгаа та бүхэнд Засгаас газраас талархаж буйгаа илэрхийлж байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай тулсан амаргүй нөхцөлд байна. Энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан бүтээн байгуулалтыг урагшлуулж байгаа нь чухал хэдий ч та бүхний эрүүл мэнд юу юунаас чухал гэдгийг мартаж болохгүй гээд тэдний ажилд амжилт хүслээ.

Үүний дараагаар Ерөнхий сайд төв болон орон нутгийн хэвлэл мэдээллийнхний асуултад хариуллаа.
Замын-Үүд боомтын ажлыг эрчимжүүлэх үүднээс 30 хоногийн үүрэг өглөө. Энэ хугацаанд байдал дээрдэхгүй бол хариуцлага тооцно гэдгийг хэлсэн. Үүнд илүү тодорхой хариултыг сэтгүүлчид тодрууллаа.

- Цар тахлаас үүдээд Замын-Үүд, Гашуун сухайт боомт дээр хүндрэлүүд гарч байна. Үүнтэй холбоотой өмнө нь ажлын хоёр хэсэг гарч ажилласан. Үр дүнг нь үзэх гэж Замын-Үүд боомтод ажиллаж байгаа нь энэ. Монголын талд Хятадын талаас тавьж буй хэд хэдэн шаардлагыг богино хугацаанд биелүүлэх нөхцөл байдал үүсч байна. Энэ нөхцөлийг сайжруулах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томиллоо. Эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын баг томилж ажиллахаар боллоо. Үр дүн нь наана гарна гэж итгэж байгаа ч 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө. Хоёр талд байгаа хилийн хяналтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ барьж Улаанбаатараас ирэх ачаа барааны халдваргүйтлийг хийх, ээлжийн жолооч нарын эрүүл мэндийн асуудал, вакцинжуулах зэрэг зайлшгүй хийх ажил байгаа. Энэ хугацаанд үр дүн гарахгүй бол хариуцлагын асуудал ярина гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
Юун дээр алдаа гарсан гэж харж байна. УОК-ийн дарга сар орчмын өмнө ирж, хил нэвтрэх машины тоог 50 орчмоор нэмэгдүүлнэ гэсэн. Гэтэл одоо ч байдал хэвээрээ л байна?
- Гол зүйл цар тахалтай л холбоотой. Барааны гадаргуугаас үүдсэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалсан. Лабораторийн шинжилгээ хийсэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын талтай ярьж байгаа. Ачаа барааны гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайжруулах ёстой.
Ачаа тээврийн үнийн хөөрөгдөл бий болоод байна. Энэ асуудлаар АТГ-д хандсан гэж байсан. Энэ талаар тодруулъя?
- 200-250 машин өдөрт хилээр гардаг байсан боомт өнөөдөр 100 машин гээд хязгаарлалт тавьчихаар бөөгнөрөл үүсэж, эрэлт нийлүүлэлт зөрж үнэ өсөж байна. Дээрээс нь нугалаа үүсгэж байж магадгүй гэсэн мэдээлэл ирсний дагуу Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг ажиллаад мэдээлэл өгөөд явж байгаа. Энэ мэдээллийн мөрөөр Замын-Үүдэд ажиллалаа.
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нэг жилээр хоцорлоо гэдгийг удирдлагууд нь ярьж байна. Та ямар арга хэмжээ авна гэж төлөвлөж байна?
- Зөвхөн Монгол биш дэлхий даяар цар тахалтай тулж байна. Нэг жил зогслоо. Тиймээс бид одоо ковидтой дасан зохицоод, сөрөөд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариад том төслүүдээ урагшлуулахгүй бол эдийн засаг хүндэрч, бүх улс оронд төсөв тасалдах хэмжээний хямрал үүснэ. Эхний шинж тэмдгүүд гарч байна. Тухайлбал, зогсонги байж байгаад гэнэт хөдөлгөөн орж, үйлдвэрлэл сэргээд ирэхээр бараа материалын хомсдол, үнийн хөөрөгдөл үүсч байна. Үүнийг хамтдаа даван туулах шаардлагатай. Газрын тосны үйлдвэр ч биш бусад бүтээн байгуулалт, олон төсөл цар тахлаас улбаалж нэг жил алдлаа. Ийм учраас эрчимтэй ажиллаж, анхаарал хандуулах ёстой гэлээ.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2021/10/28
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцын талаар танилцуулав...
-
Дэлхий нийтээр..2025/09/26
Хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрөөд ба...
-
Үйл явдал2021/09/11
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Үйл явдал2025/08/29
Нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобус хүлээх хугацаа багасаж, ху...
