Хэн юу хэлэв...
Д.Ихбаяр: Нийслэлийн харьяа байгууллагуудын 20 үйлчилгээг Emongolia системд нэмж оруулна
Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяртай ярилцлаа.
-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia иргэдэд илүү ойртож, Төв Шуудангийн нэгдүгээр давхарт иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө нээсэн. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ” гэж онцолсон. Улаанбаатар хотыг цахимжуулах ажил хэр явагдаж байна?
-Нийслэлээс 2018 онд Цахим шилжилт төсөл хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлж, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах ажлыг зохион байгуулсан. Мөн Нийслэлийн цахим үйлчилгээний eservice системийг ашиглан иргэн, хуулийн этгээд төрийн болон нутгийн захиргааны 113 байгууллагын 326 төрлийн үйлчилгээний лавлагаа мэдээлэл буюу үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлага, хууль, эрх зүйн актын мэдээллийг авах боломжтой болсон. 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар тус системээр дамжуулан 37 мянга гаруй иргэдэд цахим болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.
Нийслэлийн цахим үйлчилгээний eservice систем төрийн мэдээлэл солилцооны хур, танил нэвтрэлтийн дан системийг ашиглан онлайн хэлбэрээр төрийн байгууллагын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Тус системд тулгуурлан Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас emongolia системийг нэвтрүүлснээр 21 аймаг, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээ үзүүлж байгаа.
Мөн QR системийн хувьд ч адилхан хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд иргэний үнэмлэхийн кодоор уншуулахад тухайн иргэнийг шууд таних хэлбэрээр Хур системээр дамжуулан иргэдийн мэдээллийг авч байна.
-Нийслэлийн зарим үйлчилгээг emongolia системд шинээр нэмж оруулж байгаа тухай E-Mongolia төвийн нээлтийн үеэр хэлж байсан. Энэ нь ямар, ямар үйлчилгээ вэ?
-Азийн Сангийн Засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр Нийслэлийн нутгийн захиргааны 8 байгууллагын 20 үйлчилгээг 2021 онд нэмж шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн портал emongolia системд өгөхөд бэлэн болж байна. Үүнд:
- Нийслэлийн Татварын газар
- -Сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
- -Орон сууцны татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх
- Нийтийн Тээврийн үйлчилгээний газар
- -Техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
- -Авто тээврийн хэрэгсэл түүний сэлбэг хэрэгсэл эд ангийн худалдаа эрхлэх зөвшөөрөл
- -Авто тээврийн хэрэгсэл түүний эд ангийг хадгалах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл
- -Ажилчдын автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
- Авто тээврийн үндэсний төв
- -Жуулчин тээврийн автобус, жолооч бүртгэх үйлчилгээ
- Нийгмийн даатгалын ерөнхий газар
- -Сайн дурын даатгуулагчаар бүртгүүлэх үйлчилгээ
- Нийслэлийн цагдаагийн удирдах газар
- -Хяналтын камерын тодорхойлолт гаргах
- Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар
- -Дугаарын хязгаарлалтаас түр чөлөөлөх хүсэлт гаргах үйлчилгээ
- Онцгой байдлын ерөнхий газар
- -Галын аюулгүй байдлын дүгнэлт
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар
- -Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
- -Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт гаргах
- -Сувиллын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрныг дүгнэлт гаргах
- -Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх байгууллагуудад ажлын байрны дүгнэлт олгох
- -Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
- -Эмийн сангийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
- -Сувилалын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
- -Ахуйн хортон шавьж, мэрэгч устгал, ариутгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл (Шинээр олгох, сунгах)
Түүнчлэн дээр дурьдагдсан нийтийн хоол, баар ресторан, худалдаа үйлчилгээний чиглэлэээр УОК-аас Галын аюулгүй байдлын дүгнэлтийг заавал авдаг. Тус дүгнэлтийг цахимаар авах боломжтой болж байна. Жишээ нь, тухайн галын аюулгүй байдлын байцаагч маш олон аж ахуйн нэгжүүдээр явж, дараалал, хүлээлт үүсэх шаардлагагүй болсон гэсэн үг юм.
Юуны түрүүнд иргэдийг хамгийн ихээр бухимдуулж, чирэгдэл үүсгэж байгаа асуудлыг зохицуулах гэж хичээж байна. Үүнтэй холбоотойгоор дийлэнх ажлыг цахимжуулаад байна. Удахгүй бид нэмж нийслэлийн олон үйлчилгээг цахимжуулж emongolia системд хүлээлгэн өгнө.
-Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээс иргэд, ААН-ийн авах үйлчилгээ улам л нэмэгдэж байна. Энэ нь сайн талтай ч өөрт хэрэгтэй үйлчилгээгээ сонгон хайж, олох нь бэрхшээлтэй болох сул тал болох уу?
-Иргэн, хуулийн этгээд өөрт шаардлагатай үйлчилгээг хайлт хэсэг рүү орж сонгох боломжтой учраас бэрхшээл үүсэхгүй. Бид цахим үндэстэн болох том зорилт тавиад түүнийхээ зүг төр, засаг, нийслэл, орон нутаг нэг чиглэлд харж яваа учраас бид зайлшгүй emongolia системийг ашиглах шаардлагатай. Дэлхий дахин ч мэдээллийн технологи, аж үйлдвэрийн IV хувьсгал эхэлчихсэн. Дэлхий биднээс үүнийг яах аргагүй шаардаж байна. Цар тахлын хөл хорио, халдварын эрсдэл зэргээс үүдэн ЕБС, Их, дээд сургуулийн оюутан, сурагчид цахим орчинд хичээлийн жил, үзэх сурах зүйлсээ авч чадаж байна. Гаднын шилдэг их, дээд сургуулийн боловсролыг эх орондоо байгаа ч цахим орчноор дамжуулан эзэмшиж, дэлхийн боловсролтой болж байгаа олон залуучууд байна. Тиймээс Монгол төрийн иргэндээ үзүүлэх үйлчилгээ цахим хэлбэрт шилжин, нэг порталд орох нь сул тал болохгүй. Ирээдүй биднийг энэ замаар хөтөлж байна шүү дээ.
Бид emongolia системийг хэрэглэхгүйгээр цахим шилжилт хийх тухай ярих боломжгүй. Ядаж л Иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрийн хаягийн тодорхойлолтоо энэ системээс төвөггүй авна шүү дээ. Цаашлаад ашиглаж сурснаараа бид хялбар түвшинд асуудлаа шийдэж зохицуулж, ажлаа саадгүй явуулж, төрийн үйлчилгээг дан цахимаар авах юм.
Аливаа ажлын хүрэх үр дүн хэмжигдэхүйц, удирдахуйц байх ёстой. Бүх системдээ нэвтэрснээр маш том дата бааз бий болж байгаа юм. Ингэснээр иргэдийн үйлчилгээ авах хурд нэмэгдэж, удирдах болон хэмжихэд хялбар болж байгаа юм. Дээрээс нь төрийн ой санамж бүрдэж, дараа дараагийн шийдвэр гаргалт сайжрах болно. Мөн бодит цаг хугацаанд хяналт тавих боломжтой болох юм.
Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/ системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлж, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байна.
-Баярлалаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2024/11/22
Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт тавина
-
Дэлхий нийтээр..2024/06/18
Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд оролцохоор бүртгүүллээ
-
Дэлхий нийтээр..2020/09/01
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хичээлийн жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай тани...
-
Дэлхий нийтээр..2025/07/03
Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хааж, шинэчилнэ...
