Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 06 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 метр. 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
2021 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15-нд зарим газраар, 16-17-нд говь, тал хээрийн нутгаар, 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 17,18-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.
Үйл явдал
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Үйл явдал
Багануур дүүрэгт гал түймрийг алсаас илрүүлэх өндрийн камер ашиглалтад орлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөсний дагуу Багануур дүүрэгт анхны камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа.
Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлэх боломжтой. Ингэснээр ой, хээрийн болон объектын гал түймрийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулж, гал түймрийг эрт илрүүлэх, хохирлыг бууруулах нөхцөл бүрдэх юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын мэдээлснээр цаашид төлөвлөгөөний дагуу бусад байршилд өндрийн камерыг үе шаттайгаар суурилуулна.
Үйл явдал
Шатахууныг улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож байна
Өчигдөр шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж байна. Тус зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.
Өнөөдөр таны автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол шатахуун авах боломжтой юм.
Сануулахад:
- 0, 2, 4, 6, 8 буюу Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 4, 6, 8, 10, 12, 14-ний өдрүүдэд,
- 1, 3, 5, 7, 9 буюу Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин эзэмшигчид 8 дугаар сарын 5, 7, 9, 11, 13, 15-ны өдрүүдэд шатахуун авна.
Иргэд, жолооч та бүхэн хуваарийн дагуу шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлнэ үү.

