Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга Баянгол дүүргийн 649 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2021.06.02/ нийслэлийн Баянгол дүүргийн 649 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа. Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.
Нийслэлийн Баянгол дүүргээс нийтдээ 649 ээжид “Эхийн алдар” одонг, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 24, Хоёрдугаар зэргийн одонг 625 ээжид хүртээж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” одон гардуулсныхаа дараа:
“Элбэрэлт ээж нар аа,
Энхрий үрсийнхээ бахархал болсон эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний ирээдүй, баяр баясал, гэрэл гэгээ болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10 мянга 843 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ажиллагаа явагдаж байна.
Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Монголын төр 64 жилийн өмнөөс улс үндэстнийхээ ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гаргасан эхчүүдийнхээ зүтгэл, сэтгэл, хайр энэрэлд жилд нэг удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.
Өнөөдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 649 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрсэд нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөж байна.
Нийгмийн хамгийн үнэт баялаг болсон, үндэстний гэрэлт ирээдүйг тодорхойлох хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих, сурч хүмүүжих учиртай юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдлүүдийг гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах үүрэгтэй билээ.
Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.
Алдарт эхчүүд ээ,
Эрхэм дотнын ээж нар аа,
Өнөр баян Монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд нийслэлийн харьяат ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358 ээжид “Эхийн алдар” одон гардуулсан билээ.
“Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байна.








Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/12/21
Иргэдийн анхааралд!
-
Дэлхий нийтээр..2025/06/06
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх ...
-
Дэлхий нийтээр..2025/02/27
Эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд цаг их зарцуулж байна
-
Дэлхий нийтээр..2019/12/09
“Ган үзэг 2019” оны тэргүүн наадмын ШИЛДГҮҮД тодорлоо

