Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Улаанбаатар-Эрхүүгийн цахим буухиад оролцож, үг хэллээ
Энэ онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй билээ. Түүхэн ойг угтаж “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв хамтран “Хамтдаа 100 жил” найрамдлын буухиа цуврал цахим арга хэмжээг 2021 оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулж байна.
Найрамдлын буухиа нь Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Новосибирск, Улаанбаатар-Барнаул, Улаанбаатар-Горно Алтайск-Кызыл, Улаанбаатар-Эрхүү, Улаанбаатар-Улаан-Үд, Улаанбаатар-Чита, Улаанбаатар-Элиста гэсэн маршрутаар 8 сарын турш үргэлжлэх бөгөөд энэ сарын 20-ны өдөр Улаанбаатар-Эрхүүгийн 5 дахь шатны арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Шууд харилцааны нээлттэй онлайн орчин ажиллуулах, хамтран ажилладаг түнш байгууллагуудын хэлхээ холбоог өргөтгөх, улмаар Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд энэхүү арга хэмжээний гол зорилго оршиж байгаа ажээ.
Цахим буухиад Монгол, Оросын төр, нийгмийн зүтгэлтэн, бүс нутгийн удирдлагууд, их, дээд сургууль, шинжлэх ухаан, бизнес, үйлдвэрлэлийн төлөөлөл, найрамдлын нийгэмлэг, холбоодын удирдлага, ОХУ болон ЗХУ-д Монголоос сургууль төгсөгчид, соёл урлагийн салбарын хамтлаг, дуучид оролцож байна. Өнөөдөр болсон арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ.

Тэрбээр 100 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх ажлын гарааг эхлүүлж, хамтран зохион байгуулж буй “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлээд, коронавирусийн цар тахал нүүр тулан уулзаж ярилцахад төвөг саад учруулж байгаа хэдий ч өнөөдөр Эрхүүгийнхэнтэйгээ учран золгох сайхан боломж олдсонд баяртай байна гэв.
Түүнчлэн Эрхүүгийн улс ардын аж ахуйн дээд сургууль буюу өдгөөгийн Байгалийн улсын их сургуульд суралцаж байсан үеэ дурсаж, “Орост суралцсан тэрхүү таван жил миний ирээдүйн ажил амьдрал өөдрөг байх олон чухал мэдлэг, чадварыг олгосон юм. Миний оюутан ахуй үе өөрчлөн байгуулалт, манай хоёр орны хөгжил шинэ гараанд шилжих цаг хугацаатай давхацсан бөгөөд энэхүү шинэ эриний эргэлт нь Зөвлөлтийн төдийгүй Монголын ард түмний хувь заяанд хүчтэй нөлөөлсөн билээ” гэж дурсав.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ онд Эрхүү хот дахь Монголын ерөнхий консулын газар байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, Ерөнхий консулын газар Эрхүү хотын захиргаа болон бусад байгууллагуудтай хамтран ойгоо өргөн хүрээнд тэмдэглэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, Эрхүүгийн улсын их сургуулийн Багшийн дээд сургуулийн үүдэнд Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Базарын Ширэндэвийн дурсгалын самбар босгосонд талархлаа. Мөн ах дүүгийн харилцаатай Дархан, Братск хотуудын хамтын ажиллагаанд амжилт хүсэж, олон зууны түүхтэй манай хөрш хоёр орны хувьд ийм харилцаа нэн чухал болохыг онцоллоо.

Тэрбээр ”Энэхүү цахим буухиа Монгол, Оросын хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх чиглэлээр анд нөхөдтэйгээ яриа хөөрөө өрнүүлэх нээлттэй талбар болох нь дамжиггүй. Улаанбаатар-Эрхүүгийнхний энэ онлайн уулзалтаар бидний эртний улбаатай, бүхий л салбарыг хамарсан, ах дүү ёсны харилцааны талаарх сайхан дурсамжууд өрнөж, Улаанбаатар болон миний насан залуугийн хайртай хот Эрхүү хоорондын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр шинэ санаа, санаачилгууд гарна гэдэгт найдаж байна” гэв.
Цахим буухиад Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор, Орхон, Дорноговь аймгийн Засаг дарга С.Батжаргал, О.Батжаргал, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн, ШУТИС-ийн ретор Б.Очирбат, Орос, Зөвлөлтөд их, дээд сургууль төгсөгчдийн Монголын холбооны дэд ерөнхийлөгч Д.Цогзолмаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн А.Р.Базархандаев, Эрхүү мужийн хууль тогтоох хурлын дарга А.В.Ведерников, хурлын орлогч дарга К.Р.Алдаров, мужийн захиргааны орлогч дарга А.Л.Ситников, Дорнод Сибирийн худалдаа үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.И.Соболь, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга И.В.Милостных, Эрхүүгийн Улсын их сургуулийн ректор А.Ф.Шмидт, Эрхүүгийн зам, харилцааны их сургуулийн ректор А.П.Хоменко нарын зэрэг хүмүүс оролцов.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/08/29
УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ долоо хоногт...
-
Үйл явдал2022/02/25
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2020/09/22
Өмнөговь шилдэг зохион байгуулалттай хамт олноор шалгарлаа
-
Дэлхий нийтээр..2024/10/08
Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж, замын барилга угс...
