Үйл явдал
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн 22. Сумъяа гараг. Булаагч одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн бөгөөд эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.
Үйл явдал
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 24, 25-нд нутгийн баруун хагаст, 26-нд нутгийн хойд хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2026 оны зургаадугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, Их нууруудын хотгор, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2026 оны зургаадугаар сарын 25-наас
2026 оны зургаадугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Үйл явдал
БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2026.06.22 БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-ын дарга Али Хамза Пехливан, Худалдааны сайд Өмер Болат, Туркийн Барилгачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон контрактор компаниудын төлөөлөлтэй тус тус албан уулзалт хийлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын дарга Али Хамза Пехливантай уулзах үеэрээ гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, мэдээллийн технологид суурилсан орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Тодруулбал, Турк Улсын AFAD байгууллагын гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн сан, мэдээллийн технологид суурилсан удирдлагын тогтолцоо нь гамшгийн эрсдэлийг шуурхай үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулахад өндөр үр дүнтэй туршлага болж байгааг онцолж, энэхүү туршлагаас суралцах сонирхолтой буйгаа илэрхийллээ.
Мөн онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг AFAD-ийн Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаанаас туршлага судлуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд агаараас тандалт, үнэлгээ хийх зориулалттай дэвшилтэт технологийн дрон нийлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар онцоллоо.

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Худалдааны сайд Өмер Болаттай уулзах үеэрээ Монгол Улс “Эдийн засгийн тусгай бүсийн тухай” хуулийн төслийг боловсруулж буй талаар танилцуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх, татварын уян хатан зохицуулалт бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар санал солилцов.
Талууд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурь болохыг онцолж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа тодотгож байна.

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Анкара хотноо Туркийн Барилгачдын холбоо (TCA)-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон контрактор компаниудын төлөөлөлтэй уулзаж, Хархорум хотын төлөвлөлт, хот байгуулалтын төсөл, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв.
Уулзалтаар Туркийн барилгын компаниудыг Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах, тээвэр логистик, төмөр зам болон дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Талууд Монгол, Туркийн стратегийн түншлэлийг худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарын бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
-
Дэлхий нийтээр..2021/08/02
Боомтын өргөтгөл, Мэргэжлийн хяналтын лабораторийг хугацаанд нь ашиглалтад оруул...
-
Дэлхий нийтээр..2021/05/10
Иргэдийн анхааралд...
-
Үйл явдал2024/09/30
“10-р хороолол” орчмын айл өрхүүдийн халуун ус, дулааныг өглөө
-
Дэлхий нийтээр..2022/08/09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ
