Хэн юу хэлэв...
Д.Хан-Уул: Зөвшөөрөлгүй хайс, хашааг буулгах ажилд иргэд идэвхтэй оролцдог болсон
Иргэд өөрийн эзэмшлийн болон өмчилсөн газартаа барилга барихдаа тухайн газрыг хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасныг шалгах ёстой байдаг. Энэ талаар болон бусад асуудлаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уултай ярилцлаа.
-Хот байгуулалт, хөгжлийн газрын чиг үүрэг юу вэ?
-Хот байгуулалт хөгжлийн газар нь нийслэлийн нутаг дэвсгэрт баригдах барилга, байгууламжийн зөвшөөрлийг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний дагуу боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, нэгж харуулын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн олгодог. Манай байгууллага чиг үүргийнхээ хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт судалгаа хийж, түүнийхээ байршлыг тогтоож, бусад чиг үүргийн байгууллагуудад мэдээлэл өгч, хамтран ажилладаг. Бид 2017 онд маш өргөн хүрээтэй судалгаа хийсэн. Их тойруугийн нутаг дэвсгэр буюу хотын цагариг хэлбэрийн нутаг дэвсгэрт нийт 1113 га талбайд явган хүний зам хийхдээ хаана зам чөлөөлөх, хаана шинээр хийхийг судалсан. Мөн хайс, хашлага зөвшөөрөлгүй барьсан газруудад судалгаа хийж, ерөнхий архитектороор батлуулж, товхимол болгосон байгаа. Үүнийгээ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүлээлгэн өгсөн. Үүний дагуу “Хашаа” арга хэмжээ хийдэг. “Хашаа” арга хэмжээний хүрээнд зөвшөөрөлгүй барьсан объект, хайс, хашааг жил бүр чөлөөлж, зам, талбай гаргах, явган замыг нээлттэй болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил Нийслэлийн Ерөнхий менежерийн А/41 дүгээр тушаалаар “Хашаа” арга хэмжээг үргэлжлүүлж байгаа. Нийслэлийн есөн дүүрэгт дэд ажлын хэсэг гарч дүүргийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Манай байгууллагаас дүүрэг болгоныг хариуцсан архитектор, мэргэжилтнүүд тухайн Ажлын хэсэгт багтаж, газар дээр нь судалгаа хийж, хайс, хашаагаа зөвшөөрлийн дагуу барьсан эсэх, зөрчилтэй газар байгаа эсэхийг шалган ажиллаж байгаа.
-Нийслэлд барилга барих зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ?
-Барилга, байгууламжийн зөвшөөрөл олгох үе, шат гэж бий. Нэгдүгээрт, архитектор төлөвлөлтийн даалгавраа авах ёстой. Иргэн та эзэмшиж байгаа, өмчилж байгаа газар дээрээ барилга, байгууламжийн зөвшөөрөл авахдаа юуны түрүүнд хотын ерөнхий төлөвлөгөөнд хэрхэн тусгасан байгааг, ямар шаардлагад нийцсэн байх ёстой зэрэг үндсэн шаардлага буюу архитектор төлөвлөлтийн даалгавраа манай байгууллагад онлайнаар болон биеэр ирж өгөх боломжтой. “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Драгон”, 6 буудал зэрэг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд мөн өгч болно. Иргэдийн ирүүлсэн материалын дагуу бид ажлын 10 хоногт багтаан газар дээр нь очиж, судалгаа хийн хотын мэдээллийн сангаас шүүж мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулдаг юм. Мэргэжлийн зөвлөлийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу архитектор төлөвлөлтийн даалгавар боловсруулан батлуулж, хүсэлт гаргасан хуулийн этгээд, иргэнд хариу мэдээлдэг. Хүсэлт гаргагч нь архитектор төлөвлөлтийн даалгаврын дагуу мэргэжлийн зураг төслийн байгууллагад хандан барихаар төлөвлөсөн барилга, байгууламжийнхаа зургийг гаргуулах ёстой. Тухайн зураг төсөл нь үлгэрчилсэн загварын дагуу боловсруулагдана. Энэхүү үлгэрчилсэн загварт явган зам, авто замын хөдөлгөөний шаардлага, стандартыг хангаж байна уу, үгүй юү гэдгийг тусгайлан зааж өгсөн зураглал дээр хөдөлгөөний график, схемийн дагуу зөвшилцдөг. Үлгэрчилсэн загвар зургийг нарийвчлал өндөртэй боловсруулсан. Зураг төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын зураглал ч гэсэн илүү нарийвчлалтай, судалгаатай, графикийн дагуу хийгдэж байгаа. Өмнө нь зарим архитекторууд хүсэлт гаргасан иргэний зураг төслийг хийхдээ газар дээр нь очиж үздэггүй, төсөөллийн хүрээнд хийдэг байсан. Үлгэрчилсэн загвар зургийг гаргаснаар энэ байдлыг зогсоож, яг бодит байдал дээр ямар байгааг, хэтийн ерөнхий төлөвлөгөөнд яаж тусгасан байгаатай уялдуулан зөвшилцөж, зураг төслийг ерөнхий архитектор баталдаг болсон. Загвар зураг дээр шинээр барьж байгаа барилга, байгууламжийн үндсэн гудамжны хөдөлгөөн, тухайн барилгын хөдөлгөөн тодорхой гарснаар явган замын эрсдэл багасах боломжтой юм.
-Хайс, хашаа буулгах, зам чөлөөлөх ажилд иргэдийн оролцоо хэр байна вэ?
-Хэдхэн жилийн өмнө иргэд хайс, хашаа буулгах, шинээр гудамж, зам нээх асуудалд төдийлэн эерэг ханддаггүй, ойлгодоггүй, дэмждэггүй байсан бол одоо эерэгээр хандаж, өөрсдөө хүсэлт гаргадаг болсон. Энэ нь мэдээлэл сайн авч байгаатай холбоотой юм. НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт хайс, хашаа барих, буулгах журмыг 2019 онд баталсан. Энэ журамд ямар байгууллага хашаатай байж болох, хашаа нь ямар стандарттай байх гэдгийг маш тодорхой зааж өгсөн байгаа. Мөн энэ асуудалд ямар байгууллага ямар үе, шаттай оролцохыг зааж өгсөн. Манай байгууллага энэ журмын дагуу байгууллагууддаа зөвлөгөө өгч, чиг үүргийн байгууллагууд үүний дагуу ажиллаж байна.
Иргэдийн 51 хувь нь нийтийн тээврээр, 41 хувь нь өөрийн унаагаар, таван хувь нь такси үйлчилгээгээр, хоёр хувь нь явганаар ажилдаа явж байна гэсэн судалгаа гарсан. Явганаар ажилдаа явж байгаа хүмүүст улирлын шалтгаан байдаг. Явган замаас гадна унадаг дугуйн замыг 2010 оноос хойш хийж эхэлсэн. Хөгжиж байгаа хотууд явган зам, дугуйн зам зэрэг зориулалтын замыг маш сайн хийдэг. Манай хот ч ийм төрлийн зориулалтын замуудыг хийж байгаа. Зориулалтын замаараа зорчих соёлыг иргэд бид дэлгэрүүлж, хүүхэд залуустаа зөв ойлгуулж, замын тэмдэглэгээг анхааруулж байх хэрэгтэй. Ингэснээр замын хөдөлгөөнд аюулгүй оролцох боломж бүрдэнэ. Явган зам, дугуйн зам, авто замын хөдөлгөөнд соёлтой оролцож байхыг нийт иргэддээ уриалж байна.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
-
Дэлхий нийтээр..2023/12/28
Өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудлаар ТББ-уудтай хамтран ажиллана
-
Дэлхий нийтээр..2024/01/23
Хөвсгөл аймаг "Хөх баавгай" төслийг хэрэгжүүлнэ
-
Дэлхий нийтээр..2025/10/23
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
-
Хэн юу хэлэв...2020/06/23
Шадар сайд Ө.Энхтүвшин Орхон аймагт ажиллалаа
