Дэлхий нийтээр..
Мэргэжлийн хяналтын байгууллага 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үйл ажиллагаанд хяналт тавиад байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Т.Гантулга, Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч С.Сүнчин, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Батдулам, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Н.Долгорсүрэн, эм биобэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Г.Номин нар өнөөдөр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны үйл ажиллагаа, Вакцин, биобэлдмэлийн төв агуулахад Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцин хүлээн авах, хадгалах, түгээж буй байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, үүрэг чиглэл, арга зүйн зөвлөгөө өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр, Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дархлаажуулалтын үйл ажиллагаа, вакцины нөөц, татан авалт, төлөвлөлтийн талаар танилцуулж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар санал солилцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Баттөр “Дархлаажуулалтын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, мэдээ мэдээллийг нэг урсгалаар шуурхай солилцож, хамтран ажиллана” гээд вакцинжуулалтын явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
МХЕГ-ын дарга Т.Гантулга “Улс орнууд коронавируст халдварын эсрэг вакцинаар иргэдээ дархлаажуулж эхлээд удаагүй байна. Манай улс таван төрлийн вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг шийдвэрлэж, одоогоор гурван төрлийн вакцинаар зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулах ажил амжилттай явагдаж байна. Энэхүү чухал хариуцлагатай ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олонд ажлын амжилт хүсч, цаашид төлөвлөсний дагуу 18-аас дээш насны бүх иргэдээ хамруулах, салбар хоорондын мэдээллийн урсгал, хамтын ажиллагааг улам сайжруулах” талаар тодорхой чиглэлүүдийг өгөв.
Дархлаажуулалтын бэлэн байдлыг хангуулах, вакцинжуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөө гарган, хяналт тавих түр заавар батлуулж, улсын байцаагчдыг цахим сургалтад хамруулан, хоёрдугаар сард улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын дархлаажуулалтын бэлэн байдалд хийсэн шалгалтын дүнг цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналын хамт Монгол Улсын Шадар сайд, ЭМЯ, ХӨСҮТ-д хүргүүлж ажилласан.
Мөн МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 02 сарын 22-ны өдрөөс эхлэн коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакциныг улсын хилээр нэвтрүүлэх, тээвэрлэх, хадгалах, түгээх болон дархлаажуулалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Энэ хугацаанд таван удаагийн татан авалтаар коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг нийт 484.4 мянган хүн тун вакциныг импортлох үед баримт бичгийн болон биет үзлэг шалгалтыг хийж, вакцин хадгалах агуулахад шилжүүлэн, вакцинжуулалтын цэгүүдэд хяналт шалгалтыг тогтмол хийж, илэрсэн дутагдлыг газар дээр нь арилгуулж, 5 албан шаардлага, 2 зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулж байна.
Монгол Улс өнөөдөр АНУ-ын Pfizer/BioNTech вакциныг хүлээх авах бөгөөд -700С хэмд тээвэрлэх, хадгалах нөхцөл, бэлэн байдлыг хангуулах чиглэлд хяналт тавин ажиллаж байна.
Дэлхий нийтээр..
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
-
Үйл явдал2021/01/20
УИХ-ын байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана
-
Дэлхий нийтээр..2023/11/16
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
-
Дэлхий нийтээр..2024/10/07
Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо
-
Үйл явдал2021/04/06
УИХ-ын байнгын болон дэд хороод өнөөдөр хуралдана





