Дэлхий нийтээр..
Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч с.Амарсайханд мэдээллээ.
Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа.

Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. Хотын захирагчийн зүгээс Синохидро болон Дарданговь комданиудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа, үүнд арга хэмжээ авч, ажлыг түргэн шуурхай явуулах шаардлагатайг дурьдлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос энэ талаар тодруулахад “Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч компанид туслан гүйцэтгэгч компанийнхаа тоог нэмж ажиллуулах шаардлагыг тавьж ажиллаж байгаа” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан “Замын ажлыг түргэн шуурхай хийж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудал дээр анхаарч ажилла. Түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгаа. Ойр ойрхон замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийгээд иргэдийг аюулгүй зорчих тал дээр маш сайн анхаар. Үүссэн нүх сүвийг нь бөглөөд аргацаагаад өнгөрч болохгүй. Түүнчлэн хайрга, дайрганы асуудал ярьж байна. Бидний зүгээс та бүхний хүсэлтийн дагуу бүхий л асуудлыг ажил эхлэхэд шийдэж өгсөн. Одоо бидний өмнө ямар нэг тайлбар тавиад зогсож байж таарахгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдэж, ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажилла” хэмээв.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/07/18
Энэ оны эхний хагас жилийн байдлаар виз олголт 57 хувиар өсжээ
-
Үйл явдал2023/01/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2019/07/19
Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар өргөтгөсөн ажлын хэсэг байгуул...
-
Дэлхий нийтээр..2025/09/23
Иргэдээс мэдээлэл төлбөртэй авна
