Тод мэдээ
Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27, 28-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 27-ноос нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 45-50 градус, өдөртөө 35-40 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн байна.
Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Тод мэдээ
Сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын авто машинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 01:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Ц /54 настай, эрэгтэй/, Н /51 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 6-ны 01:25 цагаас зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Тод мэдээ
Томуугийн вирус хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай
Улирлын томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн хүн амыг нэн тэргүүнд хамруулснаар томуугийн халдвар авахаас сэргийлэх, томуугийн шалтгаант хүндрэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Улирлын томуугийн эсрэг вакцин нь таныг томуугаас хамгаалах хамгийн найдвартай арга юм. Томуугийн вирус нь хувьсамтгай учраас жил бүр томуугийн вакцинд хамрагдах шаардлагатай.
Урьдчилан сэргийлэх:
-Сайн унтаж амрах
-Дулаан хувцаслах
-Амны хаалт хэрэглэх
-Шингэн хангалттай уух
-Гараа сайтар савандаж угаах
-Томуугийн вакцинд хамрагдах
-Өрөө, тасалгааг тогтмол агааржуулах
-Өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаарай.
Эх сурвалж: НЭМҮТ
Тод мэдээ
“Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа
ОБЕГ-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А/383 дугаар тушаалаар “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалт явуулах, үнэлэх журам”-ыг шинэчлэн батлууллаа.
Шинэчлэн боловсруулсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах үзлэг явуулах, үнэлэх журам” нь 6 бүлэг, 32 зүйл, 25 хэсэгтэй бөгөөд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг дүгнэх үзүүлэлт”-ийг хавсралтаар боловсруулсан.
Журамд шинээр бэлэн байдлын үзлэг зохион байгуулах 12 чиглэлийг өөрчлөн, үзлэг зохион байгуулагч, үзлэгт хамрагдагчийн эрх, үүргийг шинээр тусгаж, үзлэг зохион байгуулахад 100 хүртэл хувиар үнэлгээ өгч дундаж оноог гаргахаар тогтоож, оноо өгөх шалгуурыг боловсруулсан гэдгээрээ онцлог юм.
Энэхүү журам нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах улсын алба болон орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээд, сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангуулах зорилготой гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл