Дэлхий нийтээр..
Мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдэгдэл гаргалаа
Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар хамтарсан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд дурдсанаар, 2020 оны 12 дугаар сарын 09, 10 ны өдрүүдэд Монгол Улс руу, тухайлбал Үндэсний дата төв болон төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлагын талаар гадаадын сайтуудад мэдээлэл тавигдсан байна. Мэдээллийн утга нь “LuckyMouse” гэж нэрлэгдэх халдлагын бүлэг Windows үйлдлийн системийн “CVE-2017-118822” цоорхойг ашиглан халдах оролдого хийсэн тухай бөгөөд халдлага үйлдэхдээ тухайн байгууллагын ажилтнууд руу хортой код бүхий цахим шуудан илгээх, ашигладаг программ хангамжаар нь дамжуулах арга замуудыг ашигласан байна.
Энэ төрлийн халдлагын оролдлогуудыг Үндэсний дата төв 2020 оны 3 дугаар сараас хойш илрүүлэн тухай бүр зогсоох, холбогдох байгууллагад нь мэдэгдэж таслан зогсоож байсан. Энэ хүрээнд Эйблсофт ХХК 2020 оны 5 дугаар сард арга хэмжээ авч халдлага үйлдэх нөхцлийг арилгасан талаар өөрсдийн цахим хуудсаараа мөн мэдээлэл өгсөн байна.
Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон Үндэсний дата төв хариуцан ажилладаг бөгөөд төрийн мэдээллийн сүлжээнд холбогдох, ашиглах талаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрийн цахим мэдээлэл солилцох дэд бүтэц нь нэгдсэн хамгаалалтад байдаг.
Монгол Улс болон Үндэсний дата төв руу чиглэсэн зорилтот /target/ халдлага 2013 оноос эрчимжиж эхэлсэн бөгөөд холбогдох байгууллагууд тухай бүрт нь халдлагатай холбоотой арга хэмжээг авч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, таслан зогсоож байгаа болно.
Үндэсний дата төв руу сүүлийн 6 сарын хугацаанд өдөрт дунджаар 66,000,000 орчим хандалт хийгдэж байгаагаас 14,600,000 орчим нь халдлагын шинжтэй гэж бүртгэгддэг.
Цаашид цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг хангах чиглэлд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн системийн тухай, Цахим аюулгүй байдлын тухай багц хуулийн төслийг боловсруулж 2021 оны 1 дүгээр улиралд багтаан батлуулахаар төлөвлөж байна.
Цахим халдлагууд нь зөвхөн төрийн байгууллага, ажилтнуудаас гадна иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудад мөн чиглэсэн байдаг тул дараах анхан шатны алхмуудыг мөрдөж хэвшихийг зөвлөж байна.
1. Компьютер, гар утас болон бусад ухаалаг болон сүлжээний төхөөрөмжүүдийн үйлдлийн систем, хэрэглээний программ хангамж, вирусын эсрэг программуудын шинэчлэл/update-г цаг тухайд нь болон автоматаар хийж байх.
2. Хортой код, компьютерийн вирусын эсрэг программ хангамж тогтмол ашиглах.
3. Интернэтээс үл мэдэгдэх, найдваргүй эх сурвалжаас программ, тоглоом татахгүй байх.
4. Байгууллагууд өөрийн интернэт сүлжээ, цахим шуудангийн хэрэглээнд хяналт тавьж сэжигтэй үйлдэл, хортой кодоос хамгаалах арга хэмжээ авах.
5. Цахим шуудангаар ирсэн сэжигтэй мэйл түүний хавсралтыг нээхгүй байх.
6. Гэрээсээ цахимаар ажиллах үед мэдээллийн аюулгүй байдлыг сайтар анхаарч, компьютерийг гэр бүлийн гишүүдтэй хамтран ашиглахгүй байх, ашигласан үед тусдаа хэрэглэгчийн эрхээр орж байхыг тус тус зөвлөж байна.
Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
