Дэлхий нийтээр..
Засгийн газрын Гүйцэтгэх инженерийн туслах 48 орон сууцтай байжээ
Энэтхэгийн Одиша мужийн Цагдаагийн газрын авлигийн хэргийн мөрдөгчид нэгэн инженерийн туслах 48 орон сууц зэрэг 6.53 крор рупи-гээр хэмжигдэх хөрөнгөтэй байсныг илрүүлэн, лхагва гарагт баривчилжээ.
Мөрдөгчид мягмар гарагт инженерийн туслах Рабиндра Нат Прадханыг орлогынхоо эх үүсвэртэй үл дүйцэх хөрөнгийг олж авсан гэх үндэслэлээр Бхубанешвар болон бусад газрууд дахь түүний эд хөрөнгөд нэгэн зэрэг нэгжлэг хийсэн юм.
Прадханы өмчлөлд 2 ширхэг хоёр давхар байшин, 1 ширхэг нэг өрөө хувийн орон сууц, найман газар, 2 дөрвөн дугуйт, янз бүрийн банкин дахь хадгаламж, даатгалын гэрээнд оруулсан хөрөнгө оруулалт, алт, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө, ахуйн эд зүйл ч мөн байжээ. "Ингээд Бхубанешварын GPH Division-II-ийн Гүйцэтгэх инженерийн туслах Рабиндра Нат Прадхан, болон түүний гэр бүлийн гишүүдийн нийт хөрөнгийг 65,386,710 рупи гэж тооцсон болно" хэмээн Цагдаагийн газрын авлигатай тэмцэх албанаас мэдээлжээ.
Албан тушаалтны хэлснээр түүний хүү нь гурван компаний захирлаар ажилладаг гэж бүртгэгдсэн байсан ба эдгээрийн хоёр нь үл хөдлөх хөрөнгө, барилгын чиглэлээр, гурав дахь нь хүнс боловсруулалт, хадгалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн түүний хүү хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг түншлэлийн компанитай байжээ.
Прадханыг Бхубанешварын Тусгай шүүхэд хүргэсэн бөгөөд түүнийг 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл “цагдан хорьж”, батлан даалтад гарах хүсэлтэд нь татгалзсан хариу өгчээ.
Одиша хотын Цагдаагийн газрын авлигатай тэмцэх албаны ажилтан Радхакришна хэлэхдээ “Ийм их хэмжээний үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан төрийн албан хаагчтай хэзээ ч таарч байсангүй" гэжээ.
Эх сурвалж: news18.com
Дэлхий нийтээр..
Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө
2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Украинд Оросын дрон довтолгооны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.
Украины Чернигов хотод болсон шөнийн довтолгооны үеэр 16 настай хүү амиа алдаж, дөрвөн хүн шархадсан бол орон сууцны барилгууд галд өртсөнийг орон нутгийн захиргаа онцоллоо. Мөн Херсон хотод дрон тээврийн хэрэгсэлд цохилт өгсний улмаас нэг хүн нас барж, өөр нэг хүн шархадсан байна.
Украины Агаарын цэргийн хүчний мэдээлснээр Оросын тал нэг шөнийн дотор нийт 236 дрон харваснаас 203-ыг нь устгасан ч үлдсэн хэсэг нь хэд хэдэн байршилд онож, хохирол учруулжээ.
Үүний зэрэгцээ Украин хариу цохилт өгч, ОХУ-ын Таганрог хот дахь дрон үйлдвэрлэлийн үйлдвэрийг онилон цохилт өгсөн талаар цэргийн удирдлага мэдэгдэв. Уг ажиллагааны үеэр гал гарч, аж үйлдвэрийн дэд бүтцэд хохирол учирсныг албаныхан дурдлаа.
Шинжээчдийн үзэж буйгаар хоёр тал харилцан дрон ашигласан довтолгоог эрчимжүүлж буй нь дайны шинэ шатанд шилжиж буйн илрэл бөгөөд иргэний дэд бүтэц, энгийн иргэдэд учрах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн сошиал хуудсанд нийтлэхдээ АНУ-ын тэнгисийн явган цэргүүд 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Ираны далбаатай ачааны хөлгийг саатуулж, хяналтдаа авсан талаар мэдэгдэв.
Түүний мэдээлснээр уг хөлөг Ормузын хоолойд хэрэгжиж буй АНУ-ын тэнгисийн хоригийг зөрчин нэвтрэхийг оролдсон бөгөөд анхааруулгыг үл тоомсорлосны дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүч хөлгийг саатуулжээ.
АНУ-ын талын мэдээлснээр тус хөлгийг саатуулах явцад тэнгисийн цэргийн хөлөг онгоц хөдөлгүүрийн хэсэгт нь чиглэсэн гал нээсний дараа ажиллагааг зогсоож, улмаар тэнгисийн явган цэргүүд хөлөгт нэвтэрч хяналт тогтоосон байна.
Одоогийн байдлаар Ираны талаас уг үйл явдалд шууд тайлбар өгөөгүй байгаа ч зарим эх сурвалжид уг ажиллагааг буруушааж, хариу арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү үйл явдал нь дөрөвдүгээр сарын 13-наас хэрэгжиж эхэлсэн АНУ-ын тэнгисийн хоригийн хүрээнд хүч хэрэглэсэн анхны тохиолдол болж байгаа бөгөөд бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Одоогоор Ираны талаас уг үйл явдалд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
