Дэлхий нийтээр..
“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг ашигладаг боллоо
“Цахим төлбөрийн QRBARIMT” гэдэг нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримт юм.
Энэхүү баримтыг зориулалтын пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгодог болно. Тодруулбал, өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй гэх мэт олон шалтгаанаар иргэдэд ebarimt өгч чаддаггүй татвар төлөгчид ашиглах боломжтой.
Монголын татварын алба эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 19 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулсан. Ингэснээр иргэд худалдаа, үйлчилгээ хийсэн газартаа татварын албанаас байршуулсан QR кодыг Ebarimt аппликейшны камераар уншуулан ‘Ибаримт үүсгэх’ товч дээр даран хувь хүн эсвэл байгууллага дээрээ “цахим төлбөрийн QRBARIMT” үүсгэнэ. Үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг борлуулагч шалган ebarimt аппликэйшнаар /эсвэл invoice.ebarimt.mn/ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт иргэн танд автоматаар бүртгэгдэнэ.
Иргэд та бүхэн цахим төлбөрийн QRBARIMT-ыг хэрхэн ашиглах талаар заавар мэдээлэлтэй qr.ebarimt.mn сайтаар хандаж танилцаарай.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
