Дэлхий нийтээр..
Орхоны хөндийд “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолбор байгуулж, шинэ хотын ТЭЗҮ-ийг боловсруулна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймагт ажиллаж, тус аймгийн Хархорин, Уянга суманд иргэдтэй уулзалт хийлээ.

Тэрбээр:
-Монгол Улсаа сэргэн мандлын, хөгжил дэвшлийн шинэ замд гаргаж, шударга ёсыг бэхжүүлэх;
-Халамжаас бүтээмжид шилжиж, үйлдвэрлэгч орон болох;
-Сахилга хариуцлага, ёс зүйг бүх шатанд сахиулах;
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, хуулийн реформ хийх;
-Монгол Улсын иргэн бүр Нэг бодлого-Нэг санаа-Нэгдмэл эрмэлзэлтэй байх гэсэн 5 үндсэн асуудлаар УИХ, Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хэтийн зорилгын талаар танилцууллаа.

Хархорин бол аймгийнхаа хамгийн том сум. Хүн амын тоо 12.0 мянгыг давжээ. Нутгийн иргэд эртний Монголын эзэнт гүрний нийслэл байсан түүхэн нутгийн соёлын өвийг хамгаалах асуудлыг чухалчилж байлаа.
УИХ-ын даргын орон нутагт ажиллаж буй багийн бүрэлдэхүүнд орж яваа Соёлын сайд С.Чулуун Орхоны хөндийн түүх, соёлын өвийг хамгаалах ажил яамны эрхэм чухал зорилтын нэг болохыг онцлоод, “Төв Азийн түүх, соёлын голомт” цогцолборыг Орхон-Тамир, Хануй-Хүнүйн сав газарт байгуулахаар болсныг мэдээлж, соёлын өвийн хулгайтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар мөн Орхоны хөндийд шинэ хот байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулахаар шийдвэрлэснийг хэллээ.

Уянга сум хүн амынхаа тоогоор Хархорины дараа аймагтаа 2-т ордог. Нийт малын тоогоороо аймагтаа 3-т, үхрээр 1-д, адуугаар 3-т, ямаагаар 4-т, хониор 5-д ордог малын буян дэлгэрсэн нутаг юм.
-Уянга хийцийн гэр, Уянгын урлал дархан, сүү, цагаан идээ, дуу хуур гээд олон зүйлээр улстаа зартай энэ суманд ажилгүй нэг ч хүн байх ёсгүй. Сүү, цагаан идээ, айраг, сарлагийн сүүгээр хийсэн цөцгийн тос, Уянгын гэр зэрэг үйлдвэрлэлээ брэнд бүтээгдэхүүний түвшинд хөгжүүлэх боломж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ.
Тус сум бол Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн төрсөн нутаг юм. Тиймээс энэ түүхэн, бахархалт хүний дурсгалыг мөнхжүүлэх, алдаршуулах асуудалд ихээхэн ач холбогдол өгдөг аж. Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэр музейг шинэчлэн сайжруулж, үзмэрийг баяжуулах, Найман нуур чиглэлийн аялал жуулчлалын нэгэн онцлог бүтээгдэхүүн болгоход анхаарах ёстой гэдэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Соёлын сайд С.Чулуун нар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Хархорин, Уянгад болсон уулзалтын үеэр иргэд малын гаралтай түүхий эд, түүний дотор арьс, ширний боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, энэ зун тус аймаг гантай байсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул малаа отроор өвөлжүүлэх, мах экспортлоход төр, засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрт хамрагдах, цэвэр, бохирын нэгдсэн сүлжээнд холбогдох, зам, эрчим хүчийг сайжруулах зэрэг асуудлуудыг онцлон ярьж, санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тус аймгийн малчдыг Дашинчилэн, Хэрлэн-Баян-Улааны отрын бүс нутагт өвөлжүүлэх, 2.5 сая хүртэл толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дулааны аргаар бэлтгэсэн махыг экспортод гаргахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Уянга суманд болсон уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд, Дэд сайд нар Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, гэр музейг нь үзэж сонирхлоо.





Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2022/10/04
Монголбанк: Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авлаа
-
Дэлхий нийтээр..2025/09/25
АБГББХ: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах ту...
-
Хэн юу хэлэв...2022/03/10
Монголбанк рублиэр гадаад валютын нөөц бүрдүүлдэггүй..
-
Дэлхий нийтээр..2021/08/18
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавд зориулсан хүндэтгэлийн самбар бай...
