Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлгийн нээж Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл үг хэллээ.

Нийгмийн сөрөг олон үзэгдлийн учир шалтгаан болж буй архи, согтууруулах ундааны хэрэглээний асуудлыг зохист хэлбэрээр зохицуулах, үүнтэй холбоотойгоор нийгэм, эдийн засгийн чиглэлд цогц өөрчлөлт хийхээр дээрх хуулийн төслийг боловсруулж эхэлсэн гэв. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх, төсвийг нэмүүлэх асуудлыг ирэх оны төсөвт тусгуулах чиглэлээр ажиллахаар төлөвлөөд байгааг энэ үеэр дурдсан.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж буй Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, төслийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулж, тэдний саналыг авч, төсөлд тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа хэлсэн. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийгэмд гарч буй сөрөг асуудалд хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох ёстой.

Үүний зэрэгцээ тухайн хүмүүсийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бүтэц, орон тоог оновчтой зохион байгуулах, санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудал нь нэн чухал юм. Хууль эрх зүйн орчны хувьд Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай гэх зэрэг хуулийн уялдаа холбоог хангах асуудлыг нэн чухалчилж Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран ажиллаж байгаа” гэлээ. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн санаачлан боловсруулсан төсөлд архи, согтууруулах ундааг худалдан борлуулах цэгийг тодорхойлох, спиртийн агууламжаар нь ялгаварлан худалдаалах гэх зэрэг зохицуулалтуудыг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрбээр танилцуулсан.

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ, манай яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, яамдаас санал авч байгаа. Ирэх сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд нэмэлт, өөрчлөлтийн дээрх төслөө өргөн мэдүүлсний дараа Засгийн газар болон уг төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэх эсэхийг тусад нь шийдвэрлэх болно.

Хууль санаачлагч талууд хоёр төслийг нэгтгэх боломжтой гэж зөвшилцсөн тохиолдолд төслүүдийг нэгтгэн хэлэлцэх зохицуулалттай. Хууль санаачлагчдын төслийн үзэл баримтлал ижил, олон талаараа давхцаж байгаа. Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 2.2-т дэвшүүлсэн “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” зорилтын хүрээнд боловсруулж байгаа гэв.

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачлан, боловсруулж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Б.Жаргалмаа гишүүн танилцууллаа. Тогтвортой хөгжлийн зорилгын “Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих” гэсэн 3 дугаар зорилтын хүрээнд мансууруулах бодисын хэрэглээ болон архины хортой хэрэглээг бууруулах; 2020 он гэхэд зам тээврийн ослын шалтгаант гэмтэл, нас баралтын тоог тал хувиар бууруулах дэд зорилтуудыг дэвшүүлсэн. Дэлхий даяар 2016 онд нийт хүн амын талаас илүү хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд архи уугаагүй бол 2.3 тэрбум хүн архийг тогтмол хэрэглэдэг байна. Нэг хүнд ногдох архины хэрэглээ 6.4 литр байна. Архины хортой хэрэглээ 3 сая хүний (нас баралтын 5.3%) нас баралтын шалтгаан болдог тоо баримт байна.

Манай улсад спиртын 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад үйлдвэрийн тооны хувьд буурсан үзүүлэлт. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2011 онд 10.6 литр, 2015 онд 7.2 литр байсан бол 2019 онд 8.5 литр, шар айрагны хэмжээ 2011 онд 28.1 литр, 2015 онд 25.3 литр байсан бол 2019 онд 28.8 литр болж манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигджээ. Дээрх тооноос харахад үйлдвэрийн тоо буурсан ч архи, согтууруулах ундааны хэрэглээ төдийлөн буураагүй байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд тус хууль өнөөг хүртэл 20 жил гаруй хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхдөө 8 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан хэдий ч, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаагаас харахад тус хуулийн зохицуулалт нь бодит байдалтай нийцээгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон, зайлшгүй зохицуулах ёстой харилцааг хамарч зохицуулаагүй гэх үндэслэлтэй талаар дурдсан байна.

Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог байна.

Үүнээс гадна архины хэрэглээний талаарх хандлагыг тодорхойлох судалгаанаас харахад 15-24 насны хүүхэд залуучуудын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хариулж, 40.0 хувь нь монголчууд архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэй санал бүрэн нийлж, 52.0 хувь санал нийлж байна гэжээ. Энэхүү хандлага эрэгтэй, эмэгтэй, аль ч насны хүмүүст ижил байгаа нь ерөнхийдөө ихэнх хүмүүс Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг хүлээн зөвшөөрч байгаа нь илэрхий, уг асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор харагдаж байгаа бөгөөд архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр олон нийтийг архидан согтуурахад хүргэж байгаа орчин, нөхцөл, боломжийг багасгах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаатай холбоотой хууль, тогтоомжид дурдагддаг ч тайлбарлагдаагүй нэр томъёог тодорхойлох, согтууруулах ундааны хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, хяналтыг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг, шаардлагыг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээний нэгжийн нормативыг тогтоох зэрэг зохицуулалтыг оруулахаар төсөл санаачлан боловсруулж байгаа гэв.

Дараа нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон хуулийн төслийн тухай” сэдэвт илтгэл танилцууллаа. Сэдвийн хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар танилцуулж байв. 4 хүний 1 нь амьдралынхаа хугацаанд ямар нэг сэтгэцийн эмгэгт нэрвэгддэг бол хөдөлмөрийн чадвар алдагдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байдаг байна.

Манай улсын хувьд 1984-1992 оны судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг  40 дахин  нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-нд сэтгэл түгшилт, нойргүйдэл, архаг ядаргаа, биеийн хэлбэрийн эмгэг, архинд донтох эмгэг, сэтгэл гутрал хэмээн эрэмбэлэгдсэн байна. Архинд донтох эмгэгээр эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 13 дахин их, гэр бүл салсан байх нь гэр бүлтэй хүнээсээ 3 дахин их өртдөг гэжээ. Судлаач Л.Насанжаргалын (2019) Улаанбаатар хотын хүн амын дунд архинд донтох эмгэгт хүргэж буй эрсдэлт хүчин зүйлийг судалсан судалгаагаар 19-64 насны оролцогчдын дундаж нас 42.39±10.70, эрэгтэй 91.1 хувь, эмэгтэй 8.9 хувь байв. Ажил эрхлэлтийн байдлыг судлан үзэхэд 33.2 хувь нь ажилчин-албан хаагчид, 29.28 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 23.9 хувь нь ажилгүй, 7.5 хувь нь группт, 6.1 хувь нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгосон байжээ.

Доктор, профессор Л.Насанцэнгэл үргэлжлүүлэн архинаас шалтгаалсан өвчин эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүтэц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулаад, төгсгөлд нь цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналаа танилцуулсан. Тухайлбал, архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, нийлүүлэлт, хүртээмжийг хязгаарлах, бууруулах үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т  дэвшүүлсэн зорилгодоо хүрэх; Согтууруулах ундаатай тэмцэх бодлого болон хэрэгжилт дэлхий дахинд сайжирч байгаа боловч архины хамааралтай хүмүүсийг хамгаалах арга хэмжээ хангалтгүй байна.

Иймд эрүүл мэндийн болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах  төсвийг  нэмэгдүүлэх замаар архинд донтох эмгэгийн эрт илрүүлэг, эмчилгээний үр дүн, хүртээмжийг сайжруулах; Онцгой албан татвар, үнийн бодлогоор дамжуулан архи, согтууруулах ундааны үнийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг саналыг гаргасан байна. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хүрч буй согтууруулах ундаа, дарс, шар айрагны зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглох эсвэл хязгаарлах үйл ажиллагааг эрчимжүүлэх; Салбар дундын хамтын ажиллагаа болон төрийн, төрийн бус байгууллагын түншлэлийг бодлогоор дэмжих; Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх соёл, амралтын төвүүдийг байгуулах, залуучууд руу чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих зэрэг саналуудыг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүдийн боловсруулж буй төсөлд тусгуулах саналуудаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, хуулийн төсөлд тусгуулах санал” илтгэл танилцуулав. Тэрбээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар эхлээд мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд 2020 оны эхний 8 сард нийт 18000 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5120 хэрэг буюу 22.1 хувиар буурчээ. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн. Нийт гэмт хэргийн 16.2 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.2 нэгжээр өсчээ. Архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй адил түвшинд байгаа аж. Энэ оны эхний 8 сарын байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөлд цагдаагийн байгууллагаас дараах саналуудыг тусгуулахаар ажиллаж байгаа гэв. Тухайлбал, архины үйлдвэрлэл, импортоор оруулж ирж буй архи, согтууруулах ундааны тоо хэмжээ, савлагааны хэмжээг бууруулах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоог тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нягтаршил, эрүүл мэнд, соёл, боловсролын  байгууллага, хүүхэд, залуучуудын хөгжлийн болон орон сууц, нийтийн байрны байршилтай уялдуулан бууруулах саналыг гаргасан гэв. Мөн үйлдвэрлсэн, импортоор оруулсан согтууруулах ундааны литр тутамд худалдан борлуулж буй зах зээлийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний орлогыг Архидан согтуурахтай тэмцэх санд төвлөрүүлж, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах нь зүйтэй гэдэг саналыг цагдаагийн байгууллагаас гаргасан байна. Мөн архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах; согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд хямдрал урамшуулал зарлах, хөнгөлөлттэй үнэ, нөхцөлөөр худалдан борлуулах, үйлчлэхийг хориглох; уламжлалт зан заншил, архины зохисгүй хэрэглээ, түүний хор уршгийн талаар иргэд, олон нийтэд ухуулан таниулах, нийгэмд архинаас татгалзах эерэг хандлагыг төлөвшүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх; 21 насанд хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн ажилтан нь согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгадаг байх зохицуулалтыг төсөлд тусгуулах саналтай байгаа аж.

Дараа нь доктор С.Өнөрсайхан “Архи, согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдал” сэдэвт илтгэл танилцуулаад, Зар сурталчилгааны тухай хуулийн 5.1, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3 заалтуудыг баримтлан хэрэглэгчдийн төлөөх газар, олон нийтэд мэдээлж байх, орон нутгийн цагаар 22:00-06:00 цаг хүртэл согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарлах, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэх зэрэг саналыг төсөлд тусгуулах саналтай байгаагаа танилцуулсан юм. Доктор С.Өнөрсайханыг илтгэлээ танилцуулсны дараа “Нийгмийн аюулгүй байдалд архидан согтууралтын нөлөө, бууруулах арга зам” сэдэвт илтгэлийг Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Цогтсугар танилцууллаа. Тэрбээр судалгаа, туршлага, нотолгоонд суурилсан эмийн бус үйлчилгээг дэлгэрүүлэх “Монгол зүрх” төслийнхөө талаар танилцуулсан.

Ийнхүү хуулийн төслийн танилцуулга, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллагын илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогчид үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ

Огноо:

,

Галлагааны улирал эхэлж буйтай холбоотойгоор шахмал түлш, хагас коксон шамхал түлш болон хийн түлш, дулаалгын талаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 400 орчим цэгт шахмал түлш борлуулж эхэлсэн. Харин аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлш болон хагас коксон түлшийг хамтад нь борлуулж эхлэх бөгөөд иргэд өөрсдийн сонголтоор худалдан авах боломжтой. Ингэснээр иргэд харьцуулж хэрэглэн, дүгнэлтээ хийх боломжийг олгож байна. Энэ жилийн тухайд иргэд туршилтын гурван сарын хугацаанд “HOTULA” аппликейшн болон “Сайн” карт ашиглан түлш худалдан авна. “HOTULA” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн “Сайн” картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм. Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбож дуусгах бөгөөд угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авна. 

Мөн энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулах тооцоо гараад байна. Үүнээс гадна Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлнэ. Эдгээр хийн түлшний хэрэглээнд шилжиж буй 5000 өрх нь 22 цэгт хийн түлшээ цэнэглүүлэх байдлаар ашиглана. Аюулгүй байдал болон чанарын хүрээнд дэлхийн брэндүүд болох “Haier”, “Hisense” компаниудтай хамтран хийн түлшний инженерчлэлийг шийдэж байна. Ирэх жилд 50 мянган өрх, дараагийн жилд нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөгөөг гаргаад байна” гэлээ. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийж байгаа бөгөөд 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэх юм. НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэл, дүүрэг, хороодын албан хаагчид болон цагдаа, онцгой байдлын албан хаагчид хийн түлшний аюулгүй ашиглалтын сургалтыг явуулна. Хийн түлшийг сурталчлах, хэрэглээнд нэвтрүүлэх үүднээс галлагааны улирлын есөн сарын хугацаанд 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгох зэрэг төлөвлөлт хийгдэх аж. 

Мөн хагас коксон нүүрсний үйлдвэр байгуулах судалгааны ажил үргэлжилж байгаа бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 14-16 сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжтой гэв. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд иргэдийн түлшний хэрэглээг багасгасны дараа хагас коксон түлшийг дулааны болон цахилгаан станцууд ашиглах юм. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн.

Тус хотод 150 мянган хүн оршин суух бөгөөд 80 мянган ажлын байр бий болно гэж тооцоолж буй.

Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргаа болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна. 

Хүннү хотын дэд бүтцийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар дараах байдлаар үргэлжилж байна. Тодруулбал, 

  • Цахилгаан хангамжийн ажил 86 хувь;
  • Ус хангамжийн ажил 80 хувь;
  • Үерийн хамгаалалтын сувгийн ажил 75 хувь;
  • Мэдээлэл холбооны сүлжээний ажил 65 хувь;
  • Ариутгах татуургын ажил 10 хувь;
  • Дулаан хангамжийн ажил 10 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 95 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 969 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 941 хэрэг шалгагдаж байна.

Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн 3 хэрэгт нийт 13 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хураан авлаа гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ15 цаг 53 минут

А.Амартүвшин: 2026 онд 50 мянган өрх, 2027 онд 65 мянган өрхийг хийн...

Тод мэдээ15 цаг 58 минут

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

Тод мэдээ16 цагын өмнө

АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 941 хэрэг шалгагдаж байна

Тод мэдээ16 цаг 5 минут

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-н...

Тод мэдээ16 цаг 7 минут

Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу,...

Тод мэдээ16 цаг 11 минут

Дархан-Уул аймаг үр тариагаа хурааж эхэлжээ

Тод мэдээ16 цаг 15 минут

Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг улсын арслан Э...

Тод мэдээ16 цаг 19 минут

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Өнөөдөр16 цаг 23 минут

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Тод мэдээ2025/09/17

Олон улсын эрдэмтэн, судлаачид тарваган тахлын эсрэг хэрэгжүүлэх гар...

Тод мэдээ2025/09/17

Өнөөдрөөс хуучин хязгаарлалтын дагуу тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд ...

Тод мэдээ2025/09/17

Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан ...

Тод мэдээ2025/09/17

BRT төслийн хүрээнд автобусны буудал орчмын нөлөөлөлд өртсөн инженер...

Тод мэдээ2025/09/17

АТГ: Авлигын эсрэг сургалтад 449 албан тушаалтныг хамруулав

Өнөөдөр2025/09/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/09/17

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Тод мэдээ2025/09/15

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай ...

Тод мэдээ2025/09/15

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ...

Тод мэдээ2025/09/15

ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ ...

Тод мэдээ2025/09/15

ABU PRIZE 2025:Телевизийн салбарын шилдэг бүтээлүүдийн эзэд тодорлоо...

Тод мэдээ2025/09/15

УИХ: 2025 оны намрын ээлжит чуулганы нээлт болно

Тод мэдээ2025/09/15

Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр2025/09/15

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/09/15

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Тод мэдээ2025/09/12

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Тод мэдээ2025/09/12

ABU GENERAL ASSEMBLY 2025: ABU-гийн нэрэмжит “Шилдэг инженер-2025

Тод мэдээ2025/09/12

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ

Тод мэдээ2025/09/12

Маргааш болох "Автомашингүй өдөр"-өөр 43 чиглэлийн нийтийн тээврийн ...

Тод мэдээ2025/09/12

Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа

Тод мэдээ2025/09/12

Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад...

Санал болгох