Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн авлигын эсрэг тэмцлийн ач холбогдол
АНУ-д 1865-1941 оны хооронд явуулсан авлигын эсрэг шинэчлэлтийн асуудлаар шүүгч Мариано-Флорентино Куэллартай хамтран бэлтгэсэн мэдээллийн талаар өнгөрсөн долоо хоногт нийтэлжээ.
Уг нийтлэлд дэвшүүлсэн гол санааны нэг бол АНУ-д хэрэгжүүлсэн авлигын эсрэг шинэчлэлийн үйл явц урт хугацаанд аажмаар хэрэгжсэн бөгөөд бүхий л талуудыг оролцуулсан үйл явц байсан гэдгийг тодорхойлсон юм.
Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн удирдагчдын нэг нь яахын аргагүй Ерөнхийлөгч Теодор Рузвельт юм. Ерөнхийлөгч Теодор Рузвельт нь шийдвэр гаргалтын хувьд төвөгтэй хүн байсан боловч авлигатай тэмцэх шинэчлэлтэд чухал удирдагч байсан.
9 дүгээр сарын 14-нд Теодор Рузвельт ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоны 119 жилийн ой тохиож байгаа тул авлигын эсрэг түүний хэлсэн зарим үгсийг хуваалцъя. 1903 оны 12-р сард Конгресст хандан хэлсэн эдгээр үгсийн доторх агуулга нь хээл хахуульд холбогдон эх орноосоо оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөх тухай асуудал байсан юм. Гэхдээ Ерөнхийлөгч Теодор Рузвельтийн хэлсэн үг яриа нь орчин үеийн авлигатай тэмцэх албан тушаалтны үйлдэлтэй холбогдож болохоор байна.
Хээл хахуулиас илүү ноцтой гэмт хэрэг гэж үгүй. Бусад гэмт хэрэг нэг л хуулийг зөрчиж байхад, авлигын гэмт хэрэг нь бүх хуулийн тулгуур зарчимд харшилдаг. Манай улсын засаглалын бүх эрх мэдэл ард түмэнд байдаг бөгөөд тэднийг албан ёсоор төлөөлж буй хүмүүсээр дамжуулан хэрэгжүүлдэг. Гэтэл эдгээр хүмүүс нь өөртөө давуу байдал үүсгэх, хөрөнгөжих сонирхлын үүднээс ард түмний хүлээлгэсэн итгэлийг алдаж байгаа нь хүнд гэмт хэрэгт тооцогдох бөгөөд мөн хээл хахууль өгч буй этгээдүүдийн гэм бурууг хөнгөрүүлж үзэх боломжгүй юм. Хулгайч нь хувь хүнийг дээрэмддэг бол авлигач нь бүхэл бүтэн хот, улсыг дээрэмддэг учир тэд бол хулгайчдаас дор юм. Авлигач бол алуурчинтай адил. Алуурчин ихэнхдээ нэг хүний амь насыг хөнөөсөн байдаг бол авлигач нь улс орны эсрэг аллага хийдэг. Засгийн газар, ард түмэн бүгд хахуулийг хүлээн зөвшөөрвөл хүн төрөлхтөн үгүй болгох болно. Хээл хахууль өгч байгаа, авч байгаа бүх хүн гутамшигтай. Төрийн байгууллагын авлигыг илчилж, шийтгэх нь үндэстний нэр төрийн хэрэг болохоос гутамшиг биш юм. Ичгүүртэй байдал нь залруулгад биш тэвчихэд оршдог. Хэрэв бид авлигыг таслан зогсоохын тулд бүх зүйлээ дайчилж чадахгүй бол бид гэм буруугийнхаа төлөө хариуцлагаас мултарч чадахгүй. Амжилттай засаглалын анхны шаардлага бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигыг таслан зогсоох явдал юм.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






