Хэн юу хэлэв...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт баруун бүсийн аймгуудад үргэлжилж байна. Төрийн тэргүүн /2020.09.18/ Завхан аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ алслагдмал бүсийн аймгуудын дэд бүтцийн асуудлыг онцоллоо. Тэрбээр дэд бүтцийн хөгжил болон аялал жуулчлалын уялдаа холбооны талаар байр сууриа илэрхийлж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд төрийн бодлого онцгой үүрэг гүйцэтгэдэг гэлээ.
Ингээд иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв.
Завхан аймгийн Улиастай сумын иргэн Дамдинсүрэн:

“…Монгол хүн гэдэг бол агуу их ухаантай, монгол өв соёл, уламжлалын агуу түүхтэй. Монгол өв соёл, түүх, ёс уламжлал маань гээгдсэнээс болоод өнөөдрийн энэ нийгмийн саар асуудлууд гарч байна гэж бодож байна. Өнөөдөр гэхэд хэдхэн хүн төр, засгийн эрхэнд гарчихаад хүнийг хайрлахгүй болсон нь монгол ёс, заншлаа гээснийх байх. Бид монгол ухаанаар ирээдүйг нэгтгэмээр байна. Монгол их өв соёлоор хүүхдийг сурган хүмүүжүүлэх, ялангуяа боловсролын салбарт шингээж өгч, монгол ухаантай, сэтгэлийн их шуналгүй, боловсролтой хүмүүсийг багаас нь бэлтгэмээр байна. Боловсрол гэдгийг дэлхий нийт, монгол ухаанд их өргөн цар хүрээгээр харж байсан. Өнөөдөр Монголд мэдлэг чадвартай хүмүүс байгаад байдаг, харин боловсролтой хүмүүс хомс болоод байна шүү. Энийг Та анхаарч үзээрэй.
Хоёрдугаарт, Монгол Улс бол агуу уудам нутагтай сайхан эх орон. Бидний өвөг дээдэс “бурхан гуйсан ч бүү өг” гэж бидэнд захисан. Үүний төлөө үе үеэрээ яаж тэмцэж ирснийг бид түүхээс, киноноос хараад нулимс унаган үзэж суудаг. Тэгэхээр уул уурхайг хөгжүүлж, газраа ухаад бидэнд ямар ашиг ирсэн юм бэ? Монголын гуравхан сая хүнийг хангалттай тэжээх хөрөнгө ганцхан уурхайгаас гарч ирж байгаа шүү дээ. Гэтэл хэд хэдэн уурхайгаар зогсохгүй дахин дахин ухаад байгаа энэ уул уурхайн лицензүүдийг бүгдийг нь цуцалж өгөөч ээ.”
Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн Д.Цацрал:

“…Би сумандаа жижиг оёдлын цех ажиллуулдаг. Манай суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн ажилчдын хувцсыг хийж, ажлынхаа 60-70 хувийг бүрдүүлдэг. Ер нь алслагдсан орон нутагт үйлдвэрлэл, үйлчилгээг явуулахад маш хүндрэлтэй байдаг. Үүнд төр засгийн бодлого маш их хэрэгтэй байна. Арьс шир үнэгүйдлээ гээд малчид ярьдаг. Энийг боловсруулах ажиллах хүчнийг МСҮТ-д мэргэжлийн ангийг нь нээгээд бэлдээд өгөөч. МСҮТ-д бэлтгэгдсэн ажиллах хүчнийг ажлын байраар хангаад явж байгаа аж ахуйн нэгжүүдээ хөл дээрээ зогсох эхний хоёр, гурван жилд нь төр засаг нь хамтраад дэмжээд өгвөл боломж байна гэж хардаг.”
Завхан аймгийн Улиастай сумын өндөр настан Банзрагч:

“…Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үнэгүйдлээ гээд байгаа. Арьс шир нь үнэгүй болохоос мах нь үнэтэй байгаа шүү дээ. Махыг гадаадад экспортлоход л үнэтэй байлгана гэхээс ард түмэндээ үнэтэй байна гэдэг буруу. Арьс шир хаягдаж байгаа нь үнэн. Тэр тал дээр юм бодох хэрэгтэй.
Дараагийн нэг асуудал бол даралтны эм. Даралтны эмийг авах гэдэг картын бараанд очерлож байсан шиг хэмжээний асуудал болсон байгаа. Эмийг хүн зүгээр авч уухгүй, хүнд зарахгүй шүү дээ. Эмээ дуртай үедээ очоод, хөнгөлөлттэй авч байвал яадаг юм бэ? Ер нь ажил яригдаад байгаа мөртлөө биелдэггүй асуудал байдаг шүү.”
“Монголын экспорт импортыг дэмжих үндэсний төв”-ийн захирал Л.Саранцэцэг:

“…Завхан аймгийн хувьд хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавиад, тэр хүрээнд 24 сумандаа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд аймгийн 24 сумандаа тоног төхөөрөмж үнэгүй өгсөн юм.
Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Дээрээс нь тоног төхөөрөмжийг өгч, маш их хэмжээний төсөв хөрөнгийг зарцуулдаг хэрнээ зөвлөх үйлчилгээ ерөөсөө оруулж өгдөггүй. Тухайн иргэнд бизнес эрхлэх тухай болон тухайн бүтээгдэхүүнээ борлуулах арга замыг нь зааж өгөөгүй тохиолдолд тэр үйлдвэрлэл хөгжихөд маш хүндрэлтэй. Харин манай байгууллага зөвлөх үйлчилгээг үзүүлснээр есөн сарын хугацаанд эцсийн бүтээгдэхүүнээ гаргасан. Хог дээр гарсан гээд байгаа түүхий эд болох нэхийг боловсруулаад, нэхий жилетка, мешок, хүүхдийн өлгий зэрэг бүтээгдэхүүнийг гаргаж, үзэсгэлэн худалдаагаар борлуулж, анхныхаа борлуулалтыг авчихсан. Үүнд манай байгууллага үнэхээр баяртай байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоод хэрэгжүүлээч гэсэн хүсэлтийг тавих гэсэн юм.”
Завхан аймгийн Улиастай сумын иргэн Т.Болдбаяр:

“…Манай аймаг дулааны цахилгаан станц байхгүй аймгуудын нэг. Нэн түрүүнд дулааны цахилгаан станц хэрэгтэй байна. Дулааны цахилгаан станцтай болбол үйлдвэр барих мөнгөтэй залуучууд манай аймагт байна. Үйлдвэрт нэн түрүүнд дулаан, ус нь хэрэгтэй байдаг.
Мөн манай ногоочдод нэг асуудал байна. Усалгааны суваг нь 1970-аад оных, цөөхөн га газрыг усалдаг шуудуутай. Үүнийг даруйхан томсгомоор байх юм. Шийдээд өгчихвөл ногоочид маань улаан сармис болон бусад төрлийн ногоо тарина. Мөн ногоочдын цахилгааныг нь татаад өгдөг бол тэндээ ногоогоо арчилж, хамгаалахад нь их тустай байхаар байна.”
Завхан аймгийн Ургамал сумын малчин Баярсайхан:

“…Миний сэтгэлдээ хамгийн эмзэглэж явдаг нэг асуудал байна. Төр засаг өөрчлөгддөг. Ардчилсан нийгэмтэй болсон цагаас хойш өмнөх төр засгийн үед явж байсан бодлогыг бүр үгүйсгэж хаяад, дахин шинээр байгуулах, юм хийх гэж өчнөөн цаг хугацаа үрэгддэг байдал бий болсон. Тэгээд малчид, ард иргэд бид хор уршгийг нь амсаж байна.
Малын бодлого өмнө нь маш зөв явж байсан шүү дээ. Одоо малын бодлого алдагдсанаас болж, үүний сөрөг нөлөөгөөр бэлчээрийн даац хүрэхгүй байна. Малчид орлогогүй болж байна. Малчид цөөрч байна. Энэнээс залуучууд шантарч байна. Залуу малчин бэлдэх асуудал дээр төрийн бодлого, зохицуулалт байхгүй бол арай болмооргүй байна аа.”
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, тухайлсан асуудлуудаар байр сууриа илэрхийллээ.




Хэн юу хэлэв...
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
Үнэ тогтворжуулах бодлого, ипотекийн зээл зэрэгтэй холбоотойгоор Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн талаар тус банкны Ерөнхийлөгч С.Наранцогт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүдтэй уулзах үеэр мэдээллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, О.Батнайрамдал, Р.Батболд нар 2026 оны есдүгээр сарын 29-нд Монголбанканд ажиллаж, төв банкны үйл ажиллагаатай танилцсан байна.

Уулзалтын үеэр С.Наранцогт “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг танилцуулж, гишүүдтэй санал солилцов. Тэрбээр төслийг сүүлийн 15 жилийн сургамжид үндэслэн, тухайн жилийн онцлогт нийцүүлж, хэмжигдэхүйц, үр дүнд суурилсан байдлаар боловсруулсныг онцолжээ. Хуульд заасан хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэх уг төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авсан байна.

Мөн тогтолцооны суурь шинэчлэл хийх шаардлагатайг дурдаж, төв банкны эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламентын дэмжлэг хэрэгтэй байгааг илэрхийлэв. Монголбанк анх удаа дунд хугацааны стратеги баталж, үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төв банкны засаглалыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхээр зорьж буйг танилцуулжээ.
Байнгын хорооны дарга Б.Заяабал Валютын зохицуулалтын тухай хууль болон уулзалтаар хөндсөн, хэрэгжилт хангалтгүй эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд ажлын хэсэг байгуулах асуудлыг хөндөв.
Гишүүдийн зүгээс ипотекийн зээлийн хөтөлбөрийн харьяалал, ногоон зээл, төв банкны санхүүгийн нөхцөл байдлын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Б.Мөнхсоёл ипотекийн зээлийн хөтөлбөрийг өөр байгууллагад шилжүүлэх асуудал олон жил яригдсан ч шийдэгдээгүйг дурдсан бол Г.Лувсанжамц үр дүнд суурилсан төсөл боловсруулсныг сайшааж, ногоон зээлд цахилгаан автомашин хамруулах нь зохистой эсэхийг тодруулав.
О.Батнайрамдал Оюутолгойн асуудлаар Монголбанканд өгсөн чиглэлийг хэрэгжүүлэхийг сануулж, Ж.Золжаргал эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд улс төрийн шийдэл шаардлагатай болсон талаар байр сууриа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав.
Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ.
Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн дэвшүүлсэн “НҮБ-80” санаачилгыг Монгол Улс талархан дэмжиж буйг нотлов.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэрэгжүүлж буй санаачилга, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буйг онцолж, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Хүн төрөлхтний түүхэнд хосгүй үүрэг гүйцэтгэсэн Их эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсын НҮБ болон олон талт хамтын ажиллагаанд оруулж ирсэн хувь нэмэр, үр нөлөөг Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өндөр үнэллээ.
Мөн бүс нутаг болон олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцолж, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхээ илэрхийлэв.
Монгол Улс НҮБ-ын хүрээнд олон чухал санал, санаачилга дэвшүүлэхийн зэрэгцээ олон улсын хурлуудыг эх орондоо зохион байгуулж, энхийг сахиулах ажиллагаанд манлайлан, даян дэлхийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улс, НҮБ-ын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 онд манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Энэ айлчлал Монгол Улс нутаг дэвсгэрээ “цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Улаанбаатар хотноо НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг дэмжихээ илэрхийлсэн юм.
Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элссэний 65 жилийн ой ирэх сард тохионо.

Гишүүн болсон нь манай улсыг тусгаар тогтносон, энхийг эрхэмлэгч улс болохыг нийтээр хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болсны зэрэгцээ гадаад бодлогын хөгжлийн шинэ үе шатны эхлэл болж, дэлхийн тавцанд бие даасан тоглогч болохоо харуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий болгосон түүхтэй.
Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар 90 гаруй тогтоол санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан байна.
Өдгөө:
-
“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”,
-
“Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”,
-
“Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг”,
-
“Бичиг үсгийн боловсролын тухай”,
-
“Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг хоёр жил тутам хэлэлцүүлэн батлуулдаг.
Мөн “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”, “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай”, “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулжээ.
Хэн юу хэлэв...
“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Багануур дүүргийн Д.Нацагдоржийн талбайд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, Засгийн газрын бодлого, шийдвэрээ танилцууллаа.
Багануур дүүргийн оршин суугчид нийгмийн хамгааллын асуудлыг, тухайлбал, дүүргийн хэмжээнд түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах боломж нээж өгөх, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэх, дүүргийн хүүхдийн зуслангийн засвар шинэчлэл, нүүрсээр галлаж буй сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг хөндөж байлаа.

Мөн Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгох тухай, дүүрэгт “Ногоон өртөө” байгуулах, энэ чиглэлд хувийн хэвшилтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар асууж хариулт авлаа. Үүнээс гадна, гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо Засгийн газар тууштай хэрэгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлага байгааг илэрхийлэв.
Ерөнхий сайд 2026 оны улсын төсвийн тодотгол батлагдвал, 11 дүгээр сарын 01-нээс тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсөө нэмнэ. Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, цаг уур, соёл, спортын зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин 50 хувь нэмэгдэнэ. Санхүүжилтийг нь төрийн өмчит компаниудын ногдол ашиг 1.6 их наяд төгрөгөөс зарцуулна. Мөн мах, гурилын үнээ тогтворжуулах хүрээнд стратегийн нөөцөө бүрдүүлнэ. 20,000 тонн мах, 100,000 тонн улаанбуудай, 12,000 мянган тонн төмс, хүнсний ногоо нөөцөлнө. Энэ хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцүүлж байгааг онцлов.

Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгоно, Нүүрс-пиролизын үйлдвэрийг ашиглалтад оруулна. Дүүргийн хоёр сургуулийг “Ногоон сургууль” болгоно. Орон сууцжуулалтын бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. 16,000 айл ипотекийн зээлд хамрагдана. Үүнээс төрд байгаа 4,000 орон сууцны урьдчилгаа төлбөр нь 15 хувь байна. Ирэх жил барилгын салбарт 500 сая ам.долларын санхүүжилт босгоно. Багануурт шинэ орон сууц барих сонирхолтой ААН-ийг дэмжинэ.

Том төслүүдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр явуулна. Төсвөөс мөнгө гаргаж шийдэхгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр барих үйл ажиллагааг Ерөнхий сайд хяналтдаа авсан. Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг Дотоодын цэргийн хамгаалалтад авах гэж байгааг хэллээ. Мөн Ерөнхий сайд шударга зарчимтай, нээлттэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Багануур дүүргийн иргэд улсын төсөв хэлэлцэж буй үеэр иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож буй Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлж байлаа.




-
Дэлхий нийтээр..2024/08/05
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав
-
Дэлхий нийтээр..2022/08/26
БНХАУ-ын Их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд
-
Үйл явдал2019/12/06
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс...
-
Дэлхий нийтээр..2021/03/18
Зөвлөмж
