Үйл явдал
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 08 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 хэм дулаан байна.
2020 оны 8 дугаар сарын 07-ноос 8 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Үйл явдал
Швейцарт хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын хоёр ховор бичвэрийг эх оронд нь буцаана
Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах хоёр ховор бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Эдгээр үнэт эх сурвалжийг буцаахад Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц чухал хувь нэмэр оруулсан байна. Тэрээр Монгол судлалын чиглэлээр олон жил судалгаа хийж, эх бичвэрүүдийн гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжжээ.
Буцаан шилжүүлсэн эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Төвөдийн их бясалгагч, яруу найрагч Миларайба-ын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм. Энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх лам Түмэдийн ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 оны орчимд орчуулагдсан байх магадлалтай байна. Энэ эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн монгол бичгээрх Гэсэрийн тууль-ын ховор эх юм. Уг хэвлэл нь туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад өндөр үнэ цэнтэй эх сурвалжид тооцогдож байна.
Эдгээр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнст-ийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан аж. Олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байгаа нь Монголын бичгийн болон соёлын өвийг хамгаалах, судлах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой үйл явдал боллоо.
Мөн энэ нь Монгол, Швейцар Улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг албаныхан онцолсон байна.
Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцууллаа.
Үүнд:
- Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад,
- Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад,
- Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад,
- Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
- Батмөнхийн Батцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад,
- Загджавын Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад,
- Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад,
- Гонгорын Дамдиннямыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад,
- Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад,
- Цэндийн Сандаг-Очирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад,
- Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад,
- Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад,
- Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад,
- Жуковын Алдаржавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад,
- Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад,
- Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
- Чинбатын Номинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад,
- Бадрахын Найдалааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдад,
- Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн байна.
Үйл явдал
Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон санал асуулгын байгууллагуудын хамтран 2026 оны гуравдугаар сарын 26-30-ны хооронд явуулсан судалгаагаар америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэх хандлага нэмэгдсэн дүн гарчээ.
Судалгааг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний хооронд явуулсан өмнөх санал асуулгатай харьцуулахад эсэргүүцлийн түвшин мэдэгдэхүйц өссөн байна.
Судалгааны дүнгээр:
- Америкчуудын 66 хувь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэжээ
- Үүнээс 43 хувь нь хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн
- Энэ үзүүлэлт өмнөх судалгаанаас 12 хувиар өссөн
Мөн:
- Судалгаанд оролцогчдын 67 хувь АНУ-ын засгийн газар Ираны асуудлаар тодорхой төлөвлөгөөгүй гэж үзжээ
- 71 хувь Иранд цэргийн ажиллагааг өргөжүүлэхэд 200 тэрбум ам.долларын төсөв батлахыг эсэргүүцсэн
- 68 хувь Иранд хуурай замын цэрэг илгээхийг дэмжээгүй
Судалгааны дүнгээс америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг өргөжүүлэх талаар эргэлзээ нэмэгдэж, цэргийн оролцоог дэмжих хандлага буурч байгааг харуулж байна.
Ажиглагчдын үзэж буйгаар Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед АНУ-ын дотоодод олон нийтийн байр суурь илүү болгоомжтой болж байгааг энэхүү судалгаа илтгэж байна.
-
Дэлхий нийтээр..2024/04/03
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллийг х...
-
Үйл явдал2020/05/27
Б.Анура: “Монгол газар” компани байгаль орчинд 53.9 тэрбум төгрөгийн...
-
Тод зураг2019/07/18
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2023/03/16
Катар Улсын Доха хотноо “Welcome тo Mongolia” арга хэмжээг зохион ба...
