Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 33 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг, нутгийн зүүн хагаст аагим халуун болохыг анхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 18-23 хэм, говийн бүс нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 31-33 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Үйл явдал
Зарим гол, мөрний усны төвшин 10-25 см-ээр нэмэгдсэн байна
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Увс нуурын савын Чигж, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Улз, Алтай нуруунаас эхтэй Чигэртэй, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10–25 см-ээр нэмэгдсэн байна. Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см буурсан хэдий ч үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна.
Өнөөдөр /06 дугаар сарын 02/ Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Үйл явдал
Эйч эс эйч эс ХХК, Атилла гоулд ххк, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсооло
Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эйч эс Эйч эс ХХК, Атилла гоулд ХХК, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо.
Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
- Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
- Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
- Хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
- Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан;
- Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.
Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Үйл явдал
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж байна.
Үүнд
- Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
- Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
- Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
- Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
- Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
- Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

